Дэлхийн хамгийн том, хамгийн түгээмэл криптовалют болох биткоины ханш өнөөдөр өглөө $40,000 давсан нь сүүлийн бараг жил, хагас орчим хугацааны хамгийн өндөр түвшин боллоо.
Үнэ ханшийн энэхүү өсөлтийн шалтгаан нь АНУ-ын эрх баригчид удахгүй биткоинд суурилсан биржээр арилжаалагддаг санд (ETF) зөвшөөрөл олгох гэж байгаатай холбоотой.
Биткоины ханш аравдугаар сарын 11-ний өдөр $26,533 орчим байснаасаа хойш 51.1 орчим хувиар өсөөд байна. Энэ оны турш бараг хоёр дахин өсөөд байгаа юм.
Биткоины ханш 2022 оны тавдугаар сард огцом буурсан нь terraUSD коины уналт нийт крипто зах зээлд сөргөөр нөлөөлсний үр дүн байлаа.
Энэхүү уналтын улмаас крипто зах зээл бүхэлдээ хямарч, салбарын зарим томоохон компаниуд дампуурлаа зарлаж байв.
2021 оны арваннэгдүгээр сард биткоины ханш түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь $69,000 орчим байлаа.
Хэдийгээр сүүлийн сар гаруй хугацаанд ханш сэргэсэн ч түүхэн дээд хэмжээндээ хүрэхэд хол хэвээр байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!