Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалан: Тав, зургаадугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орох магадлал өндөр

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг агаарын нөхцөл байдлын талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урт хугацааны прогнозын ерөнхий инженер Б.Жаргалан дараах анхааруулга, мэдээллийг хүргэлээ. 

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-50 сантиметр хүртэл нимгэрсэн тул мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй, гол мөсийг гатлахгүй байхыг тэрбээр анхааруулав. 

"Цас хайлж урсахдаа малын сэг зэмтэй холилдох, улмаар халдварт өвчин тархах эрсдэлтэй"

Мөн "Гуравдугаар сарын дунд 10 хоногт нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байсан. Харин одоогийн байдлаар нийт нутгийн 38 хувь нь цасан бүрхүүлтэй буюу нутгийн хойд хэсгээр цасны зузаан ахиу байна.

Ялангуяа зудын нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдын нутаг болох Хэрлэн, Онон, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон голтой сав газраар 85-95 хувийн цасан бүрхүүлтэй. 

Цаашид цас хайлж, шар усны үерийн нөхцөл байдал улам нэмэгдэж болзошгүй.

Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор ихэнх аймаг, сумын гуу жалгаар малын сэг, зэм их байгаа. Иймд цас хайлж урсахдаа малын сэг зэмтэй холилдох, улмаар халдварт өвчин тархах магадлал өндөр" гэлээ. 

"Хаврын сүүл, зуны эхэн саруудад үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулъя"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Дөрөвдүгээр сарын хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан.

Хур тунадас баруун аймгуудын нутгаар харьцангуй бага. Харин дөрөвдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа.

Гамшигт үзэгдлийн хувьд дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл дундаж салхины хурд их байх магадлал өндөр. Дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт цаг агаарын аюултай үзэгдлийн процесс нэмэгдэх магадлалтай харагдаж байгаа.

Дэлхийн дулааралтай холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэхийг судлаачид анхааруулж байна.

Тухайлбал орж буй хур тунадасны хэлбэр өөрчлөгдөж байна. Өмнө нь зүс бороо их ордог байсан бол сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж нэмэгдэж байгаа.

Бидний гаргаж буй төлөвөөс харахад тав, зургаадугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар ахиу тунадастай байх магадлал өндөр. 

Ийм учраас хаврын сүүл, зуны эхэн саруудад үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулъя" хэмээн Урт хугацааны прогнозын ерөнхий инженер Б.Жаргалан ярилаа.