Уншиж байна ...

“Цахим аялал” интерактив хичээл хүүхдийн бие даан суралцах чадварыг хөгжүүлж байна

ikon.mn
0 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг

2019 онд цар тахлын улмаас цэцэрлэг, сургуулиуд хаагдаж, сурагчид теле хичээл үзэж байх үед НҮБ-ын Хүүхдийн Сангаас теле хичээлийн үр дүнгийн судалгаа явуулжээ. Судалгаагаар хүүхдийн оролцоог дэмжсэн интерактив контент хийх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Тиймээс Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сурагчдад зориулсан интерактив хичээл бүтээх “Цахим аялал” төслийг 2020 оноос хэрэгжүүлж, нийт 229 хичээлийг medle.mn сайтад байршуулаад байна.

Хичээл тус бүр шинэ мэдлэг, ойлголт өгөх 3-5 минутын хөгжилтэй анимейшн, 3-4 үе бүхий тоглоом буюу бататгал дасгал, сорилын хэсэгтэй. Энэ нь хүүхдийг уйдаахгүй, сонирхолтойгоос гадна илүү үлдэцтэй, хүүхдийн оролцоог дэмжсэн бүтээл болсон бөгөөд манай улсад интерактив төрлийн хичээл бүтээх суурийг тавьжээ. Эдгээр хичээлийг бүх хүүхдэд хүртээмжтэй байлгах үүднээс Казах, Тува, дохионы хэлээр үзэх сонголтыг оруулсан. Мөн харааны бэрхшээлтэй хүүхэд үзэх боломжийг бүрдүүлжээ.

Цахим хичээлийн агуулгыг боловсруулж буй боловсролын мэргэжилтнүүд, үзэж буй хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагчид “Цахим аялал” интерактив контентын талаар сэтгэгдлээ хуваалцаж байна.

зураг
 

Ээж Н.Халиунаа

Миний охин нэгдүгээр ангийн сурагч. Хичээлтэй холбоотой зүйл хийхээрээ ядарсан байдалтай болчихдог. Харин “Цахим аялал” хичээл үзүүлэхэд хүүхэлдэйн кино шиг юм аа гээд нүд нь сэргээд ирдэг. Орчин үеийн хүүхдүүд цахим хэрэгсэл ашиглаж хичээлээ хийхэд анхаарал нь илүү төвлөрч байна. Цахим хичээлээ үзээд даалгавраа хийхэд хурдан ойлгож, гялс хийчихдэг. Хичээл дээр заадаггүй зүйлсийг ч давхар сурч байна.

Тухайлбал, хүн байгаль хичээлд хоёр найз хоорондоо ярьж буй хэлбэрээр анхааруулж сэрэмжлүүлэх агуулгыг шингээж өгсөн нь их сонирхолтой. Мөн нэгдүгээр ангийнхан ижилхэн дуудлагатай үсгийг ялгахгүй байгаа нь цээж бичиг хийлгэх явцад харагддаг. Интерактив хичээлд жишээ нь ө,ү үсгийн дуудлагын ялгааг маш сайн тайлбарласан байгаа учраас охин маань ангийн багшаараа заалгасан мэт сайн ойлгож байна.

Т.Энгүүнжаргал 4 дүгээр ангийн сурагч

Би анх  2 дугаар ангиасаа үзсэн. Даалгаврууд нь амархан санагддаг. “Цахим аялал” хичээл дээр олон дүр гардаг. Хийхэд гар утасны тоглоом мэт хөгжилтэй, сонирхолтой байдаг. Багш интерактив хичээлээс даалгавар өгөхөд би их баярладаг. Манай ангийнхны хамгийн дуртай хичээл бол “Цахим аялал” юм. Тэнд 1-3 дугаар ангийн олон хичээл орсон байдаг. Эдгээрийг бид үзчихсэн болохоор 4,5 дугаар ангийн интерактив хичээл олныг хийгээсэй гэж хүсэж байна.

Налайх дүүргийн 119-р сургуулийн бага ангийн багш О.Бүтэдмаа

Би нэгдүгээр ангийн тоо, монгол хэлний хичээлд түлхүү ашигладаг. Бататгал хичээлд “Цахим аялал”-аас нэмж оруулбал хүүхдүүдэд илүү сонирхолтой байдаг. Ихэнх анги ухаалаг самбартай болсон учраас цахим хичээлийг сургалтад ашиглах бүрэн боломжтой. Хүүхдүүд сорилын хэсэг буюу зөөж байршуулах, холбох, нөхөх дасгалуудыг хийхдээ их идэвхтэй оролцдог. Манай ангийнхан “Цахим аялал” хичээлийн дүрүүдийг нь бүр таньдаг болчихсон. Энэ Кидо, Айдо байна л гэдэг юм. Хүүхдэд хүүхэлдэйн кино үзэж байгаа мэт мэдрэмж төрдөг байх л даа.

Эцэг эхчүүд цахим хэрэгсэл сургалтын нэг хэсэг гэдгийг ойлгодог болсон учраас долоо хоногт 1-2 удаа цахим хичээлээс даалгавар өгөхөд нээлттэй хүлээж авдаг. Зарим сэдвийг хүүхдүүд урьдчилж үзээд гэрийнхэнтэйгээ ярилцаад, ойлголт аваад ирдэг болохоор шинэ хичээл ороход ч дөхөмтэй байдаг юм.

зураг
 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цахим боловсролын зөвлөх Э.Цэнд-Аюуш: “Энэ жил шинээр 20 интерактив контентыг 3-р ангийн математикийн хичээлээр хийж байна. Үүнийг дуусгаснаар өнгөрсөн хугацаанд 1-3 дугаар ангийн суурь судлагдахуун болох математик, монгол хэлний хичээлийг бүрэн дуусгалаа. Энэ нь бидний ажлын хувьд томоохон  үр дүн байлаа. Эдгээр контент нь үндэсний хөтөлбөрт нийцсэн, суралцахуйн зорилтуудыг хангасан тул багш нар хичээлийн хөтөлбөрт ашиглах боломжтой. Ингэснээр тэдний ажилд нэмэлт дэмжлэг болж буй юм.

зураг
 

Сургалтыг Боловсролын ерөнхий газрын Математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ш.Энх-Амгалан  

Багш уламжлалт хэлбэрээр хичээлээ төлөвлөж, хэрэглэгдэхүүнээ бэлтгэхэд тодорхой цаг хугацаа, бас цаас их ордог. Харин цахим сургалтын хувьд:

  • Багш, сурагчдын цагийг хэмнэх
  • Бага цагт илүү олон дасгал даалгаврыг гүйцэтгэж, чадвараа ахиулах, бие даан суралцах боломж бүрдсэн
  • Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхэдтэй ажиллахад дэмжлэг болох боломжтой зэрэг олон давуу талтай. Интерактив контентуудыг бүтээж хичээлд ашиглаж эхэлснээр хүүхдүүд цахим хэрэгсэл буюу утас, таблет, компьютерыг үр дүнтэй ашиглаж, бүтээлч, сонирхолтой хэлбэрээр даалгавраа хийх боломж бүрдсэн. Мэдээлэл харилцааны технологийг ашиглах хүүхдийн төдийгүй багшийн ур чадвар дээшлэхэд чухал нөлөө үзүүлсэн. 2023 оноос боловсролын салбарт цахим шилжилт, хөтөлбөрийн шинэчлэлийн үйл явц эрчимтэй өрнөж байна. Үүнтэй уялдаж тухайлбал сүүлийн гурван жилд бага боловсролын 105 контент бэлэн болголоо. Энэ нь 1-5 дугаар ангийн сурагчдын цахимаар суралцах чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

“Цахим аялал” интерактив контентыг хичээлийн цахим хэрэглэгдэхүүн болгож хэрхэн ашиглах талаар:

зураг
 

Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Баясгалан “Цахим интерактив хичээл нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер бусад технологийн тусламжтайгаар бие даан суралцахад хэрэглэх цахим хэрэглэгдэхүүн юм.

Суралцагч тухайн контентыг үзэх, унших, сонсохоос гадна идэвхтэй үйлдэл, оролцоонд тулгуурлан суралцах үйлийг дэмжсэн, өмнөх анги болон дараагийн ангийн агуулгыг бие даан судалснаар, өөрийн суралцах чадвараа ахиулах боломжтой.

Цахим, чөлөөтэй ашиглах боломжтой, үнэ төлбөргүй тул орон зай цаг хугацаанаас үл хамааран хэн ч ашиглаж болно.

Бага ангийн суралцагчдын цахимаар суралцахад сургуулийн цахим танхим ихээхэн чухал.

Сургууль бүрд байгаа бага ангийн цахим танхимыг аудио сонсох нэг орчин болгон ашиглаасай. Цахим хичээлээр хүүхэд бие даан суралцах нь өөрийн удирдлагатай зөв дадалтай болох тул багш, эцэг эх, асран хамгаалагчид зөв чиглүүлж ажиллаарай” гэлээ.

Энэхүү төсөл нь Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

This project is being implemented with the support of the Ministry of Education, the General Authority for Education, and UNICEF Mongolia with the funding support of Maßvoll Stiftung, under the aegis of the Fondation de Luxembourg.