Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрх баригчид хагас сарын дотор хоёр дахь удаагаа Украинтай яриа хэлэлцээ эхлүүлэх сонирхлоо илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков өчигдөр SHOT телеграм сувгаар ярихдаа тус улс Украины засгийн газартай яриа хэлэлцээ эхлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.

Гэхдээ Украины талаас нааштай хариу ирүүлэхгүй байгааг тэр шүүмжилсэн байна.

“Орос улс Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч сүүлийн саруудад тэдний талаас шинэ харилцаа тогтоох гэсэн ямар ч оролдлого харагдахгүй байна” гэж Ушаков ярьжээ.

Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Киевийн эрх баригчидтай яриа хэлэлцээ эхлэхэд бэлэн байгаагаа Москвагийн талаас илэрхийлсэн хоёр дахь тохиолдол болж байна.

Аравдугаар сарын сүүлчээр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу бас шаардлагатай нөхцөл бүрдвэл Украины асуудлаар хэлэлцээ хийж, Өрнөдийн орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиход бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ.

Ингэх нь цөмийн зэвсэгтэй гүрний хувьд даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хүлээх үүрэг нь болохыг тэр онцолж байв.

Дайн эхэлсэн цагаас хойш Орос, Украины хооронд хэлэлцээнд хүрэх хэд хэдэн оролдлого гарч байв.

2022 оны гуравдугаар сард талууд хурцадмал байдлыг намжаах хоёр алхмыг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан ч Оросын үйлдсэн дайны гэмт хэргийн баримтууд илэрсний дараа Украины тал яриагаа зогсоож байжээ.

2022 оны намар Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг ОХУ-д нэгтгэсний дараа ерөнхийлөгч Володимир Зеленский төрийн тэргүүний суудалд Путин байгаа тохиолдолд Оростой яриа хэлэлцээ хийхгүйгээ мэдэгдэж байлаа.

Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа одоог хүртэл яриа хэлэлцээ эхлүүлэх санаачилга Оросын талаас олж харахгүй байгаагаа илэрхийлдэг.

Харин Оросын эрх баригчид Өрнөдийнхний байр суурь өөрчлөгдөх, эсвэл Украиныг дэмжих нөөц шавхагдахыг хүлээж буй гэж тэд үзэж байна.

 

Эх сурвалж: The Moscow Times