Техник технологийн хөгжилтэй уялдан боловсролын салбар ч хувьсан өөрчлөгдөж буй. Үүний нэг хэлбэр нь сургалтын цахим хэрэглэгдэхүүн юм. Манай улс 2020 оноос интерактив цахим хичээлийг сургалтын үйл ажиллагаанд түлхүү нэвтрүүлээд байгаа билээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн бага ангийн багш Н.Бадамчимэг “Цахим аялал” интерактив хичээлийг хичээл, сургалтдаа нэмэлт хэрэглэгдэхүүн болгож хэрхэн ашиглаж буй туршлагаа хуваалцлаа.
-Та “Цахим аялал” интерактив хичээлтэй хэзээ танилцсан бэ? Сургалтын үйл ажиллагаандаа хэрхэн ашигладаг вэ?
-Анх 2020 он буюу цар тахлын үед сурагчдадаа яаж хичээлийн агуулгаа хялбар ойлгуулах вэ гэж эрэл хайгуул хийж байхад цахим интерактив хичээл их тус болсон. Дахин давагдашгүй хүчин зүйлтэй нүүр туллаа гэхэд манай улс хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах цахим нөөц хичээлүүдтэй болсон байгаа нь талархууштай.
Интерактив хичээлүүд хөгжилтэй анимейшн, тоглоом, бататгал дасгал, сорилын хэсэгтэй. Мөн үсэг тоо нүдлэх дасгал олон байдаг учраас би ихэвчлэн нэг болон хоёрдугаар ангийн хичээлд түлхүү ашигладаг. Учир нь тоглоомын үеэсээ хараахан холдоогүй байгаа учраас тоглонгоо суралцах нь тэдэнд илүү таалагддаг.
Одоо миний дааж авсан анги болох тавдугаар ангийнханд хүн байгаль хичээл дээр түлхүү ашиглаж байна. Энэ хичээлийг танхимд ороход бодит туршилт хийж чадахгүй учраас хүүхдүүдийн сонирхлыг татах үүднээс туршилт ажиглалттай интерактив дасгалууд тохиромжтой байдаг. Тухайлбал нар, сарны байрлал болон сүүдэр хэрхэн үүсдэг вэ гэсэн агуулгыг сурагчдад хүргэхийн тулд сүүдэр хаанаас үүсэж болохыг шинжлэх ухааны сонирхолтой баримтуудыг сэдэлжүүлж харуулна.
Түүнийг ажигласны дараа хүүхдүүд сүүдэр хэрхэн үүсдэг тухай дүгнэлтийг өөр өөрийнхөөрөө гаргана. Үүний дараа багш хичээлийн үндсэн хэсгийг ороход сүүдрийн байрлал хэрхэн өөрчлөгддөг, ямар байдгийг хүүхдүүд илүү ойлгож авч байгаа юм.
Сэдэлжүүлэх үндсэн контентоо үзсэний дараа бататгах сорилуудыг үзүүлдэг. Үүгээр тухайн сэдвийг хүүхдүүд хэдэн хувьтай ойлгосныг баримжаалж болдог. Хичээлийг дүгнэх зорилгоор сорилын хэсгийг ажиллуулахад сурагчид их сонирхдог. Мэдсэн зүйлээ илэрхийлж гаргахдаа дуртай, өөртөө итгэлтэй байгаа нь харагддаг. Энэ нь их урамтай байдаг даа. Мөн монгол хэл, математикийн хичээлд ч цахим контентыг ашигладаг.
-Танхимын хичээл болон цахим интерактив хичээл орох үед сурагчдын хүлээж авч буй байдал хэр ялгаатай байдаг вэ?
-Танхимын хичээлээр бол хүүхдэд самбараас харуулаад л хийлгэнэ. Энэ үед анги 40-50 хүүхэдтэй байлаа гэхэд тэр дунд 5-10 хүүхэд сонирхохгүй байх, өөр тийш анхаарал нь сарних байдал гарна. Танхимын хичээлийн үед багш тэр болгоныг нэг бүрчлэн харахад хүндрэлтэй байх нь бий. Интерактив хичээлтэй хослуулж ороход хүүхдүүдийн нүд сэргэж, яг тухайн сэдэвт анхаарч, аль болох хугацаандаа багтааж дасгал даалгаврыг хийхийг чармайж байгаа нь харагддаг. Ер нь хүүхдийн идэвх оролцоо их сайн болчихдог.
-Арван жилийн өмнө хичээл зааж байсан хүүхдүүдийг өнөөдрийнхтэй харьцуулбал ямар ялгаа ажиглагддаг вэ? Цахим хичээл өнөөгийн хүүхдүүдийн онцлогт хэр тохирсон гэж та бодож байна?
-Би боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна. Гурав дахь ангиа дааж аваад явж байна. Өмнөх ангиудад танхимын хичээл голлож, бодитоор туршилт хийлгэх аргаар хичээл ордог байлаа. Зарим хүүхэд өөрөө хийж үзэх дуртай ч хүүхэд болгонд хүргэхэд хүндрэлтэй байсан. Одоогийн хүүхдүүдийн цахим хэрэглээ өндөр болсон. Утас таблет, компьютерыг гарын дор ашиглаад сурчихсан байдаг учраас хүүхдүүдтэй ажиллахад дөхөм болж байна. Хүүхдийн өргөн хэрэглэдэг зүйлсээр дамжуулж хичээл ороход идэвх нь нэмэгддэг гэж болно.
Одоогийн нийгэмд хүүхдийг нийтээр нь танхимд суулгаад байхаасаа илүүтэй цахим-танхим хосолсон хэлбэрээр сургалтыг явуулахад бие дааж сурах хүсэл эрмэлзэл, арга барил эзэмшиж байна гэж ойлгох нь зүйтэй болов уу. Цахим хичээлийг сургалтын үйл ажиллагаанд нэмэлт хэрэглэгдэхүүн болгож ашиглавал багшийн чиглүүлгээр хүүхэд өөрөө мэдлэгээ бүтээх боломжтой.
-Хүүхдийн бие даан сурах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гэрийн даалгаварт цахим хичээлийг хэрхэн ашигладаг вэ?
-Би ихэвчлэн тухайн өдрийн хичээлээс тэмдэглэсэн зүйлсээ харьцуулж, хичээлээ бататгах даалгавар өгдөг. Зарим тохиолдолд цахим хичээлээ үзээд төрсөн сэтгэгдэл, ойлгосон зүйлээ тэмдэглээд ирээрэй гэдэг. Цахим хичээлийг давтаж үзэх боломжтой шүү дээ. Хүүхдүүд ойлгоогүй зүйлээ нөхөж үзчихээд дараа нь даалгавраа хийхэд илүү амархан байлаа гэж хэлдэг. Мөн дараагийн хичээлтэй уялдуулсан асуултад хариулж ирэх даалгавар өгч болно.
Энэ тохиолдолд дараагийн хичээл дээр юу үзэх тухай ойлголттой болоод ирж байгаа юм. Зарим бүтээлч сурагч “энэ нь яадаг юм бол” гэж сонирхоод гүнзгийрүүлж судлаад ирдэг. Мөн гэрийнхнээсээ асууж ярилцаад ирдэг хүүхдүүд ч байна. Тэд ангийнхандаа олсон мэдээллээ хуваалцана. Энэ үед дараа дараагийн хичээл хөгжилтэй, оролцоо сайтай болж эхэлдэг.
-Цахим хичээл багш нарын ажлын ачааллыг бууруулахад нөлөөлж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид интерактив хичээл бэлдэхийн тулд олон цагаар сууж бэлддэг. Сонирхолтой болгохын тулд маш олон программ, аппликейшн судлах хэрэгтэй болно. Гэтэл бидэнд бэлэн цахим ийм хичээл байгаа нь хүүхдүүдэд богино хугацаанд ойлголт, мэдлэг өгөхөд их дэмжлэг болдог. Цаг хэмнэж байна.
Хүүхэд болгонд хийх дасгалыг хүртээхийн тулд гарын авлага буюу цаасан материал их хэвлэдэг. Цахим хичээлийн хувьд цаасан хэрэглээг багасгаснаар Тогтвортой хөгжлийн бодлогыг хангаж байгаа нэг хэлбэр юм. Багш олон цаас хэвлээд буцаагаад хурааж авч шалгах энэ бүх ачааллыг нугалж байна. Дасгалаа самбарт гүйцэтгэлээ, тэр дор нь хүүхдүүд өөрсдийгөө дүгнэх боломж олгож байгаагаараа давуу талтай. Цахим-танхим хэлбэрээр манай сурагчид хослуулж хэрэглээд сурчихсан. Цахим боловсролыг дэмжин, бага ангиуд цахим буюу ухаалаг самбартай болсон. Утасгүй интернэт ангиудад оруулсан учраас цахим хичээл үзэх бүрэн боломжтой байдаг.
-Эцэг эхчүүд хүүхдээ аль болох цахим хэрэгслээс хол байлгахыг хичээдэг. Тэгвэл цахим интерактив хичээлийн тусламжтайгаар эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурах үйлийг хэрхэн дэмжих боломжтой вэ?
-Хүүхдийг утас таблетаас хол байлга, үзүүлж болохгүй гэх зэрэг сөрөг хандлага гаргадаг байсан үе бий. Одоо бол эцэг эхчүүд цахим хэрэгслүүд хичээл сургалтын үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг ойлгодог болсон. Тиймээс тэд хүүхдээ яг ямар хичээлүүд үзээд байна, түүнээсээ юуг нь ойлгож байна гэдгийг цахим хичээлээс харах боломжтойг ойлгочихсон учраас хамтарч ажиллахад дөхөм байдаг. Ямар арга барилаар цахим хичээлийг хавсарч явах арга зүйг эцэг эхчүүдэд сайн тайлбарлаад өгчихвөл багшийг маш сайн дэмжиж ажилладаг. Хүүхэд утсаа зөв зүйлд ашиглаж байна гэсэн эерэг хандлагатай байдаг.
-Цахим хичээлийг илүү үр дүнтэй ашиглах өөр ямар боломж байна гэж та харж байна вэ?
-Цахим хичээлийн ард эцэг эхчүүдэд хандсан “ингэж ажиллаарай” гэсэн зөвлөмжийг оруулбал багшийн ажлыг хөнгөвчлөх нэг арга юм болов уу. Өвөө эмээ, ах эгч нартайгаа байдаг хүүхдэд цахим хичээл хийхэд арга зүй дутаад байх тал ажиглагддаг. Жишээ нь бичлэгээ үзэхдээ түр зогсоогоод ярилцсаны дараа дасгалаа хийгээрэй гэдгийг сануулах чухал. Тэгэхгүй бол хүүхэд нэг дор бүгдийг нь үзчихдэг эсвэл гүйлгэж үзчихээд дасгалаа хийх гэхээр бүрэн ойлголт аваагүй, мэдэхгүй зүйл олон гарч ирдэг. 2-3 минутын бичлэгийг бүрэн гүйцэд үзчихээд дараа нь ажиллах дадлыг хэвшүүлэх зөвлөмж өгч болно.
Түүнчлэн багш нар энэхүү цахим нээлттэй хичээлүүдийг олон хичээл дээр нэмэлт хэрэглэгдэхүүн болгож ашиглаасай гэж хүсэж байна. Мөн бүтээлч байдлаар хэрхэн ашиглаж болох тухай санал, санаачилга гаргаасай гэж уриалж байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ сатааруулах, түр чимээгүй байлгахын тулд утас өгөх биш цахим зөв хэрэглээтэй болох талаас нь хараасай. Ингэж цахимыг зөв ашиглаж сурснаар багшийн ажлыг дэмжиж байгаагаас гадна хүүхдийнхээ сурлага, сурах үйлд маш том хувь нэмэр оруулж байгаа юм шүү.
-Туршлагаасаа харамгүй хуваалцсанд баярлалаа.
Medle.mn сайтад байршуулсан “Цахим аялал” 229 интерактив хичээлийг сурагчид төдийгүй эцэг эх, асран хамгаалагчид үзэж, хүүхдийнхээ сурах үйлийг дэмжих боломжтой. Мөн багш сурган хүмүүжүүлэгчид сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглахад нээлттэй юм.
Энэхүү төсөл нь Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
This project is being implemented with the support of the Ministry of Education, the General Authority for Education, and UNICEF Mongolia with the funding support of Maßvoll Stiftung, under the aegis of the Fondation de Luxembourg.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!