Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

"50 айлын хашаанд хүлэмж барьж, усалгааны систем суурилуулж өгнө"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-наас "Мод үржүүлэгч" төслийн хүрээнд хашаандаа мод тарьж ургуулж, идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгжид өнөөдөр хүлэмж гардууллаа. 

Тэрбум модны амлалт аваад буй энэ үед манай улсад тохирсон модны тарьц, суулгац хангалтгүй байгаа учир иргэдийг энэ чиглэлд ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх зорилгоор уг төслийг эхлүүлжээ. Ийнхүү шалгарсан эхний 50 өрхөд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 

Тус 50 өрхөд дараах дэмжлэгийг үзүүлэх аж. 

  • Хашаанд нь хүлэмж барьж өгнө
  • Хүлэмжийн аж ахуйг хэрхэн эрхлэх аргыг заана 
  • Мод үрсэлгээний үрээр хангана 
  • Хөрс сийрэгжүүлэгч усалгааны системийг хашаанд нь суурилуулж өгнө. 

Ингэснээр хашаандаа мод тарьж буй өрхүүдийг мод үржүүлэгч хувийн бизнес эрхлэгч болох боломжийг бий болгож байна гэдгийг албаныхан онцолж байв. 

"Мод арилжааны онлайн биржтэй болно"

БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар "Ирэх дөрөвдүгээр сард мод арилжааны онлайн биржийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа. Тус биржээр дамжуулж өрхүүд үрсэлгээгээ борлуулан орлоготой болох боломжийг нээж өгөх юм. 

Өмнө нь мод үржүүлгийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд эрхлэх ёстой гэсэн хууль, дүрэмтэй байсан ч өнөөдрөөс эхлээд гэр хорооллын 220 мянган өрх бүгд мод үржүүлэгч болж, бизнес эрхлэх боломжтой болж байна. Төсөлд шалгараад буй эхний 50 өрх нь энэ ажлын эхлэл, загвар өрхүүд болж байгаа юм. 

5х6-ийн хэмжээтэй хүлэмжид нийтдээ 50,000 үрсэлгээг нэг дор үрслүүлэх боломжтой. Гэр хорооллын тоосжилтыг мод л дарна. Иймд айл, өрхүүдэд мод тарих боломжийг нээж өгснөөр тухайн өрхдөө ч эдийн засгийн хөшүүрэг болж өгнө. Олон жил ярьсан ч эдийн засгийн хөшүүрэггүй нь улмаас хэрэгжихгүй байсан" гэв.