“Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр боллоо.
Энэ үеэр Номун хан, гавж Д.Чойжамц Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүнийг сонгосон талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамбаар 31 жил ажилласан байна. Өөрийгөө ингэж удаан ажилласнаа бахархах зүйл гэж бодохгүй байгаа. Учир нь 1937 онд эрдэмтэн мэргэдийг егүүтгэсэн. 1970 онд шашны дээд сургууль гараад цөөн хүнийг дөрвөн жилийн хугацаанд авдаг байсан. 1990 оны ардчилсан хувьсгал гарч бужигнаан үүсэхэд лам нарын тоо нэлээд цөөрсөн байна.
Тэр үед шашны дээд сургуульд төгссөн байсан учраас намайг хамбаар тавьсан. Монголын хэмжээнд зөвхөн Гандантэгчэнлин хийд ажиллаж байсан. 36 жилийн турш Монголын бурхны шашны тогтворжих хүртэл би хамт байж. 1937 оны үед тасалдсан байсан учраас бурхны шашны нарийн нандин зүйлүүдээ зөвхөн өмнөд Энэтхэгээс л авдаг байсан.
Энэтхэгт 10,000 гаруй шавь суралцдаг томоохон сургуульд мухар сүсгээр бус судалгаа шинжилгээ, мэтгэлцээний үндсэн дээр номоо баталж эрдэм товлодог. Үүнд суралцахад 24 жил шаардлагатай байдаг. Тус сургуульд 1990 оны эхээр явуулсан хүүхдүүд маань саяхнаас ирж эхэлсэн. Лхаарамба хоёр, гавж болон гэвш болсон 20 хүүхэд ирсэн. Жигдэрсэн ийм сайхан үед эрдэмтэй боловсролтой хүмүүс шашнаа улам түгээн дэлгэрүүлэх үе эхэлж байна.
Ийм үед лхаарамбын дамжааг нэгдүгээр зэрэгтэй хамгаалсан Д.Жавзандорж гэх ламыг бурхны шашнаа удирдаж явах чадамж лугаа төгөлдөр болжээ хэмээн үзэж хамба лам болгосон. Би Гандантэгчэнлин хийдийн уугуул хүн учраас хөгширсөн ч дуртай үедээ ирж хурал номдоо суух болно.
Азийн буддистийн энх тайвны байгууллага нь НҮБ-д албан ёсны статустай буддын ганц байгууллага. Тиймээс статусыг нь дээшлүүлэх юм гэсэн санаа зоригтой байгаа. 2026 онд Азийн буддистийн энх тайвны хурлын ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр хүртэл бэхжүүлэх бодлоготойгоор байх болно" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!