ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинжлэх ухааны байгууллагатай хамтарна, бурхны сургаалыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 11 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол бурхны шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг.

Ийм учраас зовлон хүсэхгүй хэн бэ зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлагыг танин мэдсэн бэлэг ухаан, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах ёстой гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээсэн. 

Тиймээс бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг. 

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах.

Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая" гэв.