ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Хосолмол арга нь сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлж байна”

ikon.mn
2024 оны 3 сарын 7
IKON.MN

Дэлхий нийтээрээ багш төвт сургалтаас сурагч төвт сургалт руу шилжиж, өөрөө өөрийнхөө сурах аяллын эзэн болох эрхийг хүүхдэд шилжүүлж байна.

АНУ-ын Нью Йорк хотноо 2022 онд НҮБ-ын зохион байгуулсан “Хувьсаж буй боловсрол” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтаар дэлхийн улс орнууд боловсролын салбарт үүсээд байгаа хэд хэдэн асуудлыг хөндсөний нэг нь уламжлалт сургалтын зарим ойлголтыг халж, цахим шилжилтийг эрчимжүүлэх тухай байв. Өөрөөр  хэлбэл багш төвт сургалтыг сурагч төвт сургалтын шинэлэг аргуудтай хослуулах юм.

Багш төвт сургалттай хослуулан хэрэгжүүлж болох сурагч төвт сургалтын хэд хэдэн арга байдгаас дурдвал, гэр сургуулийн (home school), монтессори, тоглоомын, асуулгын, интерактив гэх зэрэг юм. Эдгээрээс хүүхэд бүрийг тэгш хамруулах боломжтой, хөрвүүлэн ашиглахад нэн тохиромжтой нь интерактив арга билээ.

Америкийн Нэгдсэн Улсын Боловсролын харилцаа холбоо, технологийн нийгэмлэгээс /Association for Educational Communications and Technology of the United States (AECT)/ эрхлэн гаргадаг “Боловсролын технологийн судалгаа, хөгжил” сэтгүүл уламжлалт сургалтыг интерактив сургалттай хослуулах нь ямар үр дүнтэйг судалсан ба хосолмол аргаар суралцсан сурагчид уламжлалт аргаар сурсан сурагчдаас илүү идэвхтэй суралцаж, сурлагын түвшин сайжирч байгааг тогтоожээ. (Эх сурвалж: www.jstor.org)

Тэгвэл манай улс ч мөн ийм интерактив сургалтыг боловсролын системдээ нэвтрүүлж, сургуулийн өмнөх болох ерөнхий боловсролын сурагчдыг хосолмол аргаар сургаж эхэлсэн. Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим аялал” нэртэй 180 гаруй интерактив хичээл бүтээсэн бөгөөд энэ хичээлүүдийг хэн ч, хэзээ ч, хаанаас ч  www.medle.mn цахим сургуулиас үнэ төлбөргүй үзэх боломжтой. 

“Цахим аялал”-ын хичээлүүдийг Монгол улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт нийцүүлэн Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнүүд, цэцэрлэг, сургуулийн багш, арга зүйчид хамтран бүтээсэн.

Жишээлбэл 1-р ангийн Монгол хэлний  хичээлээс “Хатуугийн тэмдэг” интерактив хичээлийг сонирхон судалбал:

Хичээлийн эхэнд “Онцгой хүчтэй хатуугийн тэмдэг” нэртэй гурван минутын хүүхэлдэйн анимейшн гарах юм. Мидо нэртэй цахим аялагч “Маамуу нааш ир” дууг сурахаар дууны үгийг дэвтэртээ бичжээ. Гэвч тэр хэд хэдэн үгийг буруу бичсэн байх тул найзууд нь түүнд хэрхэн зөв бичихийг заана. Ингээд Мидо үгийн утгыг өөрчлөх онцгой хүчтэй хатуугийн тэмдэгтэй танилцаж  дэгийн дагуу хэрхэн зөв бичихийг, дүрмийн дагуу хэрхэн зөв холбон зөв уншихыг сурна.

Хүүхэлдэйн анимейшний дараа 3 үетэй интерактив тоглоом эхэлнэ.  Тоглоомын эхэнд хүүхэд өөрийн хүссэн дүрээ сонгох боломжтой. Тоглоом тоглохдоо дүрд хувирах нь хүүхдийн төсөөлөн бодох, сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Эхний үе нь хатуугийн тэмдэг олох, 2 дахь үе нь зургийн утгад тохирох зөв бичсэн үгийг олох, сүүлийн үе нь зургийн утгад тохирсон зөв өгүүлбэрийг олох байв.

 

“Хатуугийн тэмдэг” интерактив хичээлийг ЭНД дарж үзнэ үү.

Сурагч төвт сургалт нь хүүхэд өөрийн сонирхдог сэдэв, дуртай хичээлээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чөлөөтэй суралцах, судлах боломжийг өргөсгөж,  бие даах чадварыг сайжруулдаг. Улмаар хүүхэд өөрөө өөрийгөө олж нээн, сурах их аяллаа илүү амжилттай удирдаж чаддаг болох юм. 

“Цахим аялал” интерактив хичээлийг хэрхэн үзэх зааврыг эндээс үзнэ үү.

Мэдээж, хүүхэд ямар ч аргаар суралцсан бай, эцэг эх, асран хамгаалагч, багшийн дэмжлэг тусламж, хүүхдэд үнэ цэнтэй хэвээр байсаар байхыг анхаарууштай.


Сэтгүүлч: Б.Мөнгөншүүдэр

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг