Дэлхий дахинд асар их алдаршсан “Friends” цувралын зохиолын 25 жилийн өмнө хогийн саванд хаягдсан эх хувилбарыг удахгүй үнэ хаялцуулан зарахаар болжээ.
Энэ нь 1998 онд Лондон хотод зургийг нь авсан Россын хуримыг харуулдаг хоёр ангийн зохиол юм байна.
“The One With Ross’s Wedding Part I and Part II” гарчигтай уг эхийг Лондон хотын Уэмбли дэх Fountain Studios студид авсан зургийн дараа зохиолын нууцыг түрүүлж задруулахгүйн тулд устгах ёстой байжээ. Гэтэл студийн захиргааны нэг ажилтан зураг авалт дууссаны дараа хогийн савнаас зохиолын эхийг олоод хувьдаа хадгалсан юм байна.
Зохиолын энэ хэсэгт цувралын гол дүрүүд Росс (жүжигчин Дэвид Швиммер), түүний найз бүсгүй Эмили (Элен Баксендэйл) нарын хуримд оролцохоор Лондоныг зорьдог.
Зохиолын эх хувилбарыг 600-700 фунт стерлингийн ($760-$1,020) үнээс эхэлж дуудахаар төлөвлөжээ.
“Гэхдээ дэлхий дахинд асар их алдаршсан цувралын зохиол ямар үнэ хүрэхийг хэлж мэдэхгүй байна” гэж Hansons дуудлага худалдааны төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Аманда Батлер ярьсан байна.
“Friends” цувралын сүүлчийн анги одоогоос 20 жилийн өмнө цацагдсан ч өнөөдрийг хүртэл олон сая хүн үзсээр байгаа юм.
Эхийг хадгалж үлдсэн студийн ажилтан асан одоо 60 настай хүн байдаг ажээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид энэ хүний нэрийг нууцалж байна.
“Бид гол дүрийн жүжигчдийг огт харж байгаагүй. Гэхдээ тэр үед бүгд галзуу мэт завгүй байсныг санаж байна. Зураг авалт дууссанаас хойш хоёр долоо хоногийн дараа би зохиолын эхийг хогийн савнаас олсон. Бүх зүйлийг эмх цэгцтэй байлгаж, хог хаягдал үлдээхгүй байх нь миний үүрэг байлаа. Яахаа мэдэхгүй байсан би олсон зүйлээ өөрийн шургуулгад хийсэн юм. Цувралын гол дүрүүдийн нэг нь хаясан байх гэж би тухайн үедээ бодож байв. Би 1999 онд Fountain Studios-оос гарахдаа ширээгээ цэвэрлэж байгаад эдгээрийг дахин олсон. Тэр үеэс хойш миний орны дэргэдэх шүүгээнд хадгалагдаж байсан юм. Саяхан би нүүхээсээ өмнө гэрээ цэвэрлэж байгаад эх хувилбарыг дахин оллоо” гэж экс ажилтан ярьжээ.
Гэхдээ тэр өөрийгөө “Friends” цувралд дургүйг нуугаагүй байна.
“Америкчуудын хошигнол биднийхээс өөр. Тиймээс үүнийг цувралын жинхэнэ фэн авсан нь дээр байх” гэж тэр ярьжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|