Энэ мэдээлийн эзэн Д.Жавзандорж лхаарамбатай хөөрөлдлөө. Тэрбээр 1998 оноос хойш өмнөд Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухаанд суралцаж, энэ жил лхаарамба цолоо хүртэж байгаа юм.
- Саяхан Д.Нямсамбуу гавжийн нэг ярилцлагад “Ардын хувьсгалаас хойш Монголд анхны лхаарамба цолтон төрж байна” гэсэн байсан. Тэр хүн нь та юм байна. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Миний нэрийг Дуламрагчаагийн Жавзандорж гэдэг. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 онд өвөө, эмээ болон Даваажав ахынхаа ачаар Эрдэнэмандал хийдэд лам болж Бурханы номыг үзэж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилж үргэлжлүүлэн суралцсан юм. 1995 онд МБШТ Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд ачид багш (хэргийн тухайд алдрыг өгүүлэхэд) Дашжамц багш маань гүн ухааны чойрын ном зааж байхад нь аз, ерөөлөөр таарч Буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн билээ. Удалгүй Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Дамбажав, тэр үеийн дэд хамба Цэдэндамба нарын ивээлээр ачит багш (хэргийн тухайд алдрыг өгүүлэхэд) Цэрмаа дээдэс Зүүн хүрээнд морилон шавь биднийгээ гүн ухааны номонд сурган, нүдийг минь нээж хайрлан Энэтхэг явж сайн сурах замыг ч зааж өгч байсан нь саяхан санагдана. Ингээд 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд үргэлжлүүлэн суралцаж 16 жилийн номоо дүүргэн 2012 оноос Лхаарамбын шалгалтад хамрагдаж энэ жил хамгаалж байна.
- Лхаарамба гэж ямар цолыг ямар шалгуур болзол хангасан хүн энэ цолыг авдаг юм бэ?
- Энэтхэгт одоо цагт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн 8 сургуулийн 10 мянга орчим лам нар байдаг. Эдгээр лам Буддын гүн ухааны 5 ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтанд орох эрхээ авдаг. Үүний дараа 6 жилийн шалгалтад тэнцэж байж Лхаарамба цолыг хүртдэг. 6 жилийн шалгалт нь хоёр хоёр жилээр 3 үе шаттай явагддаг. Эхний 2 жилээ гүн ухааны 5 ботиос бичгээр 9, амаар 5 , нийт тус бүрдээ 14 шалгалтыг 7 сарын турш бэлдэж өгдөг. Яг шалгалт нь 20 гаруй хоног үргэлжинэ. Бэлдэж байх үед долоо хоногийн зургаан өдөр нь өдрийн 6 цагийн цугларалтад очиж бэлдэх, бас шалгалт олон хоног үргэлжилдэг нь жаахан амаргүй байдаг. Миний хувьд өдрийн 6 цагийн цугларалтынхаа завсарлагаар 5 цаг орчим ном заадаг байсан маань их хүч шаарддаг байлаа. Хамгийн их ачаалал нь ид шалгалтын үе байдаг. Тэр үеэр манай багийн номын нөхөд маань хоногт 1 цаг 30 минутаас илүү унтаж амжихгүй хөдөлмөрлөдөг байсан нь их амжилтыг авчирч байсан. Дундах 2 жил бичгийн шалгалт тус бүр 6 болж цөөрдөг ч голч оноо нь өндөр болдог. Сүүлийн 2 жилдээ зарим лам бичгээр хамгаалах байдаг ч ихэнх лам нар амаар буюу ном хэлцэх хэлбэрээр хамгаалдаг.
- Таныг сүүлийн 6 жил дараалан сурлагаараа тэргүүлж, энэ жил ч мөн тэргүүлэн анги дамбын лхаарамба болсон гэсэн. Анги дамбын лхаарамба гэж ямар учиртай юм бэ?
- Намайг 6 жилийн шалгалтандаа дараалан тэргүүлсэн гэж зарим хүн хэтрүүлээд байх шиг байна. Тохиолдлоор ч гэмээр юмуу, ямартай ч сургууль, багш нар, номын нөхөд гээд олон хүний ачаар эхний 2 жил, сүүлийн 2 жил гээд 4-н жилийн шалгалтад тэргүүлсэн болохоос дундах 2 жилээ 2-рт жагссан. /инээв/ Анги дамбын лхаарамба гэдэг нь лхаарамба цолоо тэргүүн байрт орж хамгаалсан лхаарамбыг хэлдэг.
- Та яагаад лам болох амьдралын замыг сонгосон бэ. Өөрийн сонирхол байв уу аль эсвэл ээж, аавын зөвлөгөө, хүсэлт байсан уу?
- Энд хэдэн болсон зүйлийг дурдая.
Намайг жаахан байхад аав, ээж маань дагуулаад Цэвэлмаа гэж шууд хараад л хэлдэг мэргэн эмээ дээр очдог байсан. Тэр эмээ намайг харангуутаа л энэ хүү лам болох хүү байна гэж хэлж байсныг би санадаг. Гэхдээ ганц энэ нөлөөлөөгүй л дээ. Аав маань Сүхбаатар аймагт автын байцаагч хийж байсан үе. Тэгсэн нэг өдөр дээр дурьдсан Даваажав ах маань мотоциклтой явж байгаад машинд мөргүүлэн манайд ирж аавтай уулзан " Ахынх нь буруу шүү, цаад хүн буруугүй ,, гэж ярьж байх зуураа намайг харчаад хүүгээ лам болговол хүү чинь сайн лам болж чадна, манай аймагт Эрдэнэмандал хийд дахин сэргэж байгаа” гэж хэллээ. Ээж ч шууд л үгүйсгэсэн. Харин аав маань дуугүй л байсан. Гэсэн ч Даваажав ах маань намайг орхиогүй байгаа юм. Өвөө эмээ нараар минь очин дээрх саналаа хэлэхэд тэд нар маань ихэд баярлан дэмжсэн юм билээ. Би болж буй нөхцлийг тогтоогоод л үлдсэнээс биш тэр үед өөрөө шийд гаргаагүй. Ингээд өвөө эмээ нар минь хоорондоо зөвшилцөж байгаад намайг лам болгоё гэж шийдээд аав ээжид хэлж байсан. Аав, ээж эхэндээ тийм ч дуртай байгаагүй. Учир нь би айлын 4 хүүхдийн ганц хүү нь, бас сурлагаар ч сайн байсан болохоор ирээдүйд их дээд сургуулиа төгсөөд, удирдах мэргэжилтэй хүн болох хэрэгтэй гэх зэргээр аав минь хэлж зөвлөдөг байсан үе л дээ. Гэвч би өвөө эмээ дээрээ өссөн учраас өвөө эмээгийн шийдвэр надад их хүндтэй байсан. Бас өвөө эмээгээ баярлуулахын тулд би лам болъё гэж шийдсэн. Ингээд 1991 оны намар Эрдэнэмандал хийд ахин сэргэж, анх долоон хүүхэд шавилахад нэг нь болон хийдэд суусан. Тэр үед сургуулийн багш нараас минь зарим нь хийдэд ирж, миний хүү буцаад сургуульдаа сур гэж ятгаж ч байлаа. Өвөө эмээ нар маань ийм шийдвэр гаргасны нэг үндэслэл нь намайг аав ээжийн талаас ач зээ нарын ахмаддаа орох эрэгтэй нь учир Бурханы шашны мэдлэгтэй хүн болгочихвол ирээдүйд дүү нараа залж явна гэж бодсон байдаг юм билээ.
- Таныг Энэтхэгт сурахаар явснаасаа хойш олон жил Монголдоо амралтаараа ч ирэлгүй ном эрдэмдээ шамдсан гэж дуулсан.
- Би тийм ч тасралтгүй сууж чадаагүй. Гийраабаатар гэж лам тасралтгүй 8 жил гаруй сууж ном үзсэн байдаг. Миний хувьд 1998 онд анх очоод 10 жил суурин сууж ном үзнэ гэж зорилт тавьж байсан ч 2005 оноос цааш миний визийг сунгаж өгөөгүй тул Монголдоо ирж виз сунгуулсан. Үүний дараа 2009 онд Монголдоо ирж виз сунгуулангаа номыг таниулахад зүтгэж эхэлсэн. Лам нар ингэж тасралтгүй удаан суухыг зорьдог нэг шалтгаан нь үзэж буй ном маань урт хугацаанд сэтгэлийг төвлөрүүлж байгаад үзвэл их үр дүнтэй байдагт оршдог.
- Өмнөд Энэтхэгт олон Монгол залуус, хуврагууд буддын шашны чиглэлээр суралцдаг гэсэн. Хэчнээн оюутан, ямар ямар чиглэлээр, ямар шатанд суралцаж байгаа талаар мэдээлэл өгч болох уу?
- Өмнөд Энэтхэгт зургаан зуу гаруй хуврага Бурханы шашны гүн ухаан, бясалгал тарнийн чиглэлээр суралцаж байна. Аль аль чиглэлд нь анхлан суралцагчаас эхлээд төгсөх шатанд суралцагчийг хүртэл байгаа.
- Энэтхэгт шашны номонд суралцах ямар вэ? Сургуулийн орчноос эхлээд хэцүү зүйл гарах уу?
- Энэтхэгт шашны номонд суралцах сайхан байдаг. Учир нь би Далай багшийнхаа байгуулсан Энэтхэгт байгаа энэ сургалтаас илүүг яг одоо үед дэлхий дээр өөр хаанаас ч олохгүй гэдгийг ойлгож байсан болохоор хором бүр үнэ цэнэтэй байсан юм. Хэцүү зүйл байсан ч дасан зохицвол даван туулж болохооргүй зүйл байхгүй санагддаг. Бас сургуулийн орчинд хэцүү зүйл нь гайгүй байсан. Бидний сурдаг орчин маань нам гүм, хот сууринаас алслагдсан хотхонд төвлөрсөн учир амар амгалан. Тэнд мөргөлөөр очсон хүмүүс ч сайхан газар гэдгийг дурсаж явдаг юм билээ.
- Лхаарамба цол хүртэхэд нэлээд дэг жаягтай байдаг гэлцдэг. Ямар дэг жаягтай вэ?
- Лхаарамбын шалгалтандаа тэнцсэн хариу гарахаар сургуулийн зүгээс лхаарамбын мяндаг хайрладаг. Энэ цолыг хамгаалж буй хуврагууд Бурхан бодьсадва, олон хуврага зэргийг урин залж хурал хуруулан Номын хурим хийцгээдэг жишиг байдаг. Тэгээд дамжаа барих буюу ном хэлцэхэд хариулагчаар сууж хариулан хамгаалдаг. Эхлээд өөрийн сургуульдаа хамгаалаад цагаан сарын ерөөлийн үеэр хамгаалдаг. Өнгөрсөн цагаан сарын шинийн 15-нд албан ёсоор хамгаалж дүүргэсэн.
- Монголын Бурхны шашны өнөөгийн байдлын талаар та юу гэж боддог вэ. Тухайлбал христийн сүмүүд Монголд буддын хийдээс олон болсон. Тэд хөрөнгө мөнгөтэй. Тийм болохоор байшин барилга нь гаднаасаа гоё, очсон хүмүүст өглөг өгдөг. Харин буддын хийдүүд маань эрүүл ахуй ариун цэврийн талаасаа тааруу, лам нар нь нийгмийн сайн сайхны төлөө зүйл хийдэггүй гэхчлэн шүүмжлэх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд та эмзэглэдэг үү?
- Монголын Бурхны шашны өнөөгийн байдал тийм сайн биш байгаа ч лам хуврагууд маань бололцоогоороо зүтгэж байгаад би гүнээ талархаж явдаг.
Бидэнд мэдээж бэрхшээл ихээр тулгарч байгаа ч өөрчлөлт, гарцыг бүгдийн хүчээр бий болгох нь зохистой. Аливаа шашин хүмүүний сайн сайхны төлөө байдаг болохоор Монголд маань байгаа христийн байгууллагууд Монголчуудын минь сайн сайхны тулд үйл ажиллагаа явуулж байвал би хүндэтгэн үзнэ. Түүнээс биш хүмүүсийг өнгө мөнгөөр татах, мөнгөний бэрхшээлтэй байгааг урвуулан ашиглаж байгаа бол харамсалтай санагддаг.
Аливаа шашин авахгүйгээр өгнө гэж байдаггүй болохоор монголчууд бид авдаг, өгдөг гэж эд материал талаасаа өөрийн шүтэх шашнаа сонгох биш, сургаал номлолыг нь судалж итгэл сүсэг, учир шалтгааны үүднээс шашнаа сонгох хэрэгтэй гэж боддог. Бурхан багш "Намайг номлосон гэж шууд битгий хүлээж аваарай. Судалж үзээд бодит байдалд нийцэж байвал шүтэж дагаарай” хэмээн айлдсан байдаг.
Өнөө цагийн шинжлэх ухааны эрдэмтэд өөрсдийн судалгаагаа бурханы шашны логик онолуудтай уялдуулан судалгаагаа хийх нь их боллоо. Тэр тусмаа сэтгэл судлалын эрдэмтэд бурханы шашны сэтгэлийг тодорхойлсон онолууд нь агуу судлагдахуунтай байна хэмээн сайшаах нь их болсон.
Их эрдэмтэн Эйнштэйн "Шинжлэх ухааныг аль нэгэн шашин гэхгүй ээ. Хэрвээ аль нэг шашин гэнэ гэвэл Бурханы шашин юмаа” хэмээн хэлсэн байдаг нь одоо цагт биеллээ олж байна гэж эрдэмтэд үзэж байна. Монголд хүмүүсийн амьдрал ахуйд тустай энэ Бурханы сургаал, онолыг хүмүүст хүргэж амьдрал ахуйд нь тус болох сайхан үйлийг Гандан хийд , Зүүн хүрээ Дашчойлин хийд, Жавзандамба төв зэрэг хийд төвүүд, хувь хүмүүс ч хийж буйд ихэд талархаж явдаг.
Гэхдээ хүмүүст улам л үгүйлэгдэж буйг анзаарахын хэрээр үүнээс улам л өргөжүүлэх хэрэгтэй юм байна гэж санагддаг. Лам нар нийгмийн сайн сайхны төлөө зүйл хийдэггүй гэхчлэн шүүмжилж байгаа тохиолдол байдаг. Магадгүй нийтэд өргөн далайцтай болоогүй, зар төдийлэн хүрдэггүй л болохоос биш Бурханы шашны хийдүүд, төвүүд, лам нар хувиараа ч хүмүүнлэг , буяны үйл хийж байдаг болохоор огт хийхгүй байна гэх нь арай өрөөсгөл байх.
Ер нь шүүмжлэлд тустай зүйл олон байдаг болохоор бид өөрсдийгөө өмөөрөх биш аливаа зүйлд бодит талаасаа хандах нь чухал гэж би боддог.
Сүм хийд, шашин номын газар цэвэрхэн байх гэдгийг би ч дэмждэг. Хүмүүсийн сайн сайхныг ганц эд, материал талаас харж тодорхойлон дээрх шүүмжлэлийг хэлж байгаа нь лам хуврагуудын бодит байдлаас хэтэрсэн шүүмжлэл болж хувирна.
Бидний зорилго, нөхцөл байдлыг анзаараагүй юм болов уу. Харин гаднах зүйлтэй уялдан дотоод сэтгэлийн амар амгалан чухал болохоор энэ тал дээр бол нийгмийнхээ сайн сайхны төлөө лам хуврагууд маань зүтгэж байна. Цаашид үүнийгээ улам л сайжруулна гэдэгт би хувь хүн талаасаа итгэлтэй байгаа.
"Зовлон тохиоход лам цадна. Зуд болоход чоно цадна,, гэдэг үгийг шашныг муугаар ухуулж байх үед гаргаж байсан. Өөрт нь тус болохгүй хорлоод байгаа хүн рүү бид очих, шүтэхийг хүсдэггүй шиг өөрт тусгүй байхад дахин очоод цагаа үрээд байгаа биш зовлон нь нимгэрч байгаа болоод л дахин очиж байгаа шүү дээ.
Зарим лам хуврага, сүм хийдүүдэд засаж өөрчлөх алдаа дутагдал байгаа ч хүмүүсийн сэтгэлийн зовлонг арилгаж амар амгаланг бий болгоход тус болж байгаа нь нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байгаа хэрэг гэдгийг шударга оюунаар эргэцүүлэн бодоход үгүйсгэхийн аргагүй юм.
Хүмүүн бидний санаа бодол, үйл хөдлөл маань аливаа сайн, муу үр дагаврыг бий болгодог болохоор шүүмжилж буй, шүүмжлүүлж буй бүгдээрээ нийгэмдээ эерэг зүйлийг бий болгох үүрэгтэйгээ ухамсарлан хичээцгээе.
- Бурхан гэж юу вэ. Хүний сэтгэлд байдаг зүйл үү аль эсвэл алтаар, гуулиар, цаасаар хийсэн тэр дүрс юм уу. Ер нь хиймэл бурхан шүтэж, утга учрыг нь мэдэхгүй ном уншуулж яадаг юм гэх хандлага заримдаа цухалздаг. Та энэ талаар юу хэлэх вэ. Бурхны шашны онол номд энэ тухай юу гэж заасан байдаг вэ?
- Бурхан гэдэг нь гэм бүгдээс ангжирч эрдмийг төгсгөн гэгээрснийг хэлнэ.
Бурхан хүний сэтгэлд орших ч байна. Жишээлбэл сүсэгтэй хүн сэтгэлдээ бурханыг залан залбирч байх үесд тэр хүний сэтгэлд Бурхан оршиж байдаг шиг.
Алт гууль, цаасаар бүтээсэн байгаа хөрөг зэрэг нь Бурхан бодитой нь биш ч бурханыг орлож байгаа бөгөөд бидний зүгээс бурхантай адилхан итгэн шүтэж чадвал бурхан бодитойг шүтсэний ач тус гардаг.
Эсрэгээрээ үл хүндэлж алдаа гаргаад байвал бурханд тэгж хандсан алдаа болдог хэмээн бурханы номонд айлдсан байдаг. Тэгэхээр бид бурханыг бодитойгоор нь харж, уулзаж чадахгүй болохоор бидэнд харагдаж буй Бурханы дүрийг бурхан адилд бодон сүсэглэвэл адис жинлав, ач тус нь ялгаагүй болохоор сайтар сүсэглэх нь чухал. Ном уншуулах тал дээр гол нь сэтгэлийг засаж явах нь чухал боловч ном уншуулах нь ач тустай. Би одоо ч гэсэн үе, үе ном уншуулж яваа. Жишээлбэл лусын хорлол болсон хүн эмнэлгээр хэчнээн явлаа ч онош нь зөв гарахгүй байхад лусыг аргадсан номуудыг уншуулсанаар онош нь зөв гарч эмчилгээ нь үр дүнтэй болсон гэх мэт олон байдаг.
- Та Монголд ирэх хугацаандаа иргэд сүсэгтнүүдэд бурхны шашны талаар, хэрхэн шүтэж ойлгох талаар лекц уншдаг. Цаашид лекцээ унших уу?
- 2009 онд Монголдоо ирчихээд ах дүү хамаатан нартаа би яагаад ингэж олон жил сураад байгаа, ахиад хэр удаан сурах, энэ номыг ингэж удаан сурсанаар ах дүү, цаашлаад нийгэмдээ ямар тусыг хийх талаар ярьсан чинь тэд нарын маань зарим нь “Манайд очооч. Ойрын хүмүүсээ цуглуулж байгаад сонсгоё, тустай юм” гэсэн. Тэгсэн сүүлдээ хүн нь их болсоор нэлээд өргөжсөн. Би цаашид чадлаараа ярьж хүмүүст таниулахыг хичээнэ ээ.
- Та сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн суралцах уу эсвэл эх орондоо ирэх үү. Ирэх бол Монголдоо хэзээ ирэх вэ. Монголдоо ирээд та юу хийх вэ?
- Би сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн нууц тарнийн номыг дагнасан дацанд нэг жил суралцана. Тэгээд Аграмба цолыг хамгаалах учиртай юм. 2019 оноос Монголдоо ирж шашин номын хэрэг, сүсэгтэн олон, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөх зорилт тавьж байгаа. Үүний тулд өөрийгөө улам л хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаан зэргээс суралцах зорилго тавьж байгаа. Одоогоор яг ингэнэ тэгнэ гэх эрт байна даа. Баярлалаа.
- Ярилцсанд баярлалаа. Номын цагаан буян арван зүгтээ дэлгэрэх болтугай.
Ярилцсан М.Амарбаяр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!