Индэр    
2019 оны 12 сарын 7
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 41: Аутизмтай хүүгийн дотоод ертөнцийн илэрхийлэл болсон "The Reason I jump"

Зураг

"Аутизмтай 13 настай хүүгийн дотоод дуу хоолой" хэмээн "The Reason I jump" номын нүүрэнд бичжээ. 

Энэхүү номыг төрөлхийн аутизмтай Наоки Хигашида өөрийн болон өөртэй нь ижил шинж тэмдэгтэй хүмүүсийн дотоод ертөнцийн илэрхийлэл болгон 2005 онд бичсэн байна. Тухайн үед тэрбээр 13 настай байв. 

Наоки Хигашида үгээр өөрийгөө илэрхийлэх чадвар тааруу учир үсгийн хүснэгт ашигладаг аж. Хүснэгт дээр үсгүүд дараалан зааж, түүнийгээ чангаар дуудсанаар үг бүтээн хэлдэг байна. Харин бичгээр санаа бодлоо илэрхийлэхдээ сайн, аливааг гүн гүнзгий эргэцүүлж, өргөн утга агуулгатайгаар бичдэг хэмээн олон нийт түүнийг үнэлдэг ажээ. 

Нэгэн удаа хорт хавдраар өвчилсөн найз нь Наокитай уулзахдаа аавынхаа үр удмыг үргэлжлүүлж чадахгүйгээр, ааваасаа түрүүлж нас барах гэж байна хэмээн сэтгэлээ уудлахад хариуд нь тэрбээр "Чи аавынхаа удмыг үргэлжлүүлэх гэж л амьдарч байгаа биш шүү дээ" гэсэн гэдэг.  

 

"The Reason I jump" номдоо Наоки Хигашида нь нэг зүйлийг олон дахин давтан хийдэг, хүний нүд рүү эгцэлж хардаггүй, өвдөлт мэдэрдэггүй зэрэг аутизмтай хүмүүст нийтлэг ажиглагддаг зүйлсийн учир шалтгааныг тайлбарлан, 58 асуултад хариулсан байдаг. Түүнээс түүвэрлэсэн номын тэмдэглэлийг Unlock подкасттай хамтран хүргэж байна. 

"The reason I jump" номыг сонсох:

Бид хүний дуу хоолойг “хардаг”

Яагаад нэг асуултыг олон дахин асуудаг вэ?

-Аливаа зүйлийг би бусад хүн шиг зүгээр ойлгодог. Гэвч эргэн санахдаа бусад хүн шиг логикоор санадаггүй. Энгийн хүмүүсийн ой санамж нь нэг нэгээсээ улбаалсан гинжин хэлхээтэй төстэй байдаг бол миний ой санамж үй түмэн цэгний цуглуулга байдаг. Тиймээс ямар нэг юмыг санахдаа тэр олон цэг дундаасаа олох гэж дахин дахин асуудаг. Бас хэн нэгэн надаас асуулт асуухад, би эргүүлэн давтаж хэлснээрээ тэрхүү асуултыг өөрөө юу гэж ойлгох, юу гэж хариулахаа олдог.

Битгий гэж хэлсээр байхад яагаад болохгүй зүйлийг хийгээд байдаг юм бэ?

-Сахилгагүйдээ хүний хэлснээс зөрөөд байгаа юм биш шүү. Би хийж болохгүйг нь мартчихдаг.

Хүн асуулт тавихад яагаад удаж байж хариулдаг вэ?

-Энгийн хүмүүс маш хурдан ярьдаг. Асууж, хариулж, ярилцаж байгаа нь маш хурдтай. Энэ нь бидэнд ид шид мэт санагддаг. Аутизмтай хүмүүст энэ бол хэцүү даваа. Асуултыг чинь маш сайн ойлгож байгаа ч буцаад хариулахад давдаг даваа нь та нарынхаас өөр. Заримдаа хариулж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгаж, зүхдэг. Тиймээс биднээс асуулт асуусан бол хүлээцтэй хандаарай.

Хүнтэй ярихдаа яагаад нүд рүү нь хардаггүй вэ?

-Бид хүний дуу хоолойг “хардаг”. Нүд рүү нь харж ойлголцохоос илүү ярьж байгаад нь бүх анхаарлаа хандуулж, мэдэрдэг.

"Таны хийж буй үйлдэл, хандлага бидэнд гүнзгий мэдрэгддэг"

Гэнэт баярлах эсвэл гуниглах чинь юутай холбоотой вэ?

-Урьд өмнө болж өнгөрсөн дурсамжуудаас гэнэт санаанд ороход яг л саяхан болсон мэт хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс баярлаж, эсвэл гунигладаг. Миний санаанд бүтэлгүйтсэн дурсамж орох нь их тул тэр даруйдаа уйлж, сэтгэлийн хямралд ордог. Ингэмэгц эргэн тойрныхон минь юу хийхээ мэддэггүй. Энэ үед намайг зүгээр л уйлуулчих. Зүгээр л орхичихвол би ханатлаа уйлаад дээрдэх болно.

Тоглоом өрж байхдаа нураачихвал яагаад их уурлаж, уйлдаг юм бэ?

-Жижигхэн зүйл гэж бодогдож болох ч хийж байсан юм маань бүтэлгүйтвэл бусад бүх бодол мэдрэмж хаагдаж, алдаа хийчихлээ гэсэн бодлоор л тархи минь дүүрдэг. Энэ үедээ өөрийгөө хянаж чаддаггүй. Болихыг хүссэн ч өөрийгөө зогсоож чаддаггүй. Миний бие өөр хүнийх болсон мэт мэдрэгддэг. Гэвч тухай мөчид би өөрийгөө хянаж чадахгүй байгаадаа дотроо их шаналж, хяналтаа авахын тулд бүх хүчээрээ хичээж байдаг.

Аутимзтай хүмүүсийг найдваргүй хэмээн үл тоож эхэлбэл бид сэтгэлээр их унадаг. Таны хийж буй үйлдэл, хандлага бидэнд гүнзгий мэдрэгддэг.

Аутизмтай байхын хэцүү зүйл нь юу вэ?

-Болохгүй зүйлийг мэдсээр байж хийж, өөрийгөө барьж зогсоож чадахгүй байгаадаа болон хүмүүст төвөг учруулдагтаа их шаналдаг. Тэр дороо уучлалт гуйхыг хүссэн ч ам эвлэдэггүй. Энэ нь өөрийгөө үзэн ядах нэг шалтгаан болдог. Аутизмтай төрсөн олон хүүхэд энэ хорвоод яах гэж төрснөө гайхдаг байх. Эргэн тойронд байгаа хүмүүсээ биднээс болж битгий их шаналаасай гэж хүсдэг. Надаас болж шаналбал би амьдрах хэрэг байхгүй мэт санагдана.

Чи хэвийн байхыг хүсдэг үү?

-Би ухаан орсон цагаасаа хэвийн болохыг хүсдэг байсан. Харин одоо бодоод үзэхэд аутизмыг эмчлэх эм гарсан ч би хэрэглэхгүй байх. Учир нь аутизмтай ч бай, үгүй ч бай хүн бүрт зовлон бий. Аз жаргалтай амьдрахын тулд бүгд хичээдэг. Миний хувьд аутизмтай байх нь хэвийн зүйл. Та нарын хэвийн гэж хэлээд байгаа зүйлийг ямар байдгийг төсөөлж чадахгүй. Тиймээс би одоогийн хэвийнээрээ баймаар байна.

"Үсэрч байхдаа биеийнхээ бүх хэсгийг өөрөө удирдаж, мэдэрдэг нь хамгийн сайхан"

Дандаа үсэрч байдаг чинь ямар учиртай вэ?

-Би үсэрч байхдаа биеийнхээ бүх хэсгийг мэдэрдэг. Тэр мэдрэмж намайг аз жаргалтай болгодог. Заримдаа уурлах, гомдоход бие “хөшдөг” буюу өөрийнхөө хүссэнээр биеэ удирдаж чадахаа больдог. Харин үсэрч байхдаа биеийнхээ бүх хэсгийг өөрөө удирдаж, мэдэрдэг нь хамгийн сайхан.

Яагаад агаар дээр үсэг, тоо бичдэг вэ?

-Үсэг, дүрснүүд бол миний хамгийн сайн найзууд. Тэд хэзээ ч өөрчлөгддөггүй. Ганцаардсан эсвэл аз жаргалтай үедээ агаарт үсгээ зурдаг.

Хөл, гараа яагаад янз бүрээр хөдөлгөөд байдаг вэ?

-Хөл, гартаа өөрийн хүссэнээр тушаал өгч чаддаггүй. Хөл, гар минь яаж хөдөлж байгааг ч мэдэхгүй байх тохиолдол бий.

Өвдөлтийг заримдаа мэдэрдэг ч заримдаа яагаад огт мэдэрдэггүй юм бэ?

-Муу, сайн мэдрэмжтэй холбоотой. Хэрвээ муу мэдрэмжтэй холбоотой бол үсээ засуулж байхдаа өвдөж байгаа мэт санагдана.

Ямар нэг юмыг анх удаа харахдаа юуг мэдэрдэг вэ?

-Хэвийн хүмүүс ертөнцийн гоо сайхныг анзаарч чадахгүй байгаад харамсдаг. Аутизмтай хүмүүс хорвоог харах өнцөг нь маш гайхалтай. Өчүүхэн жижгээс эхлэн дараа дараагийнх хэсгүүд гэх мэтчилэн нэгбүрчлэн харснаар бүхэлд нь тольддог. Ингэснээр гоо сайхныг илүү их мэдэрдэг. Гэтэл хэвийн хүмүүс ямар сайхан зүйлийг харж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй.

"Урсгал ус, эргэлдэж буй дүрс харахад маш их тайвширдаг"

Яагаад тогтмол давтагддаг зүйл чиний сонирхлыг татдаг вэ?

-Цаг хугацааг хэвийн хүмүүсээс өөрөөр мэдэрдэг. Ямар нэг хэцүү зүйл тохиолдвол хэзээ ч дуусахгүй үргэлжлэх мэт санагдаж, одоо яах бол гэх түгшүүр үргэлж байдаг. Харин байнга давтагддаг зүйл тайвшрал өгдөг. Тоглоомоо эгнүүлж тавиад харах, урсгал ус, эргэлдэж буй дүрс харахад маш их тайвширдаг.

Зар сурталчилгаа гарахад яагаад баярладаг вэ?

-Хэд хэд үзээд танил болсон зүйлээ дахин харахад маш их баярладаг. Яг тэр үед нь та нар аутизмтай хүмүүсийг ажиглавал бидний дотоод ертөнц, баяр хөөрийг олж харах болно.

Суралцах хүсэл хэр их байдаг вэ?

-Аутизмтай хүмүүс мэдлэгээр байнга цангадаг. Харамсалтай нь тэвчээр хурдан алдарч, ядардаг. Уг нь сурах хүсэл их бий. Тиймээс багшлах хүмүүсээс тэвчээр их шаардана.

Аутизмтай хүмүүс юунд дуртай вэ?

-Байгальтай ойр байх их дуртай. Тухайлбал, би ой модон дунд байхдаа амар амгаланг мэдэрдэг. Байгаль бол миний хамгийн дотно найз.

Чи яагаад ийш тийш гүйгээд байдаг юм бэ?

-Би өөрийгөө хянаж чаддаггүй. Өөрт минь ядаргаатай санагддаг ч юм харахаараа гүйж оччихоод байдаг. Энэ нь тайвширч чаддаггүйтэй минь холбоотой байх. Магадгүй амар тайвныг мэдрэх газраа хайсаар байдаг учир ийш тийш их гүйдэг болов уу. Гэвч би тийм газрыг олоогүй.

Чи яагаад нэг үйлдлээ давтаж хийгээд байдаг юм бэ?

-Гараа сэгсрэх, дороо эргэх зэрэг нь миний хяналтаас гарсан зүйл. Тархинаас ирж буй тийм үйлдэл хий гэх дохиог биелүүлэхгүй бол асар их айдаст автаж, ганцаарддаг. Тиймээс тархиныхаа хэлснээр л хийж байгаа нь тэр. Хэрвээ миний үйлдлүүд эргэн тойронд минь төвөгтэй байвал намайг зогсоогоорой. Яагаад гэвэл хүмүүст төвөг учруулчихлаа гэж бодож шаналах нь би учраас ямар нэгэн аргаар намайг зогсоох нь надад үзүүлж буй хамгийн том тус байх болно. Гэхдээ хэнд ч гай болохгүй байвал зүгээр л орхиорой.

Аутизмыг юу гэж боддог вэ?

-Аутизмтай хүмүүс нь амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг сануулахаар хэдэн үеийн өмнөөс ирсэн аялагчид мэт санагддаг.



 

1943 оны үед Австри, Германы сэтгэцийн эмч Лео Каннер ажиглалт явуулсны үндсэн дээр оюун ухааны чадвартай ч “ганцаараа байх дуртай”, “нэг ижил байдлыг шаарддаг” гэсэн адил шинж тэмдэгтэй 11 хүүхдийг ажиглан аутизм гэж нэрлэж байжээ.

Аутизм нь “auto” буюу өөрөө хэмээх үгнээс гаралтай бөгөөд өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөд л байдаг гэсэн утгатай аж.