Асрамжийн газрын хүүхдүүдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулсныхаа төлөө шоронд ял эдэлж байсан хүнийг өршөөлд хамруулсан Унгарын ерөнхийлөгч Бямба гарагт огцрох шийдвэрээ зарлажээ.
Өршөөлийн зарлиг өнгөрсөн онд гарсан ч Унгарын нэг хэвлэл саяхан ямар хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдсаныг ил болгосноор дуулиан дэгдсэн юм.
Бямба гарагт Унгарын ерөнхийлөгч Каталин Новак алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирогчдоос уучлал гуйгаад огцрох шийдвэрээ зарлажээ.
Новакын огцрох шийдвэр гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх консерватив бодлоготой гэгддэг ерөнхий сайд Виктор Орбаны намд том цохилт болж байна.
Парламент шинэ ерөнхийлөгчийг сонгох хүртэл Орбаны бас нэг холбоотон болох парламентын спикер Лазло Кёвер үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
2022 онд ерөнхийлөгч болсон Новак өөрийгөө Христийн шашны уламжлалыг дагагч, консерватив үзэлтэй улс төрч гэдэг.
Олон нийтийн ширүүн шүүмжлэлтэй тулгарсан Орбаны засгийн газар Пүрэв гарагт хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ерөнхийлөгчийн өршөөлд хамруулахыг хориглох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаран санаачилсан байна.
Гэвч энэ арга хэмжээ олны бухимдлыг дарж чадаагүй тул Новак гадаад айлчлалаа дундаас нь зогсоож, эх орондоо буцаж ирсэн юм.
Новакын огцролт Унгарын улс төрд сүүлийн арав гаруй жил дангаар ноёлж буй Орбаны Фидес намын нэр хүндэд том цохилт болж байна.
Виктор Орбан энэ оны сүүлээр болох Европын Холбооны парламентын сонгуульд намаа ялуулах зорилготой ажиллаж байгаа. Гэтэл түүний намын хоёр өндөр албан тушаалтан дараалан огцроод байна.
Өршөөлийн зарлиг гарах үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Юдит Варга бас парламентын гишүүний суудлаас огцорч байгааг Бямба гарагт зарласан юм.
Түүнийг Евро парламентын сонгуульд Фидес намын жагсаалтыг тэргүүлэх өндөр магадлалтай хүн гэлцэж байжээ.
Унгарын парламент дахь Фидес намын бүлгийн дарга Мате Кочиш хоёр улс төрчийг “хариуцлагатай шийдвэр гаргасан” гээд “Тэдний шийдвэр ямар ч алдаа үр дагавартай байх ёстойг батлан харууллаа” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!