Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сараас багш, эмч зэрэг төрийн албан хаагчдын дундаж цалин ₮2.5 сая болно

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд сүүлийн нэг жилд хийсэн ажил, арга хэмжээ, хууль эрх зүйн шинэчлэл, бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг танилцуулах зорилготой уулзалт өнөөдөр зохион байгуулагдав. 

Энэ үеэр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах мэдээллийг танилцуулсан юм. 


Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг дахин 10-20 хувь нэмэгдүүлснээр дундаж цалин 2.5 сая төгрөг болох гэж байна.

Аймгийн төв, сум болон Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувь, бусад сумдад ажиллаж байгаа бол 40 хувь орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын байгууллагын соёлын ажилтанд таван жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин үйлчилж байна.

Жишээлбэл:

  1. Эмч, багшийн үндсэн цалин нь 1,273,000 төгрөг байгаа нь ирэх сараас 1,400,000 төгрөг болж 10 хувиар нэмэгдэнэ. Мөн аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1,680,000 төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1,960,000 төгрөг болно. 
  2. Аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтний үндсэн цалин нь 1,100,000 төгрөг байгаа нь дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 1,210,000 төгрөг болж 10 хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1,452,000 төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1,694,000 төгрөг болно. 
  3. Төрийн байгууллагад үйлчлэгчээр ажилладаг албан хаагчийн үндсэн цалин 750,000 төгрөг байгаа нь ирэх сараас 900,000 төгрөг болж 20 хувиар нэмэгдэнэ. Мөн аймгийн төв болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол үндсэн цалин 20 хувиар нэмэгдэж 1,080,000 төгрөг, суманд ажилладаг бол 40 хувиар нэмэгдэж 1,260,000 төгрөг болно.

Энэ оны байдлаар улсын хэмжээнд 226 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн

  • 64.6 хувийг эмэгтэй
  • 35.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. 

Төрийн нийтлэг үйлчилгээний албан тушаалд хамаарч буй

  • Архивын салбарын 1,911 албан хаагч
  • Цаг уур, орчны шинжилгээний салбарын 1,893 албан хаагч
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 443 ажилтан
  • Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 280 ажилтан
  • 2,700 нягтлан бодогч

Нийгмийн хамгааллын байгууллагын 84 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, арга зүйч, багш, бүлгийн багш нийт 7,311 албан хаагчийг ирэх сараас (2024.04.01) ажлын онцлог, нөхцөлөөс хамааруулан төрийн мэргэжлийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлнэ хэмээн мэдээллээ.