Рембрандтын 370 гаруй жилийн өмнө зурсан ховор таталбарыг өнөөдөр Лондон хот дахь Christie’s дуудлага худалдааны төв үнэ хаялцуулан зарахаар болжээ.
1646 онд Холландын суут зураачийн туурвисан энэхүү эротик бүтээлийн нэр “Франц ор” юм байна.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид үүнийг хэтэрхий ил задгай агуулгатай бүтээл тул зөвхөн сайтаас нь урьдчилан анхааруулгатай үзэхээр байрлуулжээ.
Тухайлбал зурагтай танилцах холбоосоор нэвтрэхэд “EXPLICIT CONTENT” гэсэн анхааруулгын цонхоор заавал дамжих юм байна.
Рембрандтын уг бүтээлд өргөн орон дээр загас наадуулж буй эр, эм хоёрыг дүрсэлжээ.
Christie’s төвийн вэб сайтын тайлбар үүнийг “Рембрандтын цөөхөн эротик зургуудын нэг” гэж тодорхойлсон байна. Урьдчилсан төсөөллөөр “Франц ор” хагас сая ам.долларын үнэ хүрэх боломжтой гэнэ.
Гэхдээ уг бүтээлийг өнөөдрийн стандартаар тийм ч ил задгай биш гэж олон хүн үзэж байна.
Christie’s төв яагаад урьдчилсан анхааруулгатай үзүүлэх болсноо тайлбарлахаас татгалзжээ.
Урьд нь ямар ч уран зургийг ийм анхааруулгатай нийтэд үзүүлж байхыг хараагүйгээ Британийн урлагийн түүхч Ричард Моррис ярьсан байна.
“Рембрандт бол дэлхийн түүхэнд төрсөн аугаа зураачдын нэг юм. Энэ нь эротик зураг гэгдэж байгаа ч үнэндээ Курбет, Тулуз-Лотрек нарын бүтээлүүдтэй харьцуулахад тийм ч их ил задгай дүрслэл байхгүй” гэж ярьсан тэрбээр анхааруулгыг “маркетингийн зорилготой байж магадгүй” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!