Ханиад, томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач, эмч Ч.Уртнасан зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн тав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт иргэдийн 15 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдварт өвчнөөр өвчилжээ.
Насны ангиллаар авч үзвэл
Одоогийн байдлаар томуугийн вирус орчилд орж ирээгүй байна.
КОВИД-19-ийн вирус орчилд байгаа ч өмнөх шигээ цар тахал үүсгэхүйц идэвхжил өндөр биш. Өөрөөр хэлбэл улирлын бусад томуу, томуу төст өвчний үүсгэгчийн хэмжээнд орчилд байгаа гэсэн үг. Коронавирусийн идэвхжил харьцангуй бага буюу дөрөв орчим хувийг эзэлж байна" гэв.
Үргэлжлүүлэн "Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 82 хувьтай үргэлжилж байгаа.
Энэ жил 300 хүн тун вакцинд 2-5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийг түлхүү хамруулж байна. Зүрхний өвчтэй, уушгины архаг үрэвсэлтэй, чихрийн шижинтэй хүмүүсийг түлхүү дархлаажуулж байгаа.
Өнөөдрийн байдлаар эмч, эмнэлгийн ажилчид, хүчний байгууллагын алба хаагчдын дунд дархлаажуулалт 83 хувьтай явагдаж байна.
Вакцинжуулалтад хамгийн сайн хамрагдалтай байгаа нь 65-аас дээш насныхан байгаа юм. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насны хүүхдүүд зорилтот бүлэг болж буй.
Ханиад, томуугийн нийт өвчлөлийн 80 орчим хувийг ес хүртэлх насныхан эзэлж байна. Тиймээс энэ зорилтот бүлгийн хүмүүсийг вакцинжуулахыг илүү эрмэлзэж байгаа. Одоогоор хүүхдүүдийн хамрагдалт 70 орчим хувьтай байна.
Вакцинжуулалтыг тархвар судлалын заалтаар сайн дурын үндсэнд, асран хамгаалагчдаас нь зөвшөөрөл авч хийдэг.
Зарим эцэг эх, асран хамгаалагчид вакцин хийлгэхээс татгалзаж байна. Томуугийн вакцин гэх нэрийдлээр коронавирусийн вакцин хийх гэж байна гэдэг шалтгаан хэлдэг. Эмч, эмнэлгийн ажилчид томуугийн вакцины нэр дор коронавирусийн вакциныг хэзээ ч хийхгүй. Энэ тал дээр тайван байж болно" гэлээ.
Мөн "Томуугийн 4 цент вакцин нь тухайн вирусийнхээ эсрэг дархлаа тогтооно. Өвчний эсрэг үйлчилгээнээс гадна хүндрэлээс урьдчилан сэргийлдэг. Зарим улс орны судалгаанд дурдсанаар нийт эрсдэлт бүлгийн 80-90 хувийг дархлаажуулж чадвал өвчлөлийг 2-3 дахин бууруулах боломжтой.
Жирэмсэн эхчүүдийг дархлаажуулах ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байна.
Жирэмсэн байхдаа томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар өөрийгөө хамгаалахаас гадна хэвлийд бойжиж байгаа ургаа зургаан сар хүртэл хамгаалах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн томуугийн эсрэг дархлаа хүүхдэд нь давхар бий болдог гэсэн үг.
Ингэснээр нэг вакцинаар хоёр хүнийг хамгаалах бүрэн боломжтой нь олон улсын судалгаагаар бүрэн батлагдсан" хэмээн ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач, эмч Ч.Уртнасан хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!