Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр удаагийн цас болон үргэлжилсэн хялмааны үеэр 2,096 тонн давс, 627 тонн бодис зарцуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7,258 тонн бодис, 5,500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 3,351 тонн бодис, 4,574 тонн давсны нөөцтэй байгаа. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2,000 тонн бодис худалдан авах ажиллагаа зарласан ч амжилтгүй болж дахин худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хоёр удаагийн цас болон үргэлжилсэн хялмааны үеэр өнгөрсөн хугацаанд 2,096 тонн давс, 627 тонн бодис зарцууллаа.

Зам цэвэрлэгээний 24 байгууллагад зам, талбайн 847 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байгаа. Үүнээс давс, бодис цацах 49, шүүрдэгч 50, ковш 22, хог тээврийн 187 машин бий. Мөн хувийн хэвшлийнхэн “Хас” банктай хамтран зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 19 машин худалдаж авсан. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээний 13 машин авах санал хүргүүлсэн. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд 29 машин, тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ” гэв.

зураг
 

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Манайх 13,480 орчим барилга байгууламжийг дулаанаар хангадаг. Хэрэглэгчдэд очиж байгаа усны халуун 60 градус байна. Арваннэгдүгээр сарын 6-12-ны хооронд Амгалан дулааны станцын нэг зуух доголдож, зарим байгууллагаас гомдол гаргасан. Одоогийн байдлаар бүх дулааны станц хэвийн ажиллаж байна” гэсэн бол

зураг
 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Амгаланг дулааны станц, ТЭЦ-4-т гэмтэл гарсантай холбоотойгоор үүний өмнөх 14 хоногт хэрэглэгчийн 550 дуудлага ирсэн. Өнгөрсөн 14 хоногт 120 дуудлага ирлээ. Найман гэмтэл гарч, тухай бүр зассан” гэж ярилаа.

зураг
 

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл “Манай гурван үйлдвэр нийт 10 шугамаар хоногт 2,000-2,200 тонн түлш үйлдвэрлэж байна. 88 агуулахад 104 мянган тонн түлшний нөөцтэй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа” хэмээв. Мөн түүхий эдийн нөөц хангалттай байгааг хэлж байлаа.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС