ОХУ-ын парламентын доод танхим буюу Думын дарга сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлд АНУ, Европын Холбоо буруутай гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Хойд Туйлын бүсэд оршдог шоронгийн захиргаа хоригдож байсан улстөрчийг нас барсныг зарласнаас хойш хэдэн цагийн дараа Думын дарга Вячеслав Володин “Навальныйн үхэлд Вашингтон, Брюсселийн эрх баригчид буруутай” гэж Телеграм хуудсандаа бичсэн байна.
Найрсаг бус харилцаатай орнуудын удирдагчид зэрэг зэрэг Кремлийг буруутгасан ижил агуулгатай мэдэгдэл гаргасан нь үүний илрэл гэж тэр дүгнэжээ.
Володин цааш нь бичихдээ “Навальныйн үхэл өнөөдөр хэнд ашигтай вэ?” гэж асуугаад өөрөө хариулсан байна.
Түүний бодлоор Украины дайнтай холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан Өрнөдийн удирдагчид сонгуульд дахин ялах боломжоо өсгөхийн тулд үүнийг зохион байгуулсан гэнэ.
“Тэдний нэрийг хэлж болно. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга болон АНУ-ын удирдлагаас эхлээд Германы Шольц, Британийн Сунак, Украины Зеленский нарыг нэрлэж болно. Тэд бүгд Навальныйн үхлийн буруутан. Асар олон алдаатай шийдвэр гаргаж, албан тушаалтайгаа зууралдаж буй тэдэнд энэ үхэл ашигтай” гэж Володин мэдэгджээ.
Навальный нь Ямало Ненецийн автономит тойргийн нутагт, Умард Туйлын цагирагаас хойш 60 гаруй километр зайтай оршдог шоронд 19 жилийн хорих ял эдэлж байсан юм. Тэрбээр Москва хотын ойролцоох шоронд хоригдож байгаад хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Оросын хорих газруудаас хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй гэгддэг энэхүү шоронд шилжиж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!