Уншиж байна ...

Ойлгоогүй хичээлээ “Цахим аялал” интерактив контентоос нөхөж үзвэл илүү үр дүнтэй

ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг

Хүүхэд бүр байгаа газраасаа, хүссэн үедээ цахимаар суралцах боломжийг олгож Боловсролын яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим аялал” интерактив хичээлийг боловсруулан, 2020 оноос сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор нийт 229 хичээлийг казах, тува, дохионы хэлээр хөрвүүлэн medle.mn сайтад байршуулжээ. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүд үзэх боломжтой юм. Хичээлийн агуулгыг боловсролын мэргэжилтнүүд, бага ангийн багш, арга зүйчид хамтран боловсруулдаг.

Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн 1-5 дугаар ангийнханд зориулсан эдгээр цахим хичээл хүүхдийн сонирхлыг татахуйц зураглал, анимейшн, үлгэр, тоглоом бүхий бататгал дасгал, сорилын хэсгүүдийг агуулсан бөгөөд хүүхэд бүрд нээлттэй юм. Манай орны өнцөг булан бүрд тус хичээлийг үзэж буй хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцаж байна.

зураг
 

М.Эгшиглэн
7 настай, нэгдүгээр ангийн сурагч, Улаанбаатар хот

“Би тоо болон баримлын шавраар дүрс бүтээдэг хичээлүүдийг үзсэн. Надад бүгд таалагдсан. Тоо бодоход тоглоом тоглож байгаа юм шиг зугаатай байсан. Ангид үздэг хичээлүүд ч хүүхэлдэйн кино шиг ийм байдаг бол гоё.”

зураг
 

Н.Ганцацрал
9 настай, 4 дүгээр анги, Орхон аймаг

“Би цахим контентыг үзэх дуртай. Багш маань ч хичээл дээрээ байнга ашигладаг. Гэртээ ирээд дахин хийж болдог нь надад их таалагддаг. Аав маань надад тусалдаг учраас цахим хичээлээ хамтдаа хийх гоё байдаг.”

зураг
 

Б.Жаргалбаяр
8 настай, 3 дугаар ангийн сурагч, Дархан-Уул аймаг

“Өмнө нь интерактив хичээл үзэж байгаагүй, анх удаа хийж байна. Энгийн хичээлээс илүү сонирхолтой байна. Хүүхэлдэйн кино хэлбэртэй байгаа нь гоё санагдлаа. Хамгийн сонирхолтой нь 2 дугаар ангийн хичээлийн байгаль хамгаалах дасгалууд байсан. Бас тоо бодож, шавж устгадаг нь гоё байлаа.”

зураг
 

Т.Энгүүнжаргал
9 настай, 4 дүгээр ангийн сурагч

“Анх 2 дугаар ангиасаа үзсэн. Даалгаврууд нь амархан. “Цахим аялал” хичээл дээр олон дүр гардаг. Хийхэд гар утасны тоглоом мэт хөгжилтэй, сонирхолтой. Багш интерактив хичээлээс даалгавар өгөхөд би их баярладаг. Манай ангийнхны хамгийн дуртай хичээл бол “Цахим аялал” юм. Тэнд 1-3 дугаар ангийн олон хичээл орсон байдаг. Эдгээрийг бид үзчихсэн болохоор 4,5-дугаар ангийн интерактив хичээл олныг хийгээсэй гэж хүсэж байна.”

зураг
 

А.Мэргэн
11 настай, 5 дугаар ангийн сурагч

“Би 2-5 дугаар анги хүртлээ 3 жил тус хичээлүүдийг үзсэн. Интерактив хичээл надад сонирхолтой санагддаг. Яагаад гэвэл буруу хийвэл зургууд нь гунигтай, зөв бол баяртай царай гаргадаг. Буруу хийснээ буцаагаад шалгаж болдог нь гоё. Бас алдсанаа дахин харж, давтан хийж болдог нь таалагддаг. Миний хамгийн дуртай хичээл бол математик.”

зураг
 

Б.Болортунгалаг
13 настай, 8 дугаар ангийн сурагч

“Үзэхэд уйдахааргүй юм байна. Хичээлийн агуулгаас гадна байгаль орчноо хамгаалах арга зааж байна. Эрүүл мэндийн хичээлээр архи, тамхины хор уршгийг харуулж өгсөн нь бидний үеийнхэнд зөв үлгэрлэл болохоор юм. Хичээлээ ойлгохгүй байгаа хүүхдүүд хийгээд үзээрэй. Өдөр бүр үзвэл танхимд сууснаас илүү хурдан ойлгож байна. Хүүхдүүд дуртай хийхээр юм байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээрээ хийлгээд үзээрэй.”

“Цахим аялал” интерактив хичээлийг хүүхэд багачууд, сурагчид төдийгүй эцэг эх, асран хамгаалагчид үзэж, хүүхдийнхээ сурах үйлийг дэмжих боломжтой. Мөн багш сурган хүмүүжүүлэгчид сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглахад нээлттэй юм.

Энэхүү төсөл нь Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

This project is being implemented with the support of the Ministry of Education, the General Authority for Education, and UNICEF Mongolia with the funding support of Maßvoll Stiftung, under the aegis of the Fondation de Luxembourg.