Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд Аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд Аутизмыг таниулах өдөр болдог.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшний хэлбэрээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм.
Дэлхийн Аутизмыг таниулах өдөр нь анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулагдаж байсан түүхтэй.
Аутизмыг таниулах энэ өдөр дэлхийн 45 улсын 600 гаруй хот, 3,000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургууль зэрэг байгууллагууд аутизмтай хүмүүст болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна.
Манай улсын хувьд Төрийн ордон, ДБЭТ, УДЭТ, СТӨ гэх зэрэг газрын байгууламжийн гаднах орчныг цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.
Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшингээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм.
Аутизм нь MRI, эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь мэргэжлийн сэтгэлзүйч, эмч нарын баг оношилж, оношоо тогтоодог.
Хүүхэд бүрд өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход хэцүү. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог байна. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан засал авч сайжирдаг. Ингэснээр ирээдүйд нийгэмд бие дааж авч явах чадвартай болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|