УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Э.Энхтуяаг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал болгож буйг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, нөхөр хүүхдийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюши их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй.
Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг тэрбээр танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний 2-3 нь эмэгтэй гишүүн байсан уламжлалтай, одоо Ш.Солонго гишүүн ганц эмэгтэй нь байгаа учраас жендэрийн тэгш байдлыг хангах үүднээс нэр дэвшигчийг санал болгож байгааг дурдлаа.
Нэр дэвшигч Э.Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 72.7 хувийн саналаар дэмжив.
Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д танилцуулж буйг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг хуралдаанд танилцуулав.
Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ.
Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна.
О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна.
Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.
Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн болзол, шаардлагыг бүрэн хангасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, Үндсэн хуулийн эрх зүйн дагнасан судлаач, багш, профессор гэдгийг танилцуулгын төгсгөлд дурдав.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ томилох хуулийн зохицуулалтын дагуу нэр дэвшигчийг санал болгож байгааг хэллээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигч О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжжээ.
УИХ-аас Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгож буйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 19 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон Үндсэн хууль судлаач юм байна.
Тэрбээр Үндсэн хууль болон шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой.
Л.Өлзийсайхан нь 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан. Хууль тогтоох салбарт буюу Улсын Их Хурлын Тамгын газарт 2007 оноос ажиллаж, мерит зарчмаар өсөн дэвшсээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгааг Г.Занданшатар дарга танилцууллаа.
Нэр дэвшигч 2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, Экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөхөөр, 2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
Л.Өлзийсайхан нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад Улсын Их Хурлын гишүүдийг мэдээлэл, судалгаагаар хангах ажлыг хариуцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлэх, санал авах, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулга явуулах зэрэг төрийн ажил хэрэг, томоохон түүхэн үйл хэргүүдийг зохион байгуулахад бодлого, хэрэгжилтийн түвшинд мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж хариуцлагатай ажилласан гэдгийг танилцуулгад дурдав. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт 25 жил ажиллаж байгааг дурдав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Л.Өлзийсайханыг 10 гишүүний 9 нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!