Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэбат: Машиндаа бензин шатахуун, газ тээвэрлэж яваа хүмүүс одоог хүртэл хашраагүй байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуй" сэдвээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Сүүлийн таван жилийн хугацаанд ажлын байран дээрээ осол аваарт өртсөн 1,748 тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 240 ажилтан амь насаа алдаж, 823 нь хүнд хэлбэрийн гэмтэл авсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсаныг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлж байлаа. 

"Барилга, уул уурхайн салбарт хүмүүсийг өдөр, шөнөгүй ажлын мал мэт ажиллуулж байна"

Мөн тэрбээр "Уул уурхай, барилга, тээвэр, батлан хамгаалахын салбарт осол аваар, гэмтэл бэртлүүд түлхүү гарч байна. Өнгөрсөн оны мэдээллийг тодруулбал 

  • Уул уурхайн салбарт 103
  • Барилгын салбарт 25
  • Боловсруулах үйлдвэрт 39
  • Тээвэрт 41 осол аваар гарчээ. 

Энэ он гарсаар дөнгөж эхний хоёр сарын байдлаар 47 хүн ажлын байран дээрээ осолд өртөж, нас барсан харамсалтай мэдээлэл бий. Ялангуяа барилга, уул уурхайн салбарт хүмүүсийг өдөр, шөнөгүй ажлын мал мэт ажиллуулж байна. 

Тийм учраас нийт ААН, байгууллагууддаа хандаж хэлэхэд орчны аюулгүй байдалд анхаарах шаардлагатай" гэлээ. 

"Хуульд зааснаар аюултай ачаа тээвэрлэж яваа машин дотоодын цэргээр хамгаалуулж явах ёстой"

Үргэлжлүүлэн "Улаанбаатар маш шигүү хот болж байна. Зам тээвэр, барилга байгууламж, гал түймрийн осол гэмтэл их гарч байгаа учраас тодорхой стандарттай байх хэрэгтэй. 

Ганцхан жишээ хэлье. Саяхан хотод газ дэлбэрсэн асуудал үүссэн. Аюултай ачаа бараа тээвэрлэж яваа тохиолдолд зориулалтын тээврийн хэрэгсэлтэй, тусгай маршрутаар зөвшөөрөл авч явах ёстой байсан.

Хуульд зааснаар аюултай ачаа тээвэрлэж яваа машин дотоодын цэргээр хамгаалуулж явах ёстой. Дотоодын цэрэг биш юмаа гэхэд өөрсдөө тусгай хамгаалалтын машиныг урд, хойноо явуулаад анхааруулах шаардлагатай байсан ч үүнийг зөрчсөн. Иймд үүнийг МҮЭХ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлын хэсгээс урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.

Хамгийн том аюул бол машиндаа бензин шатахуун, газ тээвэрлэж яваа хүмүүс одоог хүртэл хашраагүй байна. Урд нь аюулын дохио асаасан, ард нь аюултай ачаа бараа тээвэрлэж яваагаа мэдэгдсэн тэмдэглэгээтэй, хамгаалалттай машин огт харагдахгүй байгаа биз" хэмээн хэллээ. 

"Онцгой байдлын алба хаагчид хүртэл болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх мэдээлэл дутмаг"

Мөн "Гал гарахад галын хор хэрхэн ашиглаж, яаж өөрийгөө аварч гарах уу гэдэг наад захын сургалт мэдээлэл хангалтгүй байна. Энэ асуудлыг онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх чиглэлд Засгийн газар болон ажил олгогч нар, иргэд анхаарч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах ёстой.

Тэр байтугай онцгой байдлын алба хаагчид хүртэл өөрсдөө болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх мэдээлэл дутмаг юм байна. Та бүхэн анзаарсан бол газ дэлбэрэх үед Онцгой байдлын газраас стандарт зөрчиж ажилласан. 

Онцгойн машин ослын газраас 500-800 метрийн хол газарт зогсох ёстой байсан. Гэтэл ойролцоогоор 30-40 метрийн зайд машинаа байрлуулж буусан. Бүх салбарын алба хаагчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах эрхтэй.

Харамсалтай нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэдлэг ойлголт дутмаг нь шууд анзаарагдсан. Энэ нөхцөл байдалд хариуцлагын тогтолцоог бий болгохгүй бол осол гарсны дараа нийгмээрээ бухимддаг, хэн нэгнийг барьж авч шүүмжилдэг, талцаж өнгөрдөг боллоо. Үүнийг таслан зогсооё.

Цаашдаа МҮЭХ-ноос ослын газар дээр ажилладаг тусгай багтай болмоор байна. Цагдаа, мэргэжлийн хяналт шалгаж байгаа гэдэг нэрийдлээр асуудлыг дараад мартаад өнгөрдөг. Яг үүний дараа гарах осол аваараас урьдчилан сэргийлэх тал дээр ямар ч мэдлэг ойлголт алга.

Түүнчлэн төрийн байгууллагаас авхуулаад бүх ААН хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлаа үл тоосон. Бараг хэмнэх зардал дотор оруулаад явчихсан.

Сангийн яаманд дахиад анхааруулъя. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын ангиллыг программ дотроо байхгүй болгосон байна" гэдгийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат ярилаа.