Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантөмөр: Малчдаас мал, мах худалдан авах 42 ААН, иргэний зээлийн хүсэлт арилжааны банкуудад судлагдаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Онцгой Комисс (УОК)-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр ХАА-н биржээр худалдаалагдаж буй мал, махны арилжааг танилцууллаа.

Хөдөө Аж Ахуйн Биржийн албаны дарга Б.Гантөмөр "ХАА-н бирж энэ онд мал, махны арилжаанд төвлөрөн ажиллаж байна. Өнгөрсөн сард мал, махны арилжааг албан ёсоор эхлүүлсэн.

Хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжлаа. Үүнд:

  • Хонины мах 440 тонн
  • Үхрийн мах 174.7 тонн
  • Ямааны мах 23.6 тонн
  • Адууны мах 147 тонныг биржээр арилжаалагдсан байна.

Биржээр арилжигдсан махыг зориулалтаар нь аваад үзвэл нийт махны 7.2% дотооддоо нийлүүлэгдсэн бол 92.8% экспортод гаргажээ.

Арилжааны ханш: /нэг килограммын үнэ/

  • Сарлагийн хөлдөөсөн мах 6,500-8,500 төгрөг
  • Үхрийн сэврээсэн мах 11,000-13,500 төгрөг
  • Үхрийн хөлдөөсөн мах 7,500-8,500 төгрөг
  • Хонины хөлдөөсөн мах 6,000-8,000 төгрөг
  • Хонины сэврээсэн мах 6,500-9,000 төгрөг
  • Ямааны хөлдөөсөн мах 4,500-5,500 төгрөгөөр зарагджээ.

Махны чанар, арилжаа зохион байгуулагдсан байршил зэргээс шалтгаалан ханш харилцан адилгүй байв.

Өвөлжилт хүндэрсэн Архангай аймагт махны, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт амьд малын арилжааг газар дээр нь зохион байгуулсан.

Одоогийн байдлаар Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх сумдад амьд малын арилжаа явагдаж байна.

Малчдаас ирсэн захиалгын дагуу амьд малын арилжааг зохион байгуулахад зам тээврийн хүндрэлтэй нөхцөл үүссэн. Мал худалдаж авах ААН-үүдийн тээврийн хэрэгслийг явуулах зам гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг УОК-т гаргаснаар нэгдүгээр сарын 25-наас Шуурхай Штабын ажиллагаа зохион байгуулагдаж, Сүхбаатар аймгийн Асгат, Дорнод аймгийн Матад суманд 27 айл өрхөөс 10,600 тоо толгой малыг "Дорнод мах маркет", "Баянтал", "Тансан" зэрэг үйлдвэрт нийлүүлсэн.

Малчдын гар дээрх мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой хөнгөлөлттэй зээлийг ХАА-н бирж мал, мах худалдан авах 42 ААН, иргэний хүсэлтийг хүлээн авч, арилжааны 10 банканд зээл судлагдаж байна.

Говь-Алтай, Хөвсгөл, Завхан аймгийн малчдын махыг авахаар арилжааны баг очиж, ажиллаж байна.

Завхан аймгийн 12 сумын 75 малчин 334 тонн мах, Хөвсгөл аймгийн гурван сумын 47 малчин 503 тонн махыг гар дээрээс худалдаалах захиалгаа ирүүлжээ. Орон нутгийн холбогдох албатай хамтран арилжааг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэв.

Гуравдугаар сарын 15-наас Төв аймгийн Аргалант сум дахь ложистикийн төв дээр мал, махны арилжааг долоо хоног бүр тогтмол зохион байгуулахаар болжээ. Ингэснээр малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой болох аж.

ВИДЕО: 

https://www.facebook.com/100064357072177/videos/934418258209716