Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхжаргал: Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд туслах ажилтныг цагийн 10,000 төгрөгөөр цалинжуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Богино хугацааны бие даан амьдрах" хөтөлбөрийн танилцуулга "Түгээмэл хөгжил" ТББ-ын байранд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр Японы ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр гурван жилийн хугацаанд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдруулах төслийг хэрэгжүүлэхээр болсныг мэдээлэв. 

Төслийн хүрээнд зориулалтын хоёр байр бэлтгэж, жилд 20 иргэнийг хамруулахаар ажиллаж байгааг "Түгээмэл хөгжил" ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал хэлж байлаа. 

"Ажлын байрыг ихэвчлэн оюутан залуус сонирхож байгаа"

Мөн тэрбээр "Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан тусгай хэрэгцээт иргэд гэр бүлээсээ тусдаа гарч, бие даан амьдрахад туслах юм. Тодруулбал богино хугацаанд буюу 2-4 долоо хоног өөр газарт амьдарч, нийгмийн амьдралд оролцоно гэсэн үг. 

Бие даан амьдрах энэ хугацаанд чадахгүй зүйлс тохиолдвол хувийн туслах буюу цагийн ажилчид тусална. Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд туслах ажилчдыг цагийн 10,000 төгрөгөөр цалинжуулна. 

Ажлын байранд бүртгүүлэх хүсэлтэй иргэд "Түгээмэл хөгжил" төвийн хуудсаар дамжуулан холбогдох боломжтой. Бид сургалтад хамруулан давхар ажлын байраар хангаж байгаа гэсэн үг. 

Одоогоор 30 гаруй хувийн туслах ажилчид бүртгүүлээд байна. Ажлын байрыг ихэвчлэн оюутан залуус сонирхож байгаа бөгөөд тэд хичээлийн бус цагаараа хийх боломжтой" хэмээв. 

"Гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 60 хүнийг тусад нь гаргаж, бие даан амьдруулна" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Жилд тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 иргэнийг гэр бүлээс нь тусдаа гарган бие даан амьдруулна. Гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 60 хүнийг тусад нь гаргаж, амьдруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Тэргэнцэртэй хүмүүст орон сууцанд амьдрахад шат, босго зэргээс эхлээд хүндрэл гардаг. Тиймээс ч тусгайлан хоёр байрыг бэлдсэн. Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тусгай хэрэгцээт иргэдийг нээлттэй хүлээн авч байгаа. Гэхдээ тодорхой шалгуур үзүүлэлт бий. 

  • Нэгдүгээрт бие даан шийдвэр гаргах буюу 18-аас дээш настай байх
  • Хоёрдугаарт нийгмийн амьдралд түлхүү оролцуулах үүднээс гэртээ хэвтэрт байдаг хүмүүсийг сонгон авч байгаа. 

Гэртээ асаргаанд буй хүмүүсийг энэ төсөлд голчлон сургаж авч байна. Хэрэв нийгмийн амьдралд оролцоход хүндрэл үүсвэл хувийн туслах ажилчид тэдэнтэй хамт явна" хэмээн хэллээ. 

"Гэртээ байгаа залуусыг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх сэдлийг өгөхөд төслийн зорилго оршино"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бие даан амьдрах хөтөлбөрийн менежер Г.Эрдэнэзул "Бэрхшээлийнхээ онцлогоос шалтгаалан тусгай хэрэгцээт хүмүүс нийгмийн амьдралд тэр бүр оролцож чаддаггүй. Заавал бусдын тусламжийг авч, нийгмийн амьдралд ордог. 

Тиймээс төслийн гол зорилго бол гэртээ байгаа залуусыг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх сэдлийг өгөхөд оршино. 

Гэмтэхээсээ өмнө өөрсдийн хүссэн бүхнийг хийдэг байсан. Харин гэмтсэний дараа бүх зүйл бусдаас хамааралтай болчихдог. Тиймээс амьдрах утга учиртай, нийгмийн амьдралыг мэдрүүлэх зорилготой төсөл. 

Хүний жам ёсны бүх зүйлийг хийхэд боломж бүрдүүлэх үүднээс төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслөөр дамжуулан бүх сургалт орно. Тухайлбал 

  • Сэтгэл зүй
  • Санхүү хөрөнгө мөнгөө хэрхэн бие дааж зохицуулах
  • Гадаад орчинд бие даан амьдрах
  • Хувийн туслах хэрхэн авах сургалтыг орно. 
Цаашилбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн асуудал ч багтана. Энэ бол хүн бүрийн ярьж чаддаггүй сэдэв. 14 хоногийн хугацаанд нөхөн үржихүй буюу бэлгийн боловсролын сургалтыг хүртэл оруулж өгч байгаа. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухайд энэ сэдэв бүр хаагдчихдаг.

Мөн хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил дээр нь очиж танилцах уулзалтыг зохион байгуулна.

Өнгөрсөн жилээс эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөдөлмөр эрхэлж буй залуустай ажиллах хувийн туслахын санхүүжилтийг улсаас шийдээд өгсөн.

Энэ төслөөр дамжуулан ажлын байртай болбол төсөл дууссаны дараа тэдгээр иргэн хувийн туслахаар дамжуулан ажилдаа явах боломжтой болно. Хувийн туслахын зардлыг нь улсаас даана" хэмээв.