Бямба гарагийн орой Филиппин улсын хоёр дахь том арал Минданаод хүчтэй газар хөдлөлтүүд дараалан болжээ.
АНУ-ын Геологийн Судалгааны Алба эхний газар хөдлөлтийн хүчийг 7.6 магнитуд, богино хугацааны дараа болсон хоёр дахь чичиргээний хүчийг 6.4 магнитуд гэж хэмжсэн байна.
Филиппин улсын Галт Уул судлал, Сейсмологийн Хүрээлэнгийн хэмжилтээр тус тус 6.9 ба 6.4 магнитуд хүрчээ.
Газар хөдлөлтийн улмаас Номхон далайд хүчтэй цунами үүсэх вий гэсэн айдас бий болж, Минданао арлын эрэг орчимд амьдардаг хүмүүсийг өндөрлөг газарт нүүлгэх зөвлөмжийг Филиппиний албаныхан өгөөд байв.
Минданаогийн хэд хэдэн хотод хүмүүс байшин барилгаас гарч, гудамж талбайд цугларсныг сошиал ертөнцөд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулжээ.
Тэгвэл АНУ-ын Цунамигийн Анхааруулгын Систем сүүлд “Зарим эргийн бүсэд далайн давлагааны түвшин бага хэмжээгээр нэмэгдэж болзошгүй” гээд цунамигийн аюул өнгөрснийг мэдээлсэн байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас Минданаод ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна.
Японы NHK телевиз энэ газар хөдлөлтийн улмаас нэг метрийн өндөр давлагаа тус улсын эрэгт хүрч болзошгүйг анхааруулсан ч аюул өнгөрснийг сүүлд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!