Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын нүүлгэлтийн үйлчилгээний гол ажиллах хүч монголчууд болсон тухай мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нүүлгэлтийн үйлчилгээний гол ажиллах хүч Монгол улсын иргэд болсон тухай тус улсын “Korea Herald” сонины сайтад өчигдөр мэдээлжээ.

Мэргэжилгүй ажилчдын E9 төрлийн визээр Өмнөд Солонгост ирсэн гадаадын иргэдэд уг нь нүүлгэлтийн салбарт ажиллахыг зөвшөөрдөггүй юм байна. Ийм визтэй иргэд хөдөө аж ахуй, загас агнуур, аж үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллах ёстой гэнэ.

Хэдий тийм ч нүүлгэлтийн салбарыг монгол хүнгүйгээр авч явахад хэцүү болсон тухай энэ салбарын бизнес эрхлэгчид дээрх сонинд тайлбарлажээ.

Нэг шалтгаан нь энэ салбарт ажиллах залуу хүн дотоодын зах зээлээс олддоггүй, ихэвчлэн 40-өөс дээш насныхан олддог байна. Гэтэл цөөн тооны залуу монгол ажилчид олон солонгос хүний ажлыг гүйцэтгэх чадвартай байдаг гэнэ.

“Тэд чин сэтгэлээсээ ажилладаг. Хятадуудаас хурдан хэл сурдаг. Гадаад дүр төрх нь солонгос хүнээс ялгардаггүй. Хүч тэнхээ сайтай. Ажилд "яарах" мэдрэмж нь бидэнтэй төстэй” гэж нэг бизнес эрхлэгч ярьжээ.

Өөр нэг компанийн төлөөлөгч “5 тонны даацтай автомашин авч байгаа бол 3 эрэгтэй ажилчин хэрэгтэй. Гэхдээ дан солонгос хүн байх хэцүү. Олон монгол ажилчинтай байх тусам зардлаа хэмнэдэг” гэж ярьсан байна.

Инчоны нүүлгэлтийн компанийн захирал А “Манайд гадаадын хэд хэдэн орны ажилчид байдаг ч бид айл нүүлгэхдээ солонгос, монгол ажилчдыг явуулдаг. Учир нь хүмүүс гэрт нь гадаад хүн ороход дургүй. Харин оффис нүүлгэхэд бүх гадаад ажилчдаа явуулдаг” гэж ярьжээ.

“Солонгосчуудын хувьд 40-өөс дээш насныхан энэ салбарт ажилладаг бол гадаадынхан 20-иод насныхан байдаг. Хоёр монгол залуу гурван солонгосын ажлыг хийх боломжтой” гэж А цааш ярьсан байна.

Өмнөд Солонгосын засгийн газар ирэх онд E9 визтэй 160,000 ажилчин гадаадаас авахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ энэ төрлийн визтэй ажилчдыг анх удаа ресторан, нийтийн хоолны салбарт ажиллуулахаар болсон юм. Үүнтэй нэг адил нүүлгэлтийн салбарыг E9 визийн зөвшөөрөлд нэмж хамруулж болзошгүй тухай дээрх мэдээнд бичжээ.

 

Эх сурвалж: heraldcorp.com