"Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн: Хүн амын эрүүл мэнд" сэдэвт олон улсын эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр "Жендэр ба хүн ам: Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн үнэлгээ хоёрдугаар үе шат" сэдэвт илтгэлийг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангийн захирал Халид Шарифи танилцуулсан юм.
Гэр бүлийн хүчирхийлэл эрүүл мэнд, сэтгэл зүйд нөлөөлөөд зогсохгүй эдийн засагт үргүй зардлыг бий болгодог томоохон хүчин зүйл болдгийг тэрбээр ярьж байлаа.
Түүний танилцуулсан илтгэлээс уншигч Та бүхэнд хүргэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл Ази, Европ, Африк тивд жигд тархалттай байна. Тухайлбал Ази Номхон далайн хүн амын дунд дотны хамтрагчийн зүгээс хүчирхийлэл үйлдэх явдал ямар байгааг танилцуулъя.
Бие махбод болон бэлгийн хүчирхийлэл Фижи улсад хамгийн өндөр хувьтай байна. Харин Филиппин, Индонезод хүчирхийлэл бага байгаа юм.
Монгол Улсын хүн амын дунд дотны хамтрагчийн зүгээс (эхнэр, нөхөр) үйлдсэн насан туршийн хүчирхийлэл 51 хувьтай байна. Харин өнгөрсөн 12 сарын хугацаанд тохиолдсон хүчирхийлэл 13 хувьтай байгаа юм.
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-оос НҮБ-ын Хүн амын сантай хамтарч 2017-2018 онд Монголд гэр бүлийн хүчирхийллийн судалгааг гүйцэтгэж байсан.
Судалгаанаас харахад хоёр эмэгтэй тутмын нэг нь насан туршийн хугацаандаа бэлгийн болон бие махбодын хүчирхийллийг туулсан гэх үр дүн гарчээ. Тодруулбал насан туршийн хүчирхийлэл 57 хувьтай байсан.
Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн эрүүл мэнд, сэтгэл зүй төдийгүй Монголын эдийн засаг, нийгэмд томоохон нөлөө үзүүлж буй. Хүчирхийлэлд өртсөний улмаас архинд донтох, хүсээгүй жирэмслэлтэд өртөх зэрэг бие махбод, сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлээс дурдаж болно.
Эдийн засаг, нийгмийн нөлөөг авч үзье. Хүчирхийлэл нь эргээд хувь хүний халааснаас гарах зардлыг нэмэгдүүлж байгаа.
Зөвхөн дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртөг ямар гарч байгааг тооцоолсон судалгааг 2020 онд гүйцэтгэж байсан.
Ажил эрхэлж байгаа монгол эмэгтэйчүүдийн 36.1 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд өртсөн гэж хариулсан. Хүчирхийлэл нь
Хүчирхийлэлд өртөгчид жилд 301,000 ам.долларыг өөрөөсөө гаргаж төлөх хэрэгтэй болж байна.
Хүчирхийлэлд өртсөнөөс үүдэн нийгмийн үйлчилгээ авах хэрэгцээ нэмэгдэж байгаа.
Монголын соёлоос харвал эмэгтэйчүүд орон гэрээ авч явдаг, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг, гэр бүлийн гишүүд өвдсөн тохиолдолд ээж нь асардаг.
Түүнчлэн монгол эмэгтэйчүүдийн цалингүй гэрийн ажил маш том хувийг эзэлж байна.
Хүчирхийлэлд өртсөн ээжүүд үр хүүхэд, орон гэрээ авч явах чадваргүй болж байгаа хугацааг тооцож үзье. Энэ хугацаа есөн өдрөөс 33 өдөр хүртэл үргэлжлэх магадлалтай.
Алдагдсан орлогын боломжийг авч үзье. Дотны хамтрагчийн зүгээс үзүүлж байгаа хүчирхийллийн шууд үр дүнд жилд алдагдаж байгаа орлого 14-24 ажлын өдөр хасагдсанаар тооцогдож байгаа.
Дунджаар нэг хүнд 695 мянган төгрөг гэж үзвэл 7.6 сая ам.доллар болж байна.
Түүнчлэн ажлын бүтээмж буурдаг. Хүчирхийлэлд өртсөний улмаас ажилдаа явж чадахгүй болох, чөлөө авах хэрэгтэй болдог.
Монгол Улсын хүн ам хүчирхийллээс үүдэн бүтээмжээ алдаж байгаа нь томоохон гарз хохирол. Үүнийг тооцоолбол 167-278 сая ам.долларын алдагдал гарч байгаа юм. Энэ бол хамгийн багаар тооцсон үнэлгээ юм.
Хохирогчдод төрөөс болон олон улсын байгууллагаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нийт өртөг зардлыг тооцоолбол:
Түр байрлах байр, эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан, цагдаа, шүүх зэрэг үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан, алба хаагчид нийт 9.9 сая ам.долларыг энэ үйлчилгээний өртөгт зарцуулж байна.
Дээрх бүгдийг нь жилээр тооцвол 247 сая ам.долларыг алдаж байгаа юм. Тэгвэл энэ их хэмжээний мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулж болох байсан. Гэвч хүчирхийллийн улмаас ямар ч үргүйгээр алдаж байна.
НҮБ-ын Хүн амын сангаас дараах зөвлөмжийг танилцууллаа. Үүнд:
Жендэрийн эрх тэгш байдлыг бий болгохгүйгээр хүчирхийллийг бууруулах боломжгүйг НҮБ-ын Хүн амын сангийн захирал Халид Шарифи хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!