Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай, цэргийн алба хаах сонирхолтой учир цэргийн албанд татах асуудал чухал байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 11 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар өнөөдөр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цэргийн албанд очиж буй хүмүүсийн эрүүл мэндийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. 

Тэрбээр "Эмч хүний хувь хэлэхэд Зэвсэгт хүчинд эмнэлгийн том алба байгаа. Тэгэхээр зөвхөн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх тэнцэхгүйг шийдэхээс илүү чанаржуулах хэрэгтэй байна. Ачаалал даах чадамж хүн болгонд  адилхан байдаггүй. Зүгээр үзлэгээр илэрдэггүй өвчин ч байна. Жишээ нь уушгины артерийн даралт ихтэй хүн бол зүгээр үзлэгээр шинж тэмдэг нь илрэхгүй. 

Зүрхний ЭХО шинжилгээ хийж уушгины артерийн даралтыг хэмжиж чаддаг болсноор ачаалалтай, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нөхцөлд ачааллыг даах боломжийг нэмэгдүүлж байдаг. 

Иймд алба хааж байх үед нь цэргүүддээ тогтмол ачааллын тест, эрүүл мэндийн үзлэг хийж байх нь чухал. Г.Сайханбаяр сайд аа танд бол боломж, нөөц, бүхэл бүтэн эмнэлгийн алба байгаа. Тийм учраас үүнийг тогтмолжуулах нь чухал. Мэдээж цэргийн ангиуд дээр эмч байгаа үзлэг хийдэг л байх. Гэхдээ зөвхөн гар үзлэгээр чагнуураар үзэх боломжгүй.

Мөн тэр ирсэн хүүхдүүдийн сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж өгдөг сэтгэлзүйчид ажилладаг, тэнд очоод бие бялдар сэтгэлзүйн хувьд жинхэнэ монгол эр хүн болдог юм гэдэг тогтолцоог л хийх хэрэгтэй" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай, цэргийн алба хаах сонирхолтой болж байгаа учир эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал чухал байгаа талаар болон насанд хүрсэн хэнийг ч ялгалгүй Солонгос улс шиг шууд цэрэгт явуулдаг тогтолцоог хуулах боломжтой эсэхийг асуулаа. 

Хариуд нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 11 орчим хувь нь эмэгтэй цэргийн алба хаагчид байгаа. Хугацаат цэргийн албанд эмэгтэй цэргийн алба хаагчийг татах хууль Монгол улсад байхгүй. Урьд өмнө ч байгаагүй.

Мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд эмэгтэй алба хаагчдыг авах, цэргийн сургуулиар дамжуулан бэлтгэх зэргээр жендэрийн асуудал дээр анхаарч байгаа. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй алба хаагчдыг 18 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. 

Эмэгтэй цэргийн алба хаагчдын чанар чансаа сайн, тэсвэр тэвчээр, хариуцлага хүлээх чадвар зэрэгт эрчүүдээс дутах зүйлгүй байгаа. 

Үндсэн хуульд заасан заалтад Монгол Улсын насанд хүрсэн иргэн цэргийн алба хаах үүрэгтэй гэж заасан нь бүх нийтээр цэргийн алба хаах үндсэн заалт болж байгаа юм" гэв.