Уншиж байна ...

“Интерактив хичээл үзэхэд тоглоомын үе давж байгаа юм шиг зугаатай байдаг”

ikon.mn
1 цаг 2 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн сурагч Х.Гэгээн сурагчдын өвлийн амралтаар “Цахим аялал” интерактив хичээлүүдтэй танилцаж, цагийг үр дүнтэй өнгөрөөжээ. Түүний ээж Д.Мөнхцацрал охинтойгоо цахим хичээлийг хамт үзэж, дасгал даалгавруудыг хийхэд нь хэрхэн дэмжсэн тухай туршлагаа хуваалцлаа.

-Охин тань амралтаараа “Цахим аялал” интерактив хичээлүүдийг үзээд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Өвлийн улиралд хүүхдүүд гадаа тоглох цаг нь хязгаарлагдаж, ихэнх цагаа гэртээ өнгөрөөдөг шүү дээ. Энэ үед утас, таблет их үзэх гээд байх талтай. Үүнийг үр дүнтэй байлгах нэг арга нь цахим хичээл үзэх юм. Интерактив хичээл үзэхэд  дэлгэцтэй харьцаж байгаа боловч зугаатай, тоглоомын үе давж байгаа юм шиг сонирхолтой хэлбэрээр академик мэдлэгээ бататгаж байгаа юм. Өдөрт 1-2 цаг үзэхэд хүүхэд залхах биш бүр өөрт нь хөгжилтэй байгаа нь ажиглагдаж байна. Охин маань “Интерактив хичээл их сонирхолтой, яг л тоглоомын үе давж байгаа юм шиг зугаатай. Ангийнхан болон найзууддаа хэлбэл тэдэнд ч бас таалагдаж, цаашид хамт хийх байх” гэсэн.

-Интерактив хичээлийг хүүхэдтэйгээ хамт үзэхэд танд ямар давуу тал ажиглагдав?

-Бид хүүхдээ ямар хичээлдээ тааруу, юуг ойлгохгүй байгааг өдөр бүр шалгах боломжгүй байдаг шүү дээ. Эцэг эхчүүд хичээл дээр яг ямар агуулга үзэж байгааг ч тэр бүр мэддэггүй л байх. Хүүхэдтэйгээ хамт ажиллахаар “Миний хүүхэд энэ дээрээ давуу талтай юм байна. Харин үүн дээр нь анхаарах ёстой юм байна” гэдгийг мэдэж авч байна. Мөн хүүхэдтэйгээ харилцах харилцаа нэмэгдэж, олон сэдвээр ярилцах боломж өгч байгаа юм. Амьд харилцаа багассаар байгаа өнөө үед хүүхэдтэйгээ санал бодлоо хуваалцах ярианы олон сэдэв хичээлийн явцад гарч ирж байна.

зураг
 

-Таны анзаарснаар хичээлээс гадна өөр ямар мэдлэг, мэдээлэл өгч байна?

-Бид хоёрын хийсэн математикийн нэг дасгал дээр л гэхэд 10000 дотор нэмж хасаж, үржиж, хуваахын зэрэгцээ хүүхэд мөнгөтэй харьцаж сурч байна. Талх авахад хэдэн аравт, зуут, мянгат орж байна вэ? Хариултыг бутархай тоогоор олохын зэрэгцээ энгийн бутархайг бодуулахдаа монгол мөнгөн дэвсгэртүүдийг зургаар харуулж байгаа нь Монгол Улсын мөнгөн дэвсгэртүүдийг таниулах сайхан алхам юм. Одоо хүүхдүүд ер нь бэлэн мөнгөтэй харьцахгүй байгаа шүү дээ. Жишээ нь 20 төгрөг ямар байдгийг тэр бүр мэдэхгүй л болов уу. Монгол контент гэдэг утгаараа бидний амьдралд ойр олон агуулгыг багтаасан нь сайхан санагдаж байна.

-Ерөнхий эрдмийн нэг чухал хэсэг цахим ур чадвар болоод буй. Үүнийг дэмжсэн бүтээл болж чадсан гэж та бодож байна уу?

-Тийм ээ. Хариултаа өөрөө бөглөөд, тоо тэмдэгтээ шивж оруулах зэргээр хүүхэд багаасаа компьютер дээр ажиллаж сурах нэг алхам болж байна. Ойр зуурын цахим хэрэглээний мэдлэг давхар олгож байна. Үүнд гэр бүлээрээ суралцаж байна гэж болохоор юм. Өнөөгийн хүүхдүүд цахим хэрэгслээс хол байна гэдэг бараг боломжгүй учраас цахим ур чадварт суралцах нь зайлшгүй сурах эрдэм болчхоод байна шүү дээ. Энэ ч утгаараа цахимаар суралцахад хүүхдийн бие даах чадвар ч дээшилнэ.

-Цахим ур чадвараас гадна хүүхдийн харилцааг дэмжсэн ямар хичээлүүд байсан бэ?

-Хэт цахимжаад хүүхдүүдийн хэл яриа, харилцааны чадварт анхаарахгүй байхын аргагүй байгаа шүү дээ. Монгол хэлний интерактив хичээл өгүүлбэрзүй, дүрэм гэхээсээ илүү өгүүлбэрийг уран тод, дүрд орж уншихад их анхаарч өгсөн байна лээ. Үлгэрийг уншихдаа өгүүлбэрийг хэсэг хэсгээр нь дуу хоолойг дагаж хэлэх дасгал олон байсан. Энэ их таалагдлаа. Бид хүүхдээрээ өгүүлбэрийг чангаар, уран тодоор хэлүүлдэггүй юм байна. Унш, бич л гээд байдаг. Анзаараад байхад шүлэг, өгүүллэг урнаар уншуулах нь бүр ховорджээ. Үүнийг сэргээж, давтах боломж олгож байгаад их олзуурхлаа.

-Цахим хичээлийн хугацаа хүүхдэд хэр тохиромжтой санагдсан бэ?

-Нэг хичээл 10 минут орчим байсан. Энэ бол зурагтын суваг сольж байхад л өнгөрчихдөг хугацаа шүү дээ. Хүүхэд өөрийн хурдаар боломжтой цагтаа хийгээд явчихна. Өдөрт 10-20 минут зарцуулаад өнөөдөр монгол хэл, маргааш математик гээд хуваарь гаргаад явчихвал тохиромжтой. Нэг хичээл 1-10 хүртэл дасгалуудтай, үе давах тусмаа бага зэрэг хүндрээд явдаг юм билээ. Нэг үеэ давангуут “баяр хүргэе, зөв хийлээ” гэж хэлж байгаа нь хүүхдэд их урам өгч байгаа юм. Үүндээ баярлаад дуусгах гээд улайрч сууж байна. Гараар хоёр цэгийг холбох, утгуудыг харгалзуулах, нөхөж бичих, дараалалд оруулах, ойлгосноо нөхөх дасгалуудтай, хүүхдэд тохирсон өнгө үзэмж, загвар хийцтэй хүүхдийн бүх мэдрэхүйг оролцуулсан сайн бүтээл болжээ. Хүүхдийн боловсролд зориулж ийм том төслийг амжилттай хэрэгжүүлж буй уран бүтээлчид, мэргэжилтнүүд, багш нарт талархаж байна.

зураг
 

-Аавуудыг “Цахим аялал”-д уримаар санагдав уу?

 -Цахим хичээлээр дамжуулан гэрийн даалгавар хийлгэх, хичээл давтуулахад аавуудын оролцоог нэмэгдүүлэх боломжтой санагдсан. Аавууд цахим тоглоом, ажлын шаардлага зэргээр утас, компьютертой их харьцдаг тал бий шүү дээ. Тиймээс “За охинтойгоо дүрслэх урлагийг хийгээд үз дээ” гээд татан оролцуулж, хүүхэдтэй хамт суулгахад татгалзахааргүй юм байна гэдгийг анзаарсан. Хөдөлгөөнт дүрс, дуу оруулалт, зураглал ихтэй учир хүүхэд гэлтгүй том хүн ч үзэхэд сонирхолтой.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Та “Цахим аялал” интерактив контентыг үзэхийг хүсвэл www.medle.mn сайтаас 229 хичээлийг казах, тува болон дохионы хэлний орчуулгатай, үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой.

Энэхүү төсөл нь Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

This project is being implemented with the support of the Ministry of Education, the General Authority for Education, and UNICEF Mongolia with the funding support of Maßvoll Stiftung, under the aegis of the Fondation de Luxembourg.