Зураг
Зураг
Индэр    
Д.Дуламсүрэн: Цаашид Монголын уур амьсгал улам эрс тэс болно
Зураг
2024 оны 3 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Дуламсүрэн: Цаашид Монголын уур амьсгал улам эрс тэс болно

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны дэлхийн агаарын дундаж температурыг 1850-1900 он буюу Аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.48 градусаар нэмэгджээ. Хэрэв дундаж температур Аж үйлдвэрийн өмнөх үеэс 2 градусаар нэмэгдвэл дэлхийд маш ноцтой байдал үүснэ гэж НАСА дүгнэсэн байдаг. 

Тэгвэл манай улсын хувьд энэ өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа талаар болон түүнээс шалтгаалан байгалийн гамшигт болон аюултай үзэгдэл хэр нэмэгдэв, төрөлд нь өөрчлөлт орсон уу зэрэг асуудлаар Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(УЦУОШГ)-ын Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга, доктор Д.Дуламсүрэнтэй ярилцлаа. 

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахын тулд мал аж ахуйн салбарыг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах хэрэгтэйг тодотгож байв. 

- Уур амьсгалын өөрчлөлт бодитой нүүрлэж, дэлхийн дундаж температур 100 гаруй жилийн хугацаанд 1.48 градусаар нэмэгдсэн гэсэн дүн бий. Тэгвэл манай улсын хувьд энэ өөрчлөлт ямар хэмжээнд байна вэ. Монгол орны дундаж температур хэдэн градусаар өссөн бэ?

- Бодит ажиглалтын мэдээгээр 1940-2023 оныг хүртэл хугацаанд Монгол орны жилийн дундаж температур Цельсийн 2.49 градусаар дулаарсан байна. Энэхүү дулааралт нь улирал бүрд харилцан адилгүй илэрч байгаа бөгөөд хамгийн их дулааралт өвөл, хаврын улиралд ажиглагдах болсон. 

Өвлийн улирлын температур нэмэгдэж байгаа ч зарим жилд эрс хүйтрэлт ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий хандлагаараа температур дулаарч байгаа боловч үнэмлэхүй утгууд эвдэгдэх буюу эрс тэс байдал улам бүр нэмэгдэж байна.

Зураг 1. Монгол орны жил болон өвлийн улирлын дундаж температурын олон жилийн өөрчлөлт

Хур тунадасны хувьд ерөнхий хандлагаар өөрчлөлт ажиглагдахгүй байгаа боловч 1998-2012 оны хооронд олон жилийн хугацаанд хур тунадас хэвийн хэмжээнээс бага орж, үргэлжилсэн хуурай жилүүд тохиолдсон. Сүүлийн жилүүдэд харьцангуй тунадас ихтэй жилүүд болж байна. Харин өвлийн улирлын хур тунадас сүүлийн 80 жилд 20 хувиар нэмэгдээд байна. Энэ нь зудын эрсдэлийг нэмэгдүүлэх гол цаг уурын аномаль нөхцөл болоод байна. 

Олон жилийн хандлагаа авч үзэхээр нэмэгдэхгүй байгаа мэт боловч хур тунадасны үзэгдлийн төрөл зүйл нь нэлээд өөрчлөгдөж байна. Ялангуяа зүс бороотой өдрийн тоо буурч, аадар бороотой өдрийн тоо нэмэгдсэн

Аадар бороотой өдрийн тоо нэмэгдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үзэгдлүүдийн жишээ юм. 

Зураг 2. Монгол орны жил болон өвлийн улирлын нийлбэр хур тунадасны олон жилийн өөрчлөлт

зураг
 

- Эдгээр өөрчлөлтөөс хамаарч байгалийн гамшигт болон аюулт үзэгдлийн тохиолдлын тоонд ямар өөрчлөлт гарч байна вэ?

- Манай оронд нийгэм-эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг 10 гаруй төрлийн байгалийн гамшигт үзэгдэл тохиолддог бөгөөд тэдгээрийн гол нь агаар мандлын гаралтай үзэгдлүүд. Эрсдэлээр нь эрэмбэлбэл ган, зуд, ой, хээрийн түймэр, цасан шуурга, үер, эрс хүйтрэлт зэрэг нь голлох гамшигт үзэгдлийн тоонд ордог.

Засгийн газрын 2015 онд баталсан 286 дугаар тогтоолоор ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтад 13 төрлийн үзэгдлийг эрч хүч, үргэлжлэх хугацаанаас хамааруулан ангилж оруулсан. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эдгээр үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэн, улсад учруулах хор хохирол жилээс жилд улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Монгол Улсад 1989-2020 онд тохиолдсон цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтагдлын олон жилийн явц болон 10 жилээр дундажлан харьцуулахад 1991-2000 онд жилд дунджаар 34 удаа, 2001-2010 онд 53 удаа, 2011-2020 онд 90 удаа тохиолдох болсон байна.

График, Цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн тоо, 1991-2020 он

Эндээс харахад 2000-2020 он буюу сүүлийн 20 жилийн хугацаанд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн тоо бараг хоёр дахин нэмэгдчихсэн.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аадар хур тунадас нэмэгдэж байна. Зун хэт халахаар газрын гадарга халж чийгийн хөдөлгөөн их болсноор эрчимтэйгээр үүл үүсгэж, аадар хур тунадас орох магадлалыг өсгөдөг. Мөн өвөл орох хур тунадасны хэмжээ нэмэгдэхийн хэрээр цасан бүрхүүл зузаарч байна.

зураг
 

Ган, зуд нь манайх шиг бэлчээрийн мал аж ахуйтай оронд сүүлийн үед хүнд нөхцөлийг бий болгож байгаа.

Энэ өвөл л хамгийн хүнд байгаа юм биш. Цааш цаашдын өвөл ийм байх магадлал өндөр бий. 2100 он хүртэлх уур амьсгалын ерөнхий хандлагыг гаргахад өвлийн хур тунадас 50-60 хувь, зарим газарт 100 хувь нэмэгдэхээр байна. 

Зүс бороо ороход газрын гадаргадаа шингээд ургамал ургаж, хөрс үржил шимтэй болдог. Харин аадар бороо газрын хөрсөнд шингэдэггүй, дээд өнгөн хэсгийг нь урсгаад явчихдаг. Ингэж газрын доройтлыг улам эрчимжүүлж, тэр хэрээр зундаа халж, ган болох нь нэмэгдсэн. Ялангуяа сүүлийн таван жил баруун аймгуудад ган болж өнгөрлөө. Бороо хойд хэсгээрээ дайраад өнгөрдөг.

Говь болон баруун хэсгээрээ бороо бага, хуурайшилт ихтэй болоод эхэлсэн. Зундаа хуурайшилт ихтэй, ган болоод байхаар өвөлдөө цас их ороод дарчихдаг. Мал тарга тэвээрэг авч чадаагүй байтал өвөлтэй золгож, тэр их цасыг туулж чадахгүй мал цуцаж байна. Өвс ургамал ч алга. Ингэхээр ган, зуд хоёр нь нэг нэгнээ нөхцөлдүүлж байгаа юм. 

2000-2020 он буюу сүүлийн 20 жилийн хугацаанд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн тоо бараг хоёр дахин нэмэгдчихсэн

Сүүлийн жилүүдийн хандлагыг харахаар жил бүр ямар нэг хэмжээгээр ган зуд тохиолдож байна. 

Дундажлаад үзэхээр ерөнхий хандлага нэг их мэдрэгдэхгүй мэт харагдавч манай улс өргөн уудам нутагтай, газар нутагтай хаа нэг хэсэгт ган, зуд болчхоод байна. 

"Цаашид бидний мэддэггүй гамшигт үзэгдэл их болох магадлал өндөр бий"

- Гамшигт үзэгдлийн төрөл нэмэгдэж байгаа юу. Ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, үер гэхээс гадна өөр үзэгдэл ажиглагдаж байна уу?

- Шинэ үзэгдлүүд ажиглагдаж байгаа. Манай цаг уурын байгууллага 320 суманд ажиглалтын сүлжээтэй. Эдгээр суурин газарт байрлах цаг уурын өртөө, харуулын ажиглагч нар тухайн хугацаанд болсон үзэгдлийг ажиглаж тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл цаг уурын талбай байрлаж байгаа газарт тохиолдсон аюулт болон гамшигт үзэгдлийг бүртгэдэг гэсэн үг.

Харин сүүлийн жилүүдэд гар утас ашиглан хүмүүс тохиолдож байгаа онцгой цаг агаарын үзэгдлүүдийг нийтийн сүлжээнд тавьдаг болсон нь сайшаалтай. Энэхүү мэдээллээс харахад хэт халалтаас үүдэлтэй догшин хуй салхи буюу луу унжих үзэгдэл ойр ойрхон ажиглагдах болсон байна. Өнгөрсөн жил 2-3 газарт ажиглагдаад өнгөрөх шиг боллоо.

Харин азаар луугийн сүүл буюу үүлний доод хил газарт хүрээгүй. Тус үзэгдэл нь хэт халалтаас үүдэлтэй босоо хөгжлийн үүл эрчимтэй хөгжиж, үүлэн дотор маш их эрч хүчтэй хуйлраа буюу босоо хөдөлгөөн үүссэнтэй холбоотой. Хэрэв үүлний доод хил газарт хүрвэл тааралдсан бүх зүйлээ хамж аваад шидчихдэг.

зураг
 
Луугийн сүүл унжих үзэгдэл

Жишээлбэл 2014 оны долдугаар сарын 26-нд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт өргөнөөрөө 300-400 метр, уртаараа 10 км орчим нутгийг хамарсан догшин хуй салхи тохиолдож нэг хүн нас барсан. Цаашид давтагдах эрсдэл бий.

Мөн хаврын улиралд шороон шуурганы эрчимжил тун их болсон. 2021 оны гуравдугаар сарын 14-15-нд болсон шороон шуурга нь 12 аймгийн 50 гаруй сумыг дайрч өнгөрч, 706 хүн төөрснөөс 696-г нь эсэн мэнд олж, амь насыг нь аварсан байдаг. 

Говийн бүс нутагт л болдог байсан угалз ойт хээрийн бүсдээ ажиглагддаг боллоо. Энэ нь газрын доройтол бий болсныг л илтгэж байгаа юм. Өнгөн хөрсгүй, сул шороо ихтэй болсноор угалз хойшоо хангайн бүсдээ ажиглагддаг болж байна. Ноднин Хөвсгөлд хүмүүс тэнгэр газар нийлсэн шороо босож, тас харанхуй боллоо гэцгээж байв. Энэ нь угалз байсан. Цаашид бидний мэддэггүй гамшигт үзэгдэл их болох магадлал өндөр байна. 

Энэ өвөл л хамгийн хүнд байгаа юм биш. Цааш цаашдын өвөл ийм байх магадлал өндөр бий

Түүнчлэн шороон шуурга өмнө нь бараантаад өнгөрдөг байсан бол одоо соронзон орон үүсгэдэг болсон. Дээр дурдсан 2021 оны шороон шуурганы дараахан малчдын хэлж буйгаар гэртээ орж ирээд яндангаа авах гээд хүрэхэд барьж чадамгүй их тог цохисон гэж байв. Манайд соронзон орон талын судалгаа одоогоор алга. Бид шинэ шинэ үзэгдлүүдийн физик химийн шинжийг нэлээд судлах шаардлагатай болж байна.

- Манай улсын хувьд уур амьсгал өөрчлөгдөхөд юу хамгийн их нөлөөлдөг вэ. Тухайлбал нүүрсхүчлийн хийн ялгарал, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь голчлон нөлөөлдөг гэж ярьдаг?

- Уур амьсгалын өөрчлөлт нь бүхий л улс оронд гамшигт үзэгдэл нэмэгдэх байдлаар мэдрэгдэж байгаа. Манай улс мал ихтэй. Малын тоо толгой үүнд яалт ч үгүй нөлөөлж байгаа. Учир нь газар нутаг үржил шимгүй болж, уур амьсгалын дулааралт, хуурайшилтаас үүдэн олон гол горхи ширгэж байна.

Ингэж дэвсгэр хөрс доройтолд орчихсон байхад малын тоо толгой даацаасаа бараг 2-3 дахин нэмэгдчихсэн. Мөн хариуцлагагүй уул уурхай зэрэг хүний хүчин зүйл, буруутай үйл ажиллагаанууд нөлөөлж байгаа. 

- Уур амьсгалын өөрчлөлт энэ эрчээрээ үргэлжилсээр байвал цаашид биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ. Зарим улирал алга болно эсвэл дундаж температур нэмэгдэж байгаа нь Монголд их таатайгаар нөлөөлнө гэж үзэх ч хүмүүс байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Улирал алга болно гэж байхгүй. Жишээлбэл өвлийн улирал алга болохгүйгээр үл барам бүр хүйтэн болж байгаа биз? Цаг агаар улам эрс тэс л болж байгаа юм. Энэ жилийн хувьд гурав, дөрвөн есөд огцом дулаарсан. Дулаарч цасан бүрхүүл хайлж байгаад буцаад хүйтрэхэд хөлдөөд мөсөн зуд болох нөхцөл нь болчихсон. 

Уур амьсгалын өөрчлөлт нь улирлуудын дунд үед тод ажиглагдаж байгаа. Ерөнхийдөө дүр төрхөө харахад, судлаачдын хэлж буйгаар ч энэ байдлаараа их малтайгаа яваад байвал монголчууд өөрсдөө идэх хоолгүй, газар тариалангүй болох юм биш үү гэдэг. Иймээс малаа шүтээд тоо толгойгоо өсгөөд явах уу, эсвэл эрчимжсэн мал аж ахуй чиглэлдээ анхаарах уу гэдэг нь бодох л асуудал.

Энэ хэвээрээ явсаар байвал Монгол нутагт хүн үлдэх үү, үгүй юу гэдэгтээ тулна гэж байгаа. Мал өссөөр байвал газар үр шимгүй болно, ан амьтан цөөрнө гээд судлаачид тодорхой хэмжээнд заавар зөвлөмжөө өгдөг. Түүнээс биш ийм тийм улирал алга болно гэх мэтээр ярих нь зохимжгүй. Учир нь ийм төрлийн шинжлэх ухааны судалгааны үр дүн байхгүй. 

Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад эрчимтэй явагдаж байгааг судлаачид тогтоосон учраас төсөл хөтөлбөрүүд их хэрэгжиж байгаа. Эдгээрийг зөв ашиглах хэрэгтэй. Тухайлбал ADAPT төсөл гэж бий. Үүгээр  хөдөөгийн малчдыг дасан зохицохуйг дэмжихээр тун их арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Энэ жилийн шар усны үер Улаанбаатарт тодорхой хэмжээний эрсдэл дагуулна

Мөн НҮБ-аас ч тусламж өгч байгаа. Жишээлбэл Увс аймагт гурван аймаг нийлж зудыг хэрхэн даван туулж байгааг харуулсан. Энэ байдлаар хамтарсан, фермийн аж ахуй руу орох ёстой болоод байна. Хувь хүн, нэг айл дангаараа мал сүргээ авч явахад улам л хүнд болно. 

- Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт хэлбэлзлээс шалтгаалж ан амьтан, ургамлын төрөл зүйлд ямар өөрчлөлт гарсан талаарх судалгааны дүн бий болов уу?

- Бид хамтарсан судалгаанууд их хийдэг. Биологийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан 180 гаруй ургамал устсан байна гэсэн байсан. Ан амьтдын талаар холбогдох газраас нь тодруулсан нь дээр байх. 

- Дэлхий даяараа уур амьсгалын өөрчлөлтийн эрчийг сааруулах, зогсоохын тулд тус тусын зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна. Тэгвэл манай улс хамгийн түрүүнд ямар арга хэмжээнүүд хэрэгжүүлэх нь зүйтэй вэ. Парисын хэлэлцээрт нэгдэж, жил бүр COP зорьж, амлалт өгсөөр л байна?

- Манай улс Парисын хэлэлцээрт нэгдэж, тодорхой амлалтаа өгчихсөн. Хөгжсөн орнууд бол хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд бууруулна гэж амлаад байгаа.

Монгол Улс нар, салхины эрчим хүчний нөөц хамгийн ихтэй улсын нэг. Бидэнд газар доорх баялгаас илүү байгалийн нөөц бий. Иймд нар салхины эрчим хүчээ ашиглах шаардлагатай. Гэтэл одоо ОХУ-аас эрчим хүчний хараат байна, дандаа түүхий нүүрс шатааж агаарт СО2 ялгаруулж, хүлэмжийн хийг нэмэгдүүлж байна. Цаашид бид сэргээгдэх эрчим хүч рүү зайлшгүй орох ёстой. Магадгүй цаашлаад сэргээгдэх эрчим хүчээ зарах ч боломж бий. 

Мөн малын ялгадаснаас ялгарч байгаа метан хийн асуудал бий. Метаны агууламж ихтэй учраас фермийн аж ахуй руу шилжчихвэл малын ялгадсыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Улс орнууд хүлэмжийн хийн худалдаа арилжаа гэдэг рүү орчхоод байгаа. Бид түүнийг судалж, шинжилж байна. 

"Уур амьсгалын өөрчлөлттэй хавсарч хүмүүсийн буруутай үйл ажиллагаа нь хохирлын хэмжээг улам нэмэгдүүлдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Иргэд хавартаа шар усны үерээс, зундаа аадар борооны үерээс эмээж байгаа. Хавар, зуны улирлын төлөв байдал ямар байна вэ?

- Гуравдугаар сард баруун талдаа Монгол Алтайн нуруу дагаад говь цөлийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хойд хэсгээр Хангай, Хэнтий, Дорнод орчимд олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар хэвийн байх төлөв байна. Дунджийн орчим гэвэл хүйтэвтэр гэж ойлгох хэрэгтэй. 

Хур тунадас олон жилийн дунджийн орчим буюу харьцангуй тунадас багатай гуравдугаар сар байх нь.

Хавар болоход шар усны үер бууна гэж манайхаас анхааруулсаар байгаа. Манай улсад дэд бүтэц том асуудал болсон. Төлөвлөлтөө дагаж дэд бүтцээ хийгээгүй. Ялангуяа Улаанбаатар хотод түрүү жил үер буух хэмжээний их бороо ороогүй. Гэтэл үер буусан нь төлөвлөлт, дэд бүтэц буруугийн жишээ юм. Энэ жилийн шар усны үер Улаанбаатарт тодорхой хэмжээний эрсдэл дагуулна. Манайхан гуу жалгаа хаагаад хашаалчихсан учир үерийн ус хаашаа орох вэ гэдэг чинь асуудал. 

Уур амьсгалын өөрчлөлттэй хавсарч хүмүүсийн буруутай үйл ажиллагаа нь хохирлын хэмжээг улам нэмэгдүүлж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Танайх дээр технологийн шинэчлэл хэр хийгдэж байна вэ. Сүүлд Засгийн газраас хоёр радар авч өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ ямар хүчин чадалтай вэ байх вэ?

- Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр хүмүүс цаг уур руу харьцангуй анхаарч байна. 

Энэ жил Засгийн газраас хоёр радар авч өгөхөөр шийдвэрлэсэн. Радар нь 150-200 км-ийн тойрог дундах үүлний хуйлраа, ерөнхий массыг нь харж ажигладаг. Одоогоор ганц радар Морин уул дээр бий. Үүгээр Улаанбаатар болон Төв аймгийн цаг уурын төлөвийг харж, хэдэн цагийн орчимд ямар хэмжээний бороо орох вэ, хэзээ зогсох вэ, аадаар орох уу, үерийн эрсдэлтэй юу үгүй юу гэдгийг тодорхойлж, цаг минутаар нь хэлээд байгаа. Бусад газарт чаддаггүй. Хиймэл дагуулын мэдээгээр л ерөнхийд нь хэлдэг. Иймд радараа байрлуулах газраа сайн тооцоолж тавивал бид нарийвчлан тооцоолж чадна. Техник тоног төхөөрөмж л сайтай бол бид прогноз гаргахдаа алдахгүй, нарийн гаргадаг болно. 

Мөн манайх дээр супер компьютер шинэчлэгдэхээр хүлээгдэж байна. Сая КОВИД-19 таараад хойшилчихсон байсан. Супер компьютер ороод ирвэл бид бодолтоо хийгээд урьдчилан тооцоолж гаргадаг улирлын төлөв байдал нэлээд сайжрах байх. 

ЖАЙКА-гийн тусламжаар орж ирсэн одоо байгаагийн маань багтаамж нь дүүрч байна. Нэг бодолт хийхэд бүтэн сар болдог. Супер компьютер нь овор ихтэй тул ирэхэд нь хаана байрлуулах вэ гэдгээ бодолцоно. Том хөргүүр байх шаардлагатай.