Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Тавантолгойн ДЦС-ын тендерт хоёр компани орж ирсэн ч хоорондоо шүүхийн маргаантай байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэлийн талаар салбарын сайдаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай улсын эрчим хүчний станцууд суурилагдсан хүчин чадлаасаа 6-7 хувь илүү ачаалалтай яваа. Эхний арван сарын байдлаар гаднаас авч буй эрчим хүч 22 хувиар нэмэгдсэн байна. Энэ юунаас болж байна. Бөөрөлжүүт, Тавантолгойн ДЦС-ын асуудал юу болж байна вэ?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Өнгөрсөн жилтэй харьцуулахад импортолсон эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Та зөв ярьж байна. Манай хэрэглээ нэмэгдээд байгаа. Жишээлбэл өнгөрсөн жил 84 мега ваттаар нэмэгдэж байсан. Гэтэл өнгөрсөн сард 203 мега ваттаар нэмэгдсэн. Гэхдээ рублийн ханш суларсан учраас ОХУ-аас импортолж буй эрчим хүчний мөнгөн дүнгээрээ хэмнэгдсэн. 

Бөөрөлжүүт ДЦС-ын нэгдүгээр 150 мега ваттын хүчин чадалтай станцыг 2024 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. 2025 оны хоёрдугаар улиралд хоёр дахь 150 мегаваттын станцыг ашиглалтад оруулахаар хувийн хэвшил маш сайн ажиллаж байна. 

Тавантолгойн ДЦС-ыг 300 мега ваттын хүчин чадалтайгаар тендер зарласан. Долдугаар сарын 27-нд хоёр компани тендерт орж ирсэн. Харамсалтай нь тус хоёр компани хоорондоо шүүхийн маргаантай явж байгаа. 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан гэрээг байгуулаад дуусаж байна. 2024 оны гуравдугаар сараас ажлыг эрчимжүүлэх талаар гүйцэтгэгч компанитай харилцаж байгаа. 

Дорнодын цахилгаан станцын 50 мега ваттын өргөтгөл энэ онд ашиглалтад орж чадахааргүй болсон. Гэхдээ 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалт оруулна.