Уншиж байна ...

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурал(УИХ)-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиевийн урилгаар 2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхаж, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгах, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.