Олон улс судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай Хятад Монголын худалдаа, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.
- Хятад улстай эдийн засгийн хувьд илүү өргөн хүрээнд харилцдаг. Тэгвэл хоёр улсын худалдаа эдийн засгийн өнөөгийн түвшин ямархуу байгаа вэ?
- Мэдээж бид хоёр хөрштэйгөө худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаатай байснаар Монгол Улсын эдийн засаг өснө. Тэр утгаараа танд сүүлийн үеийн судалгааны зарим тоо баримтуудыг хүргэе гэж бодлоо. 2023 оны байдлаар Хятадын статистикийн мэдээгээр БНХАУ, Монгол Улс хоёр талын худалдааны эргэлт 16.59 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.1 хувиар өссөн байна. Инфляц, цар тахлын хүндрэлийг үл харгалзан нүүрс болон бусад түүхий эдийн худалдааны өсөлтөөс шалтгаалж Монгол Хятадын худалдаа импорт, экспорт хоёр оронтой тоогоор өссөн байдалтай байгаа. Нөгөөтэйгүүр 2015-2023 оны хоорондох Монгол. Хятад хоёр орны худалдааны статистик дээр анализ хийсэн.
- Найман жилийн статистик дээр анализ хийсэн гэж үү. Ингэхэд хоёр талын худалдаан дээр ямар нөхцөл байдлууд ажиглагдаж байна вэ?
- 2015-2023 оны хугацаанд Хятад Монголоос импортолсон шилдэг таван бүтээгдэхүүнийг хэлье. Коксжих нүүрс, зэсийн хүдэр болон баяжмал, түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос, самнаагүй ноолуур, бусад төрлийн нүүрс гэсэн таван бүтээгдэхүүн байна.
2015-2023 оны худалдааны статистикаас харвал Хятад Монголоос 59.74 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бол Хятадаас Монгол руу 17.42 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна.
Эдгээр жилд Монгол Хятадын хоёр улсын худалдаа Монгол талдаа худалдааны тэнцэл үргэлж ашигтай гарч нийтдээ 42.32 тэрбум ам.доллар байсан нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 160 орчим улс оронтой Монгол Улс гадаад худалдаа хийдэг. Худалдааны тэнцэл ашигтай гардаг нэг л улс бий нь БНХАУ юм. Харин 2015-2023 он хүртэлх хугацаанд Хятадаас Монголд экспортолсон таван бүтээгдэхүүн нь цахилгаан эрчим хүч, ачаа бараа тээвэрлэх зориулалтын бусад чиргүүл. хагас чиргүүл, хагас чиргүүлийн зориулалттай, хуурай замын трактор, тээрмийн (бутлуурын) бөмбөг болон бутлуурын зориулалттай, түүнтэй төстэй эдлэл, төмөр эсвэл ган хийц түүний эд анги багтаж байна.
- Энэ хугацаанд Хятадын талаас хамгийн ихээр экспортолсон ТОП-5 бүтээгдэхүүний эхэнд цахилгаан эрчим хүч байгаа нь сонирхол татаж байна. Энэ ямар учиртай вэ?
- Энэ нь Оюу толгойн болон боомтуудын цахилгаан эрчим хүч гэсэн үг. Цаашид ч тус уурхайн болон боомтын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэхээр байна. Мөн өнгөрсөн жилүүдэд уул уурхай, барилга, дэд бүтцийн төслүүд хэрэгжихийн хэрээр Хятад улсаас үйлдвэрлэлийн орц, төмөр ган хийц, хүнд даацын ачигч машин чиргүүлүүд эдгээр жилд импортолжээ.
- Цаашид хоёр улсын хувьд ямар худалдаа илүү өргөжих хандлагатай байна вэ?
- Эрчим хүчний секторын хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. 2015- 2023 оны статистикаас харвал хоёр улсын худалдаа эргэлт дотор, 40 гаруй хувийг хамарч байна. Цаашид ч өсөх төлөвтэй байгаа.
Ялангуяа Монгол Хятадын төрийн өмчит компаниуд голлон хамтын ажиллагаагаа өргөжүүлж урт хугацаанд олон сая тонноор нүүрс худалдан авах гэрээ байгуулж, уул уурхайд ашиглах тэсрэх дэлбэрэх бодис, нефтийн бүтээгдэхүүн Монголын талд нийлүүлэх, олборлолт ашиглалт, тээвэрлэлт хамтарч хийх зэргээр тоо биет хэмжээг өсгөж байна. Сонирхолтой нь Хятад улсын Монголоос авах импорт дотор бараа бүтээгдэхүүний төрөл 2017 оноос жилээс жилд буурч 2023 он гэхэд жилдээ 227-оос 150 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн болсон байгаа юм.
160 орчим улс оронтой Монгол Улс гадаад худалдаа хийдэг. Худалдааны тэнцэл ашигтай гардаг нэг л улс бий нь БНХАУ
Монгол Улсын экспортын бүтцийг өөрчлөх, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхээр гадна дотноос олон төсөл хөтөлбөр хэрэгждэг боловч бодит байдал дээрээ худалдааны хамгийн том түнш Хятад улстай хийж буй худалдаан дээр төрөлжихгүй улам уул уурхай, эрчим хүчний сектор давамгайлж биет хэмжээ бодитоор өссөөр байна. Хятад улс Төв Азийн орнуудаас тухайлбал, Узбекистан зэрэг улсаас авах импортын бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл олширч, нэмэгдэж байгаа юм.
Хятад улсын гадаад орнуудаас импортоор авах коксжих нүүрсний биет хэмжээ тогтвортой биш. Монгол Улсаас авах импортын хэмжээ нь мөн л тогтворгүй. Учир нь энэ нь Хятадын дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг. 2023 оны байдлаар, Хятадын тал 53.9 сая коксжих нүүрс Монголоос импортолсон байдалтай байна.
- Манайхаас Хятад руу экспортлох бараа бүтээгдэхүүний төрлийн тоо буурсан гэж байна. Тэгвэл энэ жил хоёр улсын худалдааны хэмжээ түүхэнд байгаагүйгээр өслөө гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?
Монгол, Хятадын худалдааны бүтцээс авч үзвэл, уул уурхай. эрчим хүчний секторын салбар нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл байсаар байна.
- Хятад улсын гадаад худалдааны тоо хэмжээ ер нь ямар байдаг юм бэ?
-2023 онд Хятадын гадаад худалдаа 5.94 триллион ам.долларт хүрсэн. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны 4.64 триллион ам.доллартой харьцуулбал 34.9 хувь өсөлттэй байна. 2022-2023 онд Хятадын гадаад худалдаа буурахад гол худалдааны түнш болох Америк, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Герман, Нидерланд гэх мэт улстай хийх худалдаа голчлон буурсан. Эдгээр оронд тулгарч буй геополитикийн болон цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл инфляц зэргээс хамаарч Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт буурснаас голлон шалтгаалсан.
Хятад улс ОХУ, Бразил, Мексик, Саудын Араб зэрэг орнуудтай худалдаа хийх харин эсрэгээрээ өсөлттэй гарсан байна лээ. Хятадын эдгээр топ-20 орнуудтай хийх худалдаа нь нийт худалдааны 70 хувь орчим байдаг.
- Мэдээж манай улсын нүүрсний экспортын ихэнх хувийг Хятад улс руу гаргаж байгаа нүүрсний экспорт эзэлдэг. Тэр утгаараа Хятад Монголын нүүрсний худалдааны сүүлийн үеийн тоо мэдээлэл ямар байна вэ?
- Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үйлдвэрийн түүхий нүүрсний олборлолт тогтоосон хэмжээнээс давж 410 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн жилдээ 4 тэрбум гаруй тон нүүрс дотоодоосоо олборлодог. 2023 онд Хятад улс 474.42 сая тонн хэмжээ бүхий 52.97 тэрбум ам.долларын бүх төрлийн нүүрс гадаад орнуудаас импортолсон байна. Энэ хэмжээ нь Хятад улс түүхэндээ нүүрсний хамгийн өндөр импорт хийсэн хэмжээ болж байгаа юм. Сүүлийн 10 жилийн дундаж хэмжээ жилд 300 сая орчим тон нүүрс байдаг.
Хэмжээний хувьд 2022 онтой харьцуулахад 61.8 хувиар өссөн байна. Индонез улсаас хамгийн ихээр бүх төрлийн нүүрс импортолсон. Оросоос импортолж буй нүүрсний хэмжээ 50 хувиар өссөн байна. Геополитикийн нөхцөл байдал. хоёр талын харилцаанаас хамаарч Австралиас нүүрс авах хэмжээ өнгөрсөн жилүүдэд багасаж байсан ч 2023 онд эргэн сэргэж өндөр өсөлтийг үзүүлжээ.
Хятадын хувьд түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 69.95 сая тонн нүүрс Монгол Улсаас 2023 онд импортолсон. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 124.6 хувиар өссөн дүн гэж хэлж болно. Нийт нийлүүлсэн нүүрсний 53.93 сая тонн нь коксжих нүүрс байсан. Монгол. Оросын хувьд өнгөрсөн жилүүдэд тасралтгүй Хятадтай холбогдох төмөр замын болон боомтын нэвтрүүлэлтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж ирсэн.
Хятадын дотоодын болон импортын нүүрсний үнийн зөрүү цаашид багасах төлөвтэй байгаа тул 2024 онд Хятадын нүүрсний импорт буурна
Нөгөөтэйгүүр улс төрийн хувьд ч харилцан итгэлцлийг бэхжүүлж ерөнхийлөгч, ерөнхий сайдын түвшинд БНХАУ-д айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн нь нүүрсний экспорт нэмэгдэх гол шалтгаан боллоо гэж харж байгаа.
- Хятадын гадаад худалдаа цаашид тогтвортой болох уу?
- Хятадын гадаад худалдаа гол худалдан авагч болох Америк, Европ, Япон зэрэг орнуудын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч цаашид ч савлах магадлалтай. Үүнийг дагаад гол түүхий эдийн эрэлтүүд тогтворгүй байхаар байна. Хятад хоёр талт болон олон талт улс төрийн харилцаа болоод геополитикийн эрэлт хэрэгцээ нөхцөл байдлаас хамаарч Араб, Африк. Латин Америкийн хөгжиж буй хүн амын өсөлт өндөртэй орнууд болон Орос болон Казахстан, Монгол зэрэг зарим хөрш орнуудтай эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын хамаарал цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа.
Дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал геополитикийн сөргөлдөөнөөс хамаарч цаашид ч тогтворгүй байх төлөвтэй байгааг судлаачид ярьж байна. Тиймээс улс орнууд худалдаа хөрөнгө оруулалтаа тогтворжуулахаар идэвхтэй ажиллаж эхэлсэн.
Монгол Улс ч мөн адил нийгэм эдийн засгийн хөгжил шаардлагын улмаас Хятад улстай урт хугацаанд худалдаа эдийн засгийн харилцаагаа тогтвортой хөгжүүлэх шаардлагатай. Хоёр орон зах зээлийн орон зайгаа харилцан хүлээн зөвшөөрөх. эдийн засгийн түншлэл чөлөөт худалдааны хэлэлцээр гэх мэт худалдаа хөрөнгө оруулалтын томоохон хэлэлцээрүүдийг цаашид хийх шаардлагатай.
- Хятадын хувьд энэ оны эхнээс эхлээд нүүрсний импортын татвараа сэргээнэ гэж мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- 2022 оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн нүүрсийг татваргүй импортлохыг зогсоож 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын нийтэлсэн мэдэгдлийн дагуу, Хятад улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн нүүрсний импортын татвараа сэргээхээр болсон.
Нүүрсний импортын татварыг тэглэх хугацааг сунгасан нь 2023 онд Хятадын нүүрсний импортыг хурдацтай өсөлтийг дэмжсэн. Хятад улс одоогийн байдлаар ОХУ, АНУ, Өмнөд Африк, Монголын чулуун нүүрс, коксжих нүүрс, хүрэн нүүрсэнд гурван хувийн бусад нүүрсэнд зургаан хувийн MFN татвар ногдуулж байна. Үүний зэрэгцээ Австрали болон АСЕАН Индонезын нүүрсний импортын тарифыг Хятад улс чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу тэглэх нь Хятадын импортын нүүрсний зах зээл дээрх Монголын үнийн өрсөлдөх чадварыг сулруулна гэж харж байгаа.
Хятадын дотоодын болон импортын нүүрсний үнийн зөрүү цаашид багасах төлөвтэй байгаа тул 2024 онд Хятадын нүүрсний импорт буурна. Эдгээр бодлогын нөлөөнүүд 2024 онд Хятад Монголоос авах нүүрсний импортод нөлөөлөх, бодит хэмжээ буурах хандлага ажиглагдаж байгаа. 2024 оны төсвийн хуульд Монгол Улс 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Хэрвээ Хятадын Монголоос авах нүүрсний импортын бодит хэмжээ үнэ буурвал төсвийн орлого, татварын бүрдэл биелэхгүй буурахаар байгаа юм.
- Эцэст нь Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн харилцаанд цаашид анхаарах шаардлагатай зүйлсийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
- 2024 онд Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой тохионо.
Хоёр талын болон гурван талт өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд хүлээгдэж байна. Судлаачдын болон нийгэм, улс төр, бизнесийн түвшинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлал хийх талаар өндөр хүлээлттэй байгаа.
- Мэдээж Хятад улс руу гаргах төмөр замаа яаралтай холбох нь эдийн засагт чухал ач холбогдолтой байх даа...?
- Өнгөрсөн жилүүдэд говийн бүсэд, тухайлбал Дорноговь. Өмнөговь аймагт баригдсан төмөр замуудыг Хятадын талтай яаралтай холбоход анхаарах нь чухал.
Тухайлбал 2020 онд талууд зурсан "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг болон бусад төмөр замын хилийн боомт холбогдох баримтуудад дахин өөрчлөлт оруулж, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомт болон Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн шинээр холбогдох гурван төмөр замын боомтууд дээр сүүлд баригдсан Ханги- Мандалын төмөр замын боомтыг нэмэх шаардлагатай байна.
Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд БНХАУ-д айлчлал хийсэн нь улс төрийн харилцан итгэлцэл өндөр түвшинд байгааг харуулж байгаа. Хятадын тал ч хоёр талын харилцааг том зургаар харж нийгэм эдийн засгийн хэрэгцээг ойлгож хандаж байгаа гэж найдаж байна.
Төв Азийн орнууд тухайлбал Казахстантай гурван төмөр замын хилийн боомтоор ирэх жилүүдэд Хятад улстай холбогдохоор байна. Хятад-Киргизистан- Узбекистаныг холбосон төмөр зам баригдаж байна.
Хятадын Лаосын төмөр замын ашиглалтад орсон зэргээс харвал Хятад улс төмөр зам дэд бүтцийн холболтуудыг хөрш орнуудтайгаа ихээр хийж байгаа юм. Тиймээс энэ боломжоос Монгол Улс ч хоцрох ёсгүй. Өнгөрсөн жил хоёр талын ачаа эргэлт 110 сая тонн хүрсэн. Тэр утгаараа худалдаа экспорт импорт үлэмж хэмжээгээр нэмэгдэхийн хэрээр Монгол Улс Хятад улстай түргэн хугацаанд говийн бүсийн төмөр замын боомтуудыг холбох зайлшгүй шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!