Цахим орчинд “TOM EGCH” нэрээр танигдаад буй О.Сайнсанаа болон түүний гэр бүл “Цахим аялал” интерактив хичээлтэй танилцсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. Түүний аав контент бүтээгч Х.Одгэрэлтэй ярилцсанаа хүргэе. Тэрээр охинтойгоо төрөл бүрийн хоол, амттан хийх дуртай бөгөөд жороо олон нийтэд нээлттэй хуваалцдаг билээ.
-“Цахим аялал” интерактив хичээлүүдийг контент бүтээгч хүний нүдээр харахад ямар санагдав?
-Бид мэдлэгээ өөрөө бүтээх боломжтой нийгэмд амьдарч байна. Дээр үед бол хүүхдүүд үзэж харах юм багатай, дийлэнхдээ аав ээжийнхээ үгээр хүмүүжиж, хичээл сургууль дээр багшийн үгээр явдаг байлаа. Одоо бол үүн дээр хүүхдүүдэд “юүтүб” багш нэмэгдээд байна шүү дээ. Бидний хүүхдүүд дижитал орчинд өсөж байна.
Боловсролын салбарт ч цахим шилжилт явагдаж байгаа энэ үед бүх хүүхдэд нээлттэй интерактив цахим хичээлүүдийг бүтээсэн нь нүдээ олсон сайхан хэрэг болжээ. Хүүхдүүд олж үзэж чадахгүй учраас эцэг эх, асран хамгаалагчид үүнийг таниулж, чиглүүлж өгөх нь чухал. Цахим хэрэгслээс ангид байх боломжгүй болсон өнөө үед өдөрт 20-30 минутыг хүүхдэдээ зарцуулахыг хэвшил болгож, хамт үзээд ярилцаад явбал боломжтой санагдлаа. Хүүхдийн хоолойгоор, олон хөөрхөн дүрээр дамжуулж агуулгыг хүргэж байгаа болохоор хүүхэд уйдахгүй үзэх юм байна. Тест, сорилын хэсэг нь бүр өгөөжтэй санагдлаа.
Би 2010 онд дунд сургуулиа төгссөн. Тухайн үед ийм цахим хичээл байсангүй. Товчхондоо бидний үеийн давтлагыг орлох бэлэн хичээл юм байна шүү дээ. Заавал танхимд очиж давтлагад суудаг цаг ард хоцорчээ. Цахимд байршуулсан, үнэ төлбөргүй хичээл учраас хэн ч хаанаас ч үзэх боломжтой нь манай гэр бүлд их таалагдлаа. Зөв буруу хийж байгаагаа тэр даруйдаа хяначихна. Үнэхээр амар юм.
Биднийг сурагч байх үед бол самбар дээр бичсэнийг арилгахаас нь өмнө тэмдэглэж авахгүй алга болчихдог байлаа. Гэтэл цахим хичээлүүдийг хэд ч давтаж үзэх боломж нээлттэй. Хичээлийн хөтөлбөрийг сонирхолтой, өгөөжтэй болгох гоё шийдэл болжээ гэж бодож байна. Тэртээ тэргүй л хүүхэд ямар нэг байдлаар утас, таблетаар юм үзэж л байгаа тул хэрэгтэй зүйлээр орлуулах боломж байна шүү гэж хэлье.
-Үзэж харах контентын өргөн сонголттой болж буй өнөөгийн хүүхдүүдийн хэрэгцээ, шаардлагыг хэр хангасан бүтээл болсон гэж та бодож байна?
-Дижитал эриний хүүхдэд маш тохиромжтой шийдэл болжээ. Тэд маш их мэдээллийг утас, таблетаас авч байна. Томчуудын хараагүйг ч түрүүлээд олоод мэдчихээд заагаад өгч байна шүү дээ. Цахим орчинд мэдээлэл маш хурдтай болчихсон. Хэддүгээр бүлгийн хэд дэх хичээлийг үзэж байгаагаа цахимаас сонгоод үзэж болж байна. Хавар төгсөлтийн шалгалтын үеэр өвчтэй, чөлөөтэй хоцорсон, ойлгоогүй хичээлээ хүүхдүүд нөхөөд үзчих боломж бүрдсэн байна. Багш нар төдийгүй эцэг эхчүүдэд бас маш том дэмжлэг болохоор юм.
-Багш нар цахим хичээлийг хэрхэн ашиглах боломжтой гэж та харж байна?
-Багш нарт бэлэн сургалтын нэмэлт материал болно шүү дээ. Ихэнх сургууль цахим самбартай болчихсон байх. Хичээлийн дундуур хүүхэлдэйн кино шиг хүүхдийн сонирхлыг татахуйц дуу, дүрстэй цахим контентоос хичээлийн агуулгатайгаа уялдуулаад оруулахад хүүхдүүдийг сэргээхээр юм.
Хүүхдүүд багшаараа самбар дээр хичээлээ заалгаад танхимын боловсрол мэдээж олгогдож байгаа. Харин өдөр нь багшаараа заалгасан хичээлээ орой нь гэртээ ирээд дахин үзэхэд хүүхэд илүү сайн ойлгох юм байна. Ангид үзсэн хичээлийн агуулгыг бататгаж, гэрийн даалгаварт нэмэлт байдлаар өгвөл эцэг эхчүүдэд бас сонирхолтой аргаар гэрийн даалгавар хийлгэх нэг хувилбар болж өгнө.
Мөн багш маргааш үзэх хичээлийг судлаад ирээрэй гэхэд сурагчид гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ойлголттой болоод очих юм байна. Өнөөдөр охин бид хоёрын үзсэн хичээл дээр авга, нагац ураг төрлөө мэдэх, нэрлэх дасгалууд байна л даа. Агуулгыг хүүхдэд тээргүй, маш хөгжилтэйгөөр шингээж, тайлбарлаж байгаа юм. Заах арга зүй талаасаа маш орчин үеийн олон арга барилыг ашиглажээ гэж хэлэхэд болох болов уу.
-Цахим хичээл эцэг эхчүүдэд бас мэдлэг, ойлголт өгч байна гэж та хэллээ?
-Миний охин хоёрдугаар анги. Би энэ насан дээрээ ямар агуулга үзэж байснаа мартчихсан байгаа шүү дээ. Гэтэл би хоёрдугаар ангийн бүх интерактив хичээлийг ерөнхийд нь хараад миний хүүхэд иймэрхүү мэдлэгийг энэ жил эзэмших юм байна гэсэн төсөөлөлтэй болчхож байна. Бас нэг онцлох зүйл бий. Бид сурагч ахуй үеэсээ холдоод удчихсан.
Нөгөөтээгүүр сургалтын хөтөлбөр ч шинэчлэгдээд явж байгаа учраас хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд зарим асуудал гарч байгаа юм.
Тухайлбал, тооны хичээл дээр хариуг нь гаргачхаад байгаа ч бодох аргачлал нь өөрчлөгдсөн байх тохиолдол гардаг. Үүнийг хүртэл би цахим хичээлээс мэдээд авчих боломжтой. Энийг ингэж заадаг болчихсон юм байна гэх мэт. Монгол хэлний хичээл дээр бол энэ үгийг ингэж бичдэг болчихсон юм байна гээд зөв бичих дүрмийн зөрүүтэй ойлголт цэгцэрч байна. Мөн өмнө үзэж байсан мэдлэгүүд сэргэж байна. Энэ утгаараа цахим хичээл гэр бүл, нийтийн боловсролд ч хувь нэмэр оруулж байна гэж харж байна.
-Цахим хичээлийн хугацаа бага насны хүүхэд үзэхэд хэр тохиромжтой санагдсан бэ?
-Миний бодлоор тохирсон санагдлаа. Танхимын сургалтын хичээлийн хугацаа 40 орчим минут байгаа шүү дээ. Цахим хичээл 10 минут байх нь тохиромжтой хугацаа болов уу. Манай хүүхэд нэг удаадаа 10-20 минут суухад асуудал гардаггүй. Хүүхэд бүрийн онцлог мэдээж өөр байх. Гэхдээ үүнийг судалгааны үндэстэй л гаргасан байх. Монгол улсад хэрэгжиж байгаа боловсролын хөтөлбөрийг агуулгыг шингээсэн байгаа шүү дээ. Эхний арван хичээлийг хүүхэдтэйгээ хамт ажиллачихвал хүүхэд цааш нь өөрөө хийгээд явчих юм байна. Хүүхдэд дадал чухал байдаг шүү дээ.
-Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.
Энэхүү төсөл нь Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
This project is being implemented with the support of the Ministry of Education, the General Authority for Education, and UNICEF Mongolia with the funding support of Maßvoll Stiftung, under the aegis of the Fondation de Luxembourg.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!