Монгол бурхны шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна.
Өнөөдөр XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр бөгөөд ёслолын ажиллагаа Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдаж байгаа юм.
Хамба Номун хан Д.Чойжамц "Миний явж ирсэн замнал хүнд хэцүү бэрх үе байсан. Гандантэгчэглин хийдээ дээш нь татаарай гэж надад захисан юм. Тэр захиасны ёсоор хийдээ сайн сайхан болгох гэж явлаа. Сая миний хийсэн ажил гэж зөндөө л юм дурдлаа. Ганц хүн хийнэ гэж байдаггүй. Энэ олон хуврагууд, лам хуврагийн чуулган, сүсэгтэн олон, засаг төр болон гадаад дотоодын тусламжаар бүх ажил бүтсэн юм шүү дээ.
Шинэ хамба ажлаа сайн хийнэ гэж бодож байгаа. Энэтхэгийн сургуульд очоод нэлээд сайн сурч байгааг нь дуулаад алсдаа шашиндаа тустай хүн болох нь дээ гэж боддог байсан. Эрдэм лугаа төгөлдөр, судар тарнийн номыг хоёуланг нь үзчихээд ирж байгаа хүмүүс Монголд нэлээд хэд болж.
Лхаарамбын дамжаа гэж эрдмийн хамгийн дээд зэрэг цолыг хамгаалсан хүн гандандаа ирээд хоёр жил орчим ажиллаа.
Бид бүтээн байгуулалтад улайрч байж одоо бол лам нарын мэдлэг боловсрол, сахил санваар, жаягийг хэрэгжүүлэхэд нэгэн үе шат дээр дээш ахиж байна.
Иймд сахил санваар, эрдэм боловсрол лугаа төгөлдөр хүнийг Гандантэгчэнлин хийдийн хамба болох зохист эрэмбэдээ хүрчээ гэж бодож дараагийнхаа хамбаар нэрийг нь тодруулсан юм.
Шашин номын үйлсдээ үнэнч зүтгэж, сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай. Ард олон, лам хуврагуудтайгаа хэнийг нь ч ялгалгүй тэгш үзэж энэрэн хайрлаж хамт бурхны шашнаа хөгжүүлэн дэвшүүлээрэй гэж ерөөе" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!