Индэр    
2024 оны 4 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ

Зураг

Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-нд орон даяар зохион байгуулагдах гэж байна.

Өнгөрсөн оны гүйцэтгэлийн үнэлгээнд ерөнхий боловсролын 681 сургуулийн 28,382 багш, 912,000 гаруй суралцагч хамрагдсан. Үр дүнд нь нийт багшийн 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авах эрхтэй болж байлаа. 

Бүтэн жилийн циклд ямар хэмжээний цалинтай байх нь шийдэгддэг энэхүү үнэлгээнд олон багш сэтгэл дундуур байгаагаа VIII их хурлынхаа үеэр хэлж байв.

Тухайлбал хичээлийн жил дуусаагүй байхад бүтэн агуулгаар авдаг, даалгаврын хугацаа  давчуу, алдаатай бодлого ирдэг, мөн эцэг эхээр багшийн ажлыг үнэлүүлж байгаа зэргийг шүүмжилсэн. Иймээс Гүйцэтгэлийн үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.

"Гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврыг багш нар боловсруулдаг. Шалгалт авахаас өмнө заавал туршиж, тохируулга хийдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Саяхан болсон багш нарын их хурлаар гүйцэтгэлийн үнэлгээний талаар нэлээд санал шүүмж хэлсэн. Амьдралд нь шууд нөлөөлж буй энэхүү үнэлгээ хэрхэн хийгддэг талаар тодруулъя?

- Өнгөрсөн жил Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдах хуулиуд буюу багц хууль батлагдсан.

Энэ дагуу боловсролын шинэчлэл үндсэн зургаан чиглэлийн дагуу хийгдэж байгаагийн нэг нь үр дүнд суурилсан санхүүжилт. Үүний гол хэсэг нь байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнд үндэслэн санхүүжилтийн схемийг нэвтрүүлэх юм. 

Тухайлбал багш ажлын байрны тодорхойлолтдоо заагдсан үндсэн чиг үүргийн ажлыг хэр зэрэг чанартай хийв гэдэгт нь үндэслээд цалин дээр нь нэмэлт урамшуулал олгох систем гэсэн үг. 

Энэ жил Боловсрол, шинжлэх ухааны сайдын А115 тоот тушаалаар цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх тухай журам шинэчлэгдэж гарсан. 

Журамд заагдсаны дагуу цэцэрлэгийн багшийн хэрэгжүүлэх ёстой ямар чиг үүргүүд байна гэдэгт нь тулгуурлан үндсэн гурван шалгуур, 11 үзүүлэлтээр үнэлж байгаа. Жишээлбэл сургалт, үйл ажиллагааны үр дүн. Хөтөлбөрөө хэр сайн хэрэгжүүлж хүүхдүүддээ суурь чадваруудыг хэр төлөвшүүлж байна вэ, эцэг эхчүүдтэй харилцдаг уу, олон нийтийн үйл ажиллагаанд хэр оролцдог вэ, багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байгаа юу, ёс зүйгээ хэр баримталдаг вэ, сургалтын үйл ажиллагаандаа нэмэлт хэрэглэгдэхүүн хэр ашиглаж байна зэрэг үзүүлэлт бий. 

Эдгээрийг үнэлэхдээ тухайн багшаас өөрөөс нь асуулгын шугамаар, цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгчээс нь авдаг. Мөн эцэг эхийн оролцоотойгоор санал асуулга авдаг. Энэ мэтчилэнгээр үнэлгээний олон хэлбэр ашигладаг. Мөн байгууллагынх нь үйл ажиллагааг үнэлж байгаа. Удирдлагын хөгжил, манлайлал, сургалтын орчинг хэр бүрдүүлсэн гэдгийг багш, эцэг эх, эрхлэгч нараас нь авдаг. 

Үүнтэй адилаар ерөнхий боловсролын багшаас мөн гүйцэтгэх үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дөрвөн шалгуур, 12 үзүүлэлтийн дагуу авдаг. 

Гүйцэтгэлийн үнэлгээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Дээр дурдсан зургаан шинэчлэлийн нэг нь багшийн хөгжлийг дэмжих юм. 

Энэхүү үнэлгээний үр дүн нь хоёр үндсэн зорилготой.

  • Нэгдүгээрт үр дүн гүйцэтгэл, чанар дээр нь үндэслэн цалингийн нэмэлт урамшууллын тогтолцоог бүрдүүлсэн 
  • хоёр дахь нь үндэсний хэмжээнд, орон нутгийн түвшинд, сургуулийн түвшинд багшийн хөгжлийг хэрхэн сайжруулахыг тогтоодог.

Өөрөөр хэлбэл ямар сургуулийн аль багшид мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ шаардлага байгааг энэ үнэлгээний тусламжтай тодорхойлж, түүн дээр нь үндэслээд Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас багшийн хөгжлийн модуль сургалтуудын чиглэлээ тогтоож зарладаг. Түүнд багш нар хамрагдаж мэргэжил боловсролоо дээшлүүлдэг. 

- Гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврыг хэрхэн боловсруулдаг вэ?

- Түрүүн хэлсэнчлэн дөрвөн шалгуур, 12 үзүүлэлтийн ердөө нэг нь сурагчдын сурлагын ахиц амжилт. Үүнийг үнэлэхийн тулд сурагчдаас шалгалт авдаг. 

Ингэхдээ сургалтын хөтөлбөр дээр байдаг агуулгын дагуу хамрах хүрээгээ тогтоож, хэдэн даалгавраар хэр хугацаанд гэдгийг тодорхойлж зарладаг. Энэ даалгаврыг мөр зэрэгцэн ажиллаж буй багш нар өөрсдөө боловсруулдаг.

Мөн даалгавруудыг шалгалтаа авахдаа тоо, хүндрэл, хугацааны хувьд тохирч байна уу гэдгийг өмнө нь заавал туршиж үздэг. Болохгүй байгааг нь сайжруулж, хугацаандаа амжихгүй байвал даалгаврыг тоог хасна, хүндрэлийг тохируулна гэх мэтчилэн ажилладаг. 

Гэхдээ засаж сайжруулах, улам боловсронгуй болох зүйлс бий. 

- Улирал дуусаагүй байхад бүтэн жилийн агуулгаар үнэлгээний даалгавар боловсруулагдаж байна гэсэн. Үүнд та тайлбар хэлнэ үү?

- Манайхаас даалгаврын хүрээгээ тогтоогоод гаргасан. Гүйцэтгэлийн үнэлгээ дөрөвдүгээр сарын сүүлээр хийгдэж байгаа учраас сургалтын хөтөлбөр, сурах бичгийн дарааллын дагуу тавдугаар сард судлагдах агуулгыг оруулаагүй. Үзсэн агуулгын хүрээнд л авахаар байгаа. 

- Түүврийг яаж хийж байгаа вэ?

- Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахын өмнө суурь мэдээллийн сангаа бүрдүүлнэ гэж тун чухал ажил бий. Жишээлбэл Г гэдэг багш аль аймгийн, аль сумын сургуульд хэд хэддүгээр ангид ямар ямар хичээл зааж байгааг суурь мэдээллийн сандаа бүртгэлжүүлж авдаг. 

Энэ жилийн нэг онцлог бол Физик, Хими, Математик ордог багш байлаа гэж бодоход аль хичээлээр үнэлгээнд хамрагдах вэ гэдгийг өөрөөр нь сонгуулна. Багш өөрөө тухайн хичээлийг аль аль ангид ордог тухайгаа мэдээлснээр үүнд нь тулгуурлаад тухайн хичээлийг заадаг сурагчдынх нь 40 орчим хувийг төлөөлөх хүүхдийг сонгож авдаг. 

Түүврийн арга зүйн онол гэж бий. PISA үнэлгээнд хамрагдахад Монгол Улсын 15 настай 40-50 мянган хүүхэд байхад олон улсын үнэлгээний аргачлалаараа 6,900 сурагчийг хамруулаад бүхэл бүтэн системийг үнэлж байгаа юм.

Малайз улс 60 сая гаруй хүн амтай. Тус улс PISA-д хамрагдахад манайхтай ижил 7,000 орчим хүүхдийг хамруулж, боловсролын системээ үнэлүүлсэн. Хоёр улсын хүн амын тоо хол зөрүүтэй ч түүвэрлэж авсан хүүхдийн тоо нь ойролцоо.

Монгол Улс 7,000 орчим сурагчаас авсан ч нэг үр дүн гарна, 40,000 хүүхдээс авсан ч ижил үр дүн гарна гэдэг нь онолоор батлагдсан байдаг.

- 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээнд хэдэн багш хамрагдаж байгаа вэ?

- Энэ жил ерөнхий боловсролын түвшинд журмын дагуу болзол хангаж байгаа 28,928 багш хамрагдахаар мэдээллээ баталгаажуулсан байна. 

- Үүний үр дүнгээр багш нарыг түвшингүүдэд хувааж байгаа. Хэдэн хувиар үнэлүүлсэн багш аль түвшинд орж байгаа вэ. Тогтсон хэмжээс бий болов уу?

- Үр дүнг тооцохдоо мөн тусдаа аргачлал ашигладаг. Бид сумын төвийн багшийг нийслэлийн төвийн сургуулийн багштай харьцуулахгүй. 

зураг
 

Нэгдүгээрт байршлын хувьд сум, аймаг, нийслэлийн багшийн үр дүнг тус тусад нь боддог.

Хоёрдугаарт бага ангийн багшийг дунд, ахлах ангид Математик, Монгол хэл заадаг багштай харьцуулдаггүй. Мөн Газар зүйн хичээл заадаг багшийг Түүх заадаг багштай харьцуулах боломжгүй учраас судлагдахуунаар нь сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгад заагдсан чиглэлээр нь кластер болгож ангилдаг.

Ерөнхийдөө үндсэн гурван байршлын кластерын түвшинд судлагдахуунаар нь 7-8 чиглэлд ангилаад багш нараа 1-6 түвшний индекст хамааруулан тооцож байгаа.

1-4 дүгээр түвшинд хамрагдсан багш нар цалингийн 15-40 хувийн урамшуулал авдаг. 5, 6 дугаар түвшинд үнэлэгдсэн багшид ямар нэг урамшуулал байдаггүй. 

зураг
 

Аймаг, сум, нийслэл гэдгээс шалтгаалж улсын дундаж харилцан адилгүй гардаг. Мөн хичээлээс хамаарч багш нарын дундаж өөр өөр гардаг. Математикийн болон Химийн багш гүйцэтгэл дээрээ адилхан 77 хувь авсан байлаа гээд нэг түвшинд үнэлэгдэнэ гэсэн үг биш. Тухайн хичээлийн кластерын дунджаасаа хамаарна. 

Мөн гүйцэтгэлийн үнэлгээнд баримталж байгаа гол зарчим нь тухайн багш өнгөрсөн жилийн үр дүнгээсээ ахисан байна уу гэдгийг тооцож байгаа. Тухайлбал өнгөрсөн жил 71, 72 хувь авсан багш энэ жил 77 авбал ямар нэг байдлаар урамшуулал авах нөхцөл нь бүрдэнэ. Ахисан учраас тэр. 

- Багшийн ажлыг үнэлэхдээ сурагчдын сурлагын амжилтыг оруулах нь шалгалтын төлөө заадаг арга барилд шилжих магадлалтайг боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай хүн хэлсэн. Та ямар байр суурьтай байна вэ?

- Шалгалтын төлөө хичээл заана гэдэг бол буруу ойлголт. Үнэлгээг дагаж багшийн арга зүй, чадвар, хичээл төлөвлөлт гээд бүгд өөрчлөгдөж сайжирч явдаг. Жишээлбэл Эстони, Финланд гэхчлэн PISA-д өндөр амжилт үзүүлдэг улс үнэлгээгээрээ дамжуулж багш нараа чиглүүлж, хөтөлбөрөө сайжруулсан. Үнэлгээний шинэчлэлтээ 100 хувь хийсний үндсэн дээр тэр улс орнуудын боловсролын хүртээмж чанар эрс сайжирсан туршлагууд бий. Манай улсын хувьд үнэлгээний шинэчлэл хийх ажил үргэлжлүүлсээр байна. 

- Үнэлгээтэй холбоотой багш нар албан ёсоор гомдол гаргасан тохиолдол байдаг уу?

- БҮТ багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ, Элсэлтийн Шалгалт, Монгол хэл бичгийн шалгалт гээд ямар ч үнэлгээ хийсэн бай үргэлж нээлттэй байдаг. Тухайн багш, суралцагч өөрөө үр дүнтэйгээ санал нийлэхгүй бол ажлын тав хоногт багтаж манайд хүсэлтээ гаргаад, өөрийн эх материал, яаж оноог нь тооцсон аргачлалтай танилцах зэрэг нь нээлттэй. 

- Гүйцэтгэлийн үнэлгээ цаашид энэ хэлбэрээрээ явах уу. Яаж шинэчилж сайжруулах вэ?

- Гүйцэтгэлийн үнэлгээ гурав дахь удаагаа хийгдэх гэж байна. Улам илүү боловсронгуй болгож сайжруулах ёстой. 

БҮТ хөндлөнгийн үр дүнгийн үнэлгээ зохион байгуулах чиг үүрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээг ажлын үр дүнд тулгуурлаж багшийн ажлын үр дүнг үнэлэх соёлыг тогтоох, энэ ойлголтыг багш, сургуулийн түвшинд зөв хүргэх зорилготой эхлүүлээд ажиллаж байгаа. Үүний тулд эхлээд нэгдсэн байдлаар БҮТ зохион байгуулж, сургууль багш нараас аваад байгаа юм.

Цаашдаа энэ үнэлгээг үе шаттайгаар орон нутагт нь шилжүүлнэ. Гурван жил хийгдэж байна гэдэг нь орон нутгийн Боловсролын газруудыг тодорхой түвшинд чадавхжуулж, сургуулийн үнэлгээний баг, хариуцсан мэргэжилтнийг удирдлага зохион байгуулалтаар ханган чадавхжуулсан гэсэн үг. Дараа жилээс үе шаттайгаар үнэлгээний зохион байгуулалтыг орон нутагт шилжүүлнэ.

Энэ жилийн тухайд Багш нарын их хурлаас гарсан санал, өмнөх жилүүдийн зөвлөмжид тулгуурлан сайжруулж байгаа юм нь Заах Аргын Нэгдэл(ЗАН)-ээс багш нарыг үнэлдэг байсныг болиулж байгаа. Мөн эцэг эхчүүдээр багшийг үнэлүүлэх асуулгыг болиулж байгаа. Харин байгууллагын талаарх асуулга үнэлгээг авна. Энэ мэтчилэнгээр багшийг яаж илүү бодитоор үнэлэх боломж байна гэдгийг хэрэгжүүлж байна. 

- Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн хэзээ гарах вэ?

- Журмын дагуу үнэлгээ авагдсанаас хоёр сарын дотор зарлагдах ёстой. 



2023 онд үнэлгээнд хамрагдсан багш нарын 51.7 хувь нь урамшуулал авчээ

Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ өмнө нь хоёр удаа хийгдсэн. Эдгээрийн үр дүнг харвал анх удаа буюу 2022 онд үнэлгээнд хамрагдсан багш нарын 3.23 хувь нь нэгдүгээр түвшинд хамрагдаж байжээ. Харин 2023 онд нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн багш 5.21 хувь болж өссөн байна.

Түүнчлэн эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан бол 2023 оны үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авчээ. 

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сургуулийн үнэлгээний талаарх мэдээллийг энд дарж авах боломжтой юм байна. Түүнчлэн гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврын агуулгын хүрээтэй БҮТ-ийн цахим хуудас руу орж танилцах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.29] 2024/8/21
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний ажлыг үнэн бодитойгоор нь үнэлэх чадваргүй сургуулийн захиргаанаас болж хохирсон тохиолдолд хаана хандаж болох вэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.9] 2024/4/28
Багш болбол насаараа өр зээлтэй, ядуу тарчиг, нэр хүндгүй амьдрал хүлээж байдаг. Тиймээс хэзээ ч багш болж болохгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.124] 2024/4/27
12 жилийн сургууль болгох саналыг ард иргэдээс авах байсан ажээ. Ард иргэдийн мянга мянган хүүхдүүд сурч байгаа шүү дээ.
0 | 1 Хариулах
irgen [66.181.161.217] 2024/4/27
etseg ehchuud bagshiig dugnene gej yu baih ve,iim zavaan yumnaas chin bolij olon bagsh ajillah sonirholgui bolj bna
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.173] 2024/4/27
Их давраад даличигнаад хүн загнаад бсын боломж олдлоо сайхан шантаажилнаа гоё ингээд олон долоон юм донгосцгоож байг багш нар юүн гоё юм өөрснөө л атганд ороод ирдийн бна шд хөөрхөн юмаа.
0 | 0 Хариулах
1235 [202.126.88.209] 2024/4/25
Хамгийн чухал бөгөөд сайн тал нь энэ үнэлгээг зохион байгуулсан ажлын үр дүнд багш нарын гүйцэтгэлийн үнэлгээнд бодитой ахиц гарсан байна. Энэ маш чухал. Багш нар энэ ажилд өөрсдөө идэвхтэй оролцож өөрийгөө цаашлаад сургуулиа өөд татахад зүтгэлтэй хандах хэрэгтэй. Ер нь боловсролын салбарын үйл ажиллагаа гээдсэн нь үнэн. Тэгээд л 48% нь урамшуулал аваагүй байна. Энэ хувьд багтсан багш нар өөрсдөө идэвхтэй, санаачлагатай, хариуцлагатай байх хэрэгтэй. Багш бол нийгмийн үзэл бодлын эмч байдаг тул өөрсдөөрөө үлгэр дууриаллыг нийгэмдээ, эх орондоо харуулж байхыг хувь хүний хувьд ч төрийн албан хаагчийн хувьд ч санаж ажиллах ёстой. Уг нь ингэж шалгуулж, шаардуулах ёсгүй юм шүү дээ. Гэхдээ төр өөрөө анхааралдаа аваад багш нарыгаа дэмжих, хөгжүүлэх, урамшуулах арга, гарцыг хайж байгаагийнхаа хувьд үнэлэх нь зөв. Манай багш нар энэ үнэлгээг болиулах биш үүгээр далимдуулаад боловсролд эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэгийг зөв талаас нь авах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй байна
0 | 0 Хариулах
Хөөрхий муу багш нар [66.181.176.178] 2024/4/25
Багшийн цалин хэд болоод ингээд байдаг юм бол доо. Багш нар Со мэтийн орнууд руу явахын түүс болсон ихэнх нь угаасаа ажлаа солиод амьдралаа бодсон байхаа. Шалгана ч гэх шиг
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.100] 2024/4/24
Хичээлийн жилд хичээл заадаг багш нь 2-3 удаа солигдоод нэрийг нь ч зүсийг нь ч танихгүй байж яаж үнэлэх вэ дээ тэгээд энэ хичээл 2-3 багш солигдчихоор хүүхэд юу сурах вэ ? Зарим багш нар дургүй бсан хичээлд дуртай болгож бна зарим эсрэгээрээ сайн нь ч бна муу нь ч бна энийгээ харин яаж ялгаж салгаж үнэлдэг юм бга юм
2 | 0 Хариулах
Зочин [90.188.241.253] 2024/4/24
Ер нь бол шалгалт нь гүйцэтгэлээ сайжруулах арга, хэрэгсэл болохоос биш багш, сурөгчдыг шийтгэх хэрэгсэл биш. Дээрээсээ хэтэрхий их ач холбогдол өгөөд ирэхээр багш нар шалгалтын үр дүнгээр хөөцөлдөөд бусад чухал зорилгуудаа орхигдуулдаг юм шиг санагддаг. Жишээлбэл хүүхэд бүрийн сурах арга, барилыг олж, хүсэл эрмэлзэлтэй болгох, хүн ёсны хүмүүжлийг түлхүү олгох гэх мэт
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.132] 2024/4/24
Намар хичээл 9сараас номгүй гээд хичээл ордоггүй.11сараас ном өгдөг.Багш хичээл орж байгааг хичээлийн дэвтэр,даалгавар,хүүхдийн хичээлээс юу ойлгосноос дүгнэж болно.Хичээлд юу заагаад байгааг ойлгодоггүй,юу хийсэн дэвтрийн шалгадаггүй.Түмний хүүхдийн ирээдүй цаг хугацаагаар тоглодог багш нар олон байгааг анхааралдаа авах цаг болсон шүү./Боловсролын боловсорч чадаагүй хүмүүс,яаж боловсрол ярьж туйлширч байгааг харах ичгүүртэй.Өнөөдөр Монголоороо зөв бичдэг,ном уншдаг хүүхэд байхгүй болтол нь хичээл заасан байгаа юм.Ном уншихгүй яаж боловсрол эзэмших вэ?
0 | 0 Хариулах
1235 [202.126.88.209] 2024/4/25
Сайн байна уу?. Таны шүүмжлэлд хариулахад та энэ шүүмжлэлээс гарах аргыг нь багшид нарт, хүмүүст хэлбэл үг чинь улам хэрэгтэй байхыг сандаа
0 | 0 Хариулах
Зочин [90.188.241.253] 2024/4/24
Эцэг эхийн үнэлгээ ямар нэг хэмжээгээр багшийн үйл ажиллагааг дүгнэхэд орох л ёстой. Сургалтын бүтээгдхүүнийг эцсийн хэрэглэгч бол сурагч, тэдний эцэг, эх л байна биздээ.
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.170] 2024/4/24
БАГШ НАР ХҮҮХЭДТЭЙ МАШ МУУ АЖИЛЛАДАГ НЬ ХУДЛАА БИШ
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.29] 2024/8/21
Бүх багш нарын ажлыг ингэж үгүйсгэж болохгүй ээ. Нотолгоо баримттай шүүмжлэх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.141] 2024/4/23
Bagshiin ajliig etseg eheer dugnuuleh hudlaa, harin buduuleg hargis bagsh nara halmaar bna. Barag humuusiin durtai sain gesen toonii bagsh nar hamgiin muuhai huchirhiilegch nar baidag yum bnalee
0 | 1 Хариулах
БҮТ [202.21.127.187] 2024/4/23
Энэ халзан төсвийн мөнгөнөөс идэж уусаар нүдэн дээр бүр хагартлаа таргалж байна шүү. АТГ-ийнхан шалгавал овоо юм гарнаа энэний халааснаас.
2 | 0 Хариулах
Hereglegch [103.212.118.31] 2024/4/23
Үнэхээр хүүхэдтэй зөв харилцаж, хичээлээ ангийн бүх хүүхэд жигд сурлагатай байхад муу үнэлгээ өгөөгүй л байж таараа. Багш үнэлгээндээ сэтгэл хангалуун биш байгаа бол аль судалгаан дээр доогуур үнэлгээ авсан байна гээд тэр зүйлээ засах ёстой байхад чинь утгагүй юм
9 | 2 Хариулах
Зочин [203.91.115.56] 2024/4/23
Эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаанд оролцох оролцоо сул, идэвхгүй бдаг. Тэд нараар сургуулийг үнэлүүлнэ гэдэг ч өрөөсгөл
4 | 1 Хариулах
Зочин [90.188.241.253] 2024/4/24
Эцэг, эхчүүд багшийн үнэлгээнд ямар нэг хэмжээгээр оролцох субьект мөн шүү. Сургалтын үйл ажиллагаанд сул оролцдог гээд хасах биш идэвхтэй оролцуулах тал дээр л анхаарах нь зүйтэй
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.173] 2024/4/26
Эцэг эхчүүд а холбогдоо өгч үнэлдэггүй юм билээ. Ихэнх нь хүүхдүүд нь бөглөчихдөг юм бна лээ. Тэгэхээр үнэлгээнд оролцох шаардлага бхгүй бхаа. Багшийн ажлыг тэгж үнэгүйдүүлээд яахав.
0 | 1
Зочин [66.181.182.216] 2024/4/28
Хүн чанар муутай хүн том нүгэл үйлддэг
1 | 0