Индэр    
2022 оны 11 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Танай хүүхдийн ангид аутизмтай хүүхэд байдаг бол…

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бусдыг байгаагаар нь хүлээж авах нь өнөө цагт хувь хүний хамгийн том ур чадвар болсон.

БШУЯ болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 6,189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Үүнээс 

  • Сэтгэцийн бэрхшээлтэй - 1,190
  • Хавсарсан бэрхшээлтэй - 2,001
  • Оюуны бэрхшээлтэй - 47 хүүхэд байгаа юм. 

"Манай улс боловсролд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа оюуны бэрхшээлийн төрлийг аутизм, дауны синдром гэж нарийн ангилдаггүй байсан бол 2023 оны нэгдүгээр сараас эхлэн энэ ажлыг сайжруулж, шинээр бүртгэж эхэлнэ" гэдгийг Үндэсний Статистикийн хорооноос хэлсэн. 

Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдсэн билээ. 

Иймд олон нийтийн тэр дундаа эцэг, эхчүүдийн хандлагыг өөрчилж, эерэг сэтгэлзүйд бэлдэх зорилгоор дараах зөвлөгөө ярилцлагыг Монголын Аутизмын Холбооны эх сурвалжтайгаар бэлтгэн хүргэж байна.


Манай улсад ЕБС болон цэцэрлэгийн нэг ангид ойролцоогоор хэдэн аутизмтай хүүхэд сурч байгаа тухай албан ёсны тоо гараагүй бөгөөд дунджаар сургууль, цэцэрлэг нэг бүрд АХЭ буюу Аутизмын хүрээний эмгэг 1-5 хүүхэд бий гэдгийг Монголын Аутизмын Холбооны зүгээс хэлэв. Энэхүү байгууллага нь Монголд байгаа аутизмтай хүмүүс, тэдний гэр бүлүүдэд туслах зорилгоор аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм. 
Аутизмтай хүүхдийн давуу тал 
  • Аутизмтай хүүхэд харааны ой тогтоолт маш сайн байдаг буюу мэдээллийг хараагаараа илүү сайн хүлээж авч тогтоодог. Үзсэн харснаа мартдаггүй, очсон газраа хаана юу байсантай нь бүхлээр нь цээжлэх чадвар өндөр хүүхэд аутизмтай хүүхдүүд дотор олон байдаг.
  • Өөрт нь тохирсон аргаар харьцаж сургах юм бол ойлгож хүлээж авсан мэдээллээ тогтоох чадвар сайн байдаг. Ер нь ой тогтоолтын чадвар өндөр учраас багаасаа дуу шүлэг цээжлэхдээ сайн хүүхдүүд нэлээд байдаг.
  • Үсэг, тоо, өнгө, дүрс гэх зэргийг эрт сурдаг буюу гиперлекситэй хүүхдүүд олон байдаг нь мөн л аутизмтай хүүхдийн тархины үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Аутизмтай хүүхдүүд хөдөлшгүй, хувиршгүй мэдээллийг хүлээж авч тогтоох чадвар өндөр байдагтай нь энэ чадвар холбоотой юм.
  • Өөрийнхөө сонирхсон зүйлийг маш гүнзгий судалдаг, ингэхдээ энэхүү сонирхол нь хамаг бодол санааг нь эзлэх тохиолдол ч бий. Ийм үед хүүхдийн сонирхлоор дамжуулж сургах, харилцах нь маш үр дүнтэй аргачлал болдог бөгөөд тухайн сонирхол нь амьдралд нь тус болохуйц хэрэгтэй чиглэлд хөгжихөд эцэг эх, багш, эргэн тойрны дэмжлэг үзүүлж байгаа бүх хүн тусалбал цаашдын бие даасан амьдрал, ажил мэргэжилд нь тустай юм.
  • Нөхцөл байдлыг, уншсан эхийг, үзсэн киног ойлгохдоо нарийн, тодорхой мэдээллийг илүү сайн хүлээж авч тогтоодог учраас тэднээс хүний нэр, утасны дугаар, он цаг, хаяг байрлал зэргийг асуувал төвөггүй хэлээд өгнө. 
  • Бас нэг онцлог бол нэг хэвийн, өөрчлөгддөггүй орчин нөхцөлд дуртай учраас өөртөө дүрэм тогтоодог. Тиймээс ч зурган хуваариар гэх мэт өөрт нь тохируулсан аргаар ойлгуулсан дэг журам, дүрмийг чандлан сайн сахидаг.
  • Сэтгэл маш энгийн, гэнэн, хэнд ч муу санадаггүй, өнгө мөнгөний шүүлтүүрээр хэнийг ч оруулдаггүй, бүх хүнтэй ижил тэгш харилцдаг. Аутизмтай хүүхдүүд худлаа хэлдэггүй, шударга, үнэнч зантай байдаг.
  • Аутизмтай олон хүүхдийн сонсгол нарийн мэдрэмжтэй учраас гадаад хэл сурах, хөгжим, ялангуяа харааны ой тогтоол сайтай дээрээ давхар суурилан даралтат хөгжмийн зэмсгийг тоглож сурах, дуу аялгууг ялгаж сонсох, чадвар өндөр байдаг. 

Аутизмтай хүүхдийг хайрлах, хүндлэх ёстой шалтгаан 

Гэр бүлүүд үр хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн анхаарал тавьж, хайрлан өсгөдгийн нэгэн адил аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ бусдын адил хайрлан өсгөдөг билээ. Тэд хүүхдээ бусдаас ялгаатай хөгждөг, илүү анхаарал шаардлагатай гэдгээр нь биш гэр бүлд үр хүүхэд нь болж ирсэн учраас нөхцөл тавилгүй хүндэтгэн хайрладаг. Нөгөөтэйгүүр, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэн хүний Үндсэн хуульд заасан журамт үүрэг бөгөөд хүүхэд аз жаргал, хайр, ойлголцол бүхий гэр бүлийн орчинд өсөж бойжих эрхтэйг олон улсын конвенцоор баталгаажуулсан байдаг. Тиймээс аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд нь бусад хүүхдийн адил хүндлэгдэж, тэгш эрх эдлэн, гэр бүлийн хүндтэй нэгэн гишүүн байж, хайрлагдахад ямар нэгэн шалтгаан байхгүй юмаа.

Томчууд бид өөрийн хүүхдээ хэрхэн хайрлан хүмүүжүүлдэгтэй яг адил сэтгэлээр бусдын үр хүүхдийг хүндэтгэн хайрладаг байх нь хүний нийгэм оршин тогтнох нэгэн суурь

Аутизмтай хүүхдийн хайрлагдан хүндэтгэгдэх эрх нь Олон улсын Хүний эрхийн конвенц, Олон улсын Хүүхдийн эрхийн конвенц, Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хууль, Боловсролын тухай багц хуулиуд, БШУЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахтай холбоотой журам, заавар, тушаалууд гэх мэтчилэн эрх зүйн олон баримтаар баталгаажсан байдаг.

Аутизмтай сурагч хүүхдийн тань ангид байгаа бол харилцааны хүүхдэдээ ойлгуулах зүйл

Орчин тойронд тань аутизмтай хүүхэд байвал аль болох тэгш хамруулж, харилцаж, ойлгож, хүндэлвэл найз болох бүрэн боломжтой. Учир нь аутизмтай хүүхэд харилцах дургүй биш, харин эсрэгээрээ найзтай болохыг хүсдэг ч харилцааны чадвар сул байдаг болохоороо буруу харьцдаг, эсвэл харьцахгүй байдаг юм. Аутизмтай хүүхэд үе тэнгийнхний үлгэр дуурайлаас маш ихийг суралцдаг.

Хамруулна гэж яахыг хэлэх вэ?

  • Үйл ажиллагаанд хамруулах санаачилгыг гаргах. Аутизмтай хүүхэд чиний тоглоомд ч юм уу, өөр нэг хамтын үйл ажиллагаанд хамрагдахыг маш их хүсдэг ч яаж хамрагдахаа мэддэггүй буюу хамрагдмаар байна гэдгээ илэрхийлэх аргаа олдоггүй. Тэгэхээр яг яаж хамрагдах боломжтойг нь л тодорхой хэлж өгөх. 
  • Ижил сонирхол, хобби байна уу хараарай. Тэгвэл ярих, хуваалцах зүйлтэй болно. (кино, спорт, хөгжим, телевизийн нэвтрүүлгүүд...)
  • Тодорхойгүй, шинэ юмнаас аутизмтай хүүхэд айж болгоомжилдог учраас аль болох шинэ зүйл хийхэд нь дэмжиж туслах.
  • Өөрийг чинь тоохгүй байгаа юм шиг харагдаж байгаа боловч дотроо анзаарч байдаг учраас тоохгүй өнгөрөөж хэрэггүй юм. 

Харилцана гэж яахыг хэлэх вэ?

  • Харилцахдаа үгээ тод, удаан хэлэх. Дууныхаа чанга аяархныг тохируулаарай. Богино өгүүлбэрээр яриарай. Дохио, зураг, нүүрний хувирлаа сайн ашиглаарай.
  • Ярихдаа үгсийг шууд утгаар нь л хэрэглэх. Юу байна даа? гэж асуухад чинь “Харандаа байна” гэж хариулж мэднэ.
  • Юу зохисгүй байдгийг, юуг буруу хийснийг нь хэлж өгөөрэй. Тэгээд бас оронд нь яаж болохыг хэлж өгөөрэй.
  • Тааралдах бүрдээ мэндлэх. Хэчнээн яарч байсан ч “Сайн уу?” гэж хэлэхэд чинь, эсвэл зүгээр л гар барихад чинь аутизмтай хүүхэд өөрийг нь анзаарч, хүндэлж байгааг мэдэрч баярладаг.
  • Хүлээцтэй, тэвчээртэй байгаарай. Асуултад чинь хариулах гэж удаж магадгүй, буруу ойлгож магадгүй, тайлбарлаад өгөөрэй. Хариу өгөхгүй байгаа нь өөрийг чинь сонирхоогүй биш, зүгээр л хариулж амжаагүй байж болно.

Ойлгоно гэж яахыг хэлэх вэ?

  • Мэдрэхүй нь эмзэг гэдгийг мартуузай. Зарим дуу чимээ, үнэр, амт, материал, үзэгдэх юм тааламжгүй санагдаж байж магадгүй. “Зүгээр үү?” гэж асуугаарай. Түүнд амралт, завсарлага хэрэгтэй байж магадгүй юм. 
  • Юуг сонирхдог, юунд дуртайг нь мэдэж авахыг бодох. Тэгвэл сонирхлоор нь дамжуулж туслах боломжтой байж болно.
  • Ойлгомжгүй зүйл байвал багшаасаа асуух. Этгээд сонин зан үйл нь цаанаа заавал нэг шалтгаантай байдаг. Тэрийг нь ойлгоод мэдчихвэл чи түүнд туслах ч юм билүү.
  • Аутизмын тухай өөрөө ном, телевиз, интернэтээс мэдээлэл авах. Илүү ихийг мэдвэл илүү сайн ойлгох болно.
  • Аутизмтай найз чинь хачин сонин үйлдэл хийгээд байвал буруутгахаасаа өмнө ямар нэгэн юм илэрхийлж ойлгуулах гээд байгаа юм биш биз гэж бодох. Яагаад гэвэл харилцааны зөв аргыг эзэмшээгүй болохоороо буруу аргаар өөрийгөө илэрхийлдэг. 

Хүндэлнэ гэж яахыг хэлэх вэ?

  • Ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрч, давуу талуудыг нь олж харахыг хичээх. Бид нар бүгд тэгж л найзыгаа олж, найзалдаг.
  • Битгий айгаарай. Аутизмтай хүүхэд чамтай адилхан л хүүхэд. Зүгээр л илүү их тусламж дэмжлэг хэрэгтэй хүүхэд.
  • Өмөөрч, өмгөөлж хамгаалах. Өөр хүүхдүүд шоглож дээрэлхвэл битгий хамтраарай, харин хамгаалаарай. Заримдаа аутизмтай хүүхэд өөрийг нь шоглож байгааг мэддэггүй, ийм үед нь зохицуулж, хэлж тайлбарлаж өгөөрэй. Зохицуулахад хэцүү бол багшийн буюу том хүний тусламжийг авахыг зөвлөж байна. 
  • Тусалж дэмжихдээ хэмжээгээ тохируулах. Өмнөөс нь хийх биш, харин хамтдаа хийгээрэй. Бусдаас ялгаатай гэдгийг нь хэт дөвийлгөж харуулах хэрэггүй. Өөрөөр нь байлгаад, өөрөө чадах нь уу гэж харж байгаад тусламж хэрэгтэй бол оролцоорой. Ямар нэгэн зүйл зааж өгөхдөө үгээр тайлбарлахаас гадна үйлдлээрээ үзүүлээрэй.
  • Байнга магтаж урамшуулж байгаарай. Та ч гэсэн магтуулах дуртай биз дээ?
  • Давуу талуудыг нь олж хараад дэмжэх. Ой тогтоолт сайн, зөв бичгийн дүрмийн алдаа хийдэггүй, математикийн тоо бодлогодоо гаргуун, хөгжмийн сонсгол нарийн гээд олон чадвар аутизмтай хүмүүст байдаг.
Аутизмтай хүүхэд манай хүүхдэд үзүүлэх сайн нөлөө 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай зөв ойлголттой болдог. Багаасаа хамтдаа байгаа хүүхдүүд аутизм гэх зэрэг бэрхшээлийг зөв ойлгодог болно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд эергээр ханддаг болно. Хамтдаа байснаар бэрхшээлгүй хүүхэд илүү энэрэнгүй, тэвчээртэй, мэдрэмжтэй болдог.
  • АНУ-д хийсэн судалгааны үр дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт сурсан хүүхдийн манлайлах, хамтран ажиллах гэх зэрэг чадвар хөгждөг гэдгийг тогтоосон байдаг.
Хүүхдийн маань хичээл сурлага, ангийн үйл ажиллагаанд нь хэр нөлөөлөх бол?

Ямар нэгэн нөлөө үүсэхгүй, анги хамт олны бусад хүүхдийн адил хэмжээнд нөлөөлнө. АХЭ-тэй хүүхэд өөрөө танай хүүхдийн ангид байгаа нь таны хүүхдийг хүн төрөлхтөн дотроо олон төрөл байдаг гэдгийг ойлгодог. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг эрх тэгш, эерэг хандлагатай нийгмийг хамтран бүтээлцэх иргэн болгож төлөвшүүлж байдаг. Аутизмтай хүүхэд сонин сайхнаа хуваалцах, бодол санаагаа ярилцах чадвар сул хэдий ч хүүхдүүд бие биеэсээ суралцах боломж нь дандаа байдаг.

Аутизмтай алдартнуудын амьдралын жишээнээс... 
  • Өмнөд Африк гаралтай бизнес эрхлэгч Илон Маск 2021 оны тавдугаар сард "Saturday Night Live" нэвтрүүлгийг хөтлөхдөө өөрийгөө уг шоуг хөтөлсөн "Аспергерийн хам шинжтэй анхны хүн" гэдгээ зарласан. (Аспергерийн хам шинж гэдэг нь АХЭ-ийн нэг төрөл). Тесла, SpaceX зэрэг түүхэн дэх хамгийн шинэлэг компаниудыг үүсгэн байгуулагчийн хувьд Маск 150 тэрбум доллароос дээш хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм.
  • Темпл Грандин бол аутизмтай хүмүүсийн төлөө тэмцэгчдийн хамгийн алдартай төлөөллийн нэг юм. Түүний амьдралаар бүтээгдсэн “Тэмпл Грандин” кино нь Эмми кино наадмын шагналыг хүртэж байсан юм. Бага насандаа аутизмтай гэж оношлоход эмч нар түүнийг эмнэлэгт хэвтүүлэхийг санал болгож байсан ч эцэг эх нь түүнийг сургуульд хамруулан, мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлэхийг хүссэн юм. Одоо тэрбээр амьтны зан төлөв судлаач эрдэмтэн, аутизмын тухай хэд хэдэн номын зохиогч.
  • 2021 онд 83 настайдаа Энтони Хопкинс Оскарын шагнал хүртсэн хамгийн өндөр настай жүжигчин болжээ. Хопкинс нь аутизмын оношныхоо талаар олон нийтэд дэлгэсэн анхны Оскарын шагналтан юм. Тэрбээр кино үйлдвэрлэлийн салбарын хамт олны дунд их хэмжээний харилцан яриаг цээжлэх гайхалтай чадвараараа алдартай.
  • Дуучин Сюзан Бойл 2009 онд "Britain’s Got Talent" нэвтрүүлгийн шалгаруулалтад үзүүлсэн гайхалтай тоглолт цацагдсаны ачаар нэг шөнийн дотор дэлхийн од болсон юм. Тэрбээр 2013 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө Аспергерийн хам шинж гэсэн оноштой гэдгээ мэдэгджээ.
Хүүхдийн аутизмтай найзаа хүлээн зөвшөөрсөн жишээнээс... 

Нэгэн аутизмтай хүү ширээний теннисээр хичээллэх маш дуртай. Энэ салбартаа зөндөө олон амжилт ч гаргасан. Хүү хамт хичээллэдэг хүүхдүүдтэй найз болохыг, хамт байхыг хүсдэг хэдий ч бусад хүүхэд үл ойшооно, асуулт асуувал нь ганц хоёр үгээр хариулаад орхино. Хүү ганцаараа хоолонд орно, ганцаараа л гэртээ харина. Уг нь бол хэнд ч хор хийгээгүй, бусдаас ялгаатай зүйл нь гэвэл харилцах байр байдал нь л арай өөр

Тэгтэл ширээний теннисийн секцэд нь шинэ хүү ирлээ. Тэр хүү яг үеийнх. Тэгээд аутизмтай хүүг ийм байх ёстой гэхгүйгээр, байгаагаар нь хүлээж авснаар зогсохгүй давуу талуудыг олж хараад, түүнээс нь суралцах зүйл ч их байгаагаа фэйсбүүк пост дээрээ ч дурджээ. Тэр хоёр одоо бие биеэ тэмцээн дээр ээлжээрээ дэмждэг сайн найзууд болсон байна. Аутизмтай хүү ч найзаасаа хэрхэн ялагдлыг даван туулах, хэцүү нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх, хэрхэн төлөвлөгөө өөрчлөгдөхөд хүлээж авахыг үлгэр дуурайлаас нь, үг ярианаас нь сурч байгаа аж.

Аутизмтай хүүхдийн ээжээс аутизмгүй хүүхдийн ээжид хэлэх үг...

Таны хүүхдэд давуу тал ч, сул тал ч байдаг биз дээ? Хүмүүс бүгд хоорондоо ялгаатай.

Аутизмтай хүүхдийн хувьд харилцаж, нийгэмшихэд хүндрэл бэрхшээл тулгардгаараа ялгаатай. Тиймээс та өөрийнхөө хүүхдийн онцлогийг хүлээн зөвшөөрдөгтэй адилаар аутизмтай хүүхдийн минь ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч ойлгохыг хичээгээрэй.

Хэрэв манай хүүхэд таны хүүхдэд ямар нэг зохисгүй үйлдэл гаргасан бол багш, сургуулийн удирдлагад хандаж гомдол гаргахаасаа өмнө эхлээд ээж, аав болох бидэнтэй уулзаж, хүүхдийн маань тухайн үйлдлийг гаргах болсон орчин нөхцөл, шалтгааныг тодруулж асуудлаа шийдвэрлэхийг бодоорой. Та өөрийгөө бусад хүнтэй харьцаж найзалмаар байвч чадахгүй, өөрийгөө ойлгуулмаар байвч чадахгүй байна гээд төсөөлөөрэй. Тэгвэл миний хүүхдийн гаргасан үйлдлийг илүү сайн ойлгох байх.

Гэр бүл ч, сургуулийн орчин ч хоёулаа сурагчдыг хөгжүүлж боловсрол олгодог. Энэ хөгжих, боловсрох эрх миний хүүхдэд ч яг адилхан бий. Хоёр орчинд аль алинд нь сайн үр дүнд хүрэхийн тулд таны хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй.

Таны хүүхэдтэй хамт сурч байгаа аутизмтай хүүхдийн минь давуу талыг харахыг хичээгээрэй. Аутизмтай хүүхдийн талаарх сөрөг зүйлийг хэлэх, түүний чадна гэсэн итгэлийг сулруулахын оронд түүнийг ангийнхаа нэг хэсэг, найз нь гэдгийг хүүхдээрээ дамжуулан хэлж, ойлгуулж болох юм.

Хүүхдийг минь ойлгон дэмжиж байгаа танд баярлалаа.

Аутизмтай хүү найзтай болсон нь... 

Хүү: Ээж, энэ цэцэрлэгийн тоглоом дээр очиж хүүхдүүдтэй жоохон тоглоё.

Ээж: Үгүй ээ, гэртээ харьж гэрийн даалгавраа хийе.

Хүү: Гуйж байна, тавхан минут.

Ээж: За яах вэ таван минут л тоглоно шүү.

Хүү цэцэрлэгийн хашаа руу гүйн очиж тэнд байсан өөрийнх нь үеийн 7, 8 настнуудтай нийлэв. Тэд гулсуурын доор орж суугаад ярилцаж эхлэв. Ээж нь яриаг нь сонсоод хажуугаас нь ажиглаж байлаа.

Хүү: Намайг Төмрөө гэдэг.

Улаан цамцтай хүү: Намайг Билгүүн гэдэг. Энэ манай найз Түшиг.

Хүү: Манай ангид ч бас Билгүүн гэж байгаа. Манай ангийн даргыг Билгүүндалай гэдэг.

Улаан цамцтай хүү: Чи чинь юун ангийн дарга..., ангийнхаа хүүхдийг яриад байгаа юм бэ? За за, чи ерөөсөө яваа. Анхнаасаа энд байгаагүй юм байж.

Хүү ээж дээрээ гүйж ирээд

Хүү: Тээр ингээд л найз болчихдог байхгүй юу!