Уншиж байна ...

Ерөнхийлөгч асан Обама харь гарагийнхан байдагт итгэдэг ч тэдний дэлхийд ирсэн тухай баримт АНУ-д байдгийг няцаав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр нэг подкаст нэвтрүүлэгт оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама харь гарагийнхан дэлхийд ирснийг батлах баримт Невадагийн “51 дүгээр бүс”-д байдаггүйг баталжээ.

Түүний энэ яриа олон хүний анхаарлыг татсан тул сүүлд сошиал хуудсандаа харь гарагийнхны талаар ямар үзэл бодолтой байдаг талаараа нэмж тодруулахад хүрсэн байна.

YouTube подкастын хөтлөгч Брайан Тайлер Коэн “Та ерөнхийлөгч болсныхоо дараа хамгийн түрүүнд ямар асуултад хариулмаар санагдсан бэ?” гэж асуухад Обама “Харь гарагийнхан хаана байна вэ?” гэж хариулаад инээсэн юм.

Лас Вегас хотоос баруун хойд зүгт 144 км орчим зайд оршдог “51 дүгээр бүс” нь засгийн газрын харьяа үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц байгууламж юм. Энд дэлхийд ирсэн харь гарагийнхан болон тэдний UFO буюу хөлгийн үлдэгдлийг хадгалдаг гэсэн цуурхал, хуйвалдааны онол олон жилийн өмнөөс хүмүүсийн дунд яригдсаар ирсэн.

Үнэндээ 1955 онд энэ газрыг U-2 тагнуулын нисэх онгоцыг турших зорилгоор байгуулж байсан гэдэг. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа 2013 онд дээрх туршилттай холбоотой бичиг баримтууд нууцын зэрэглэлээс гарах хүртэл ийм газар байдаг талаар олон нийтэд ямар ч мэдээлэл өгдөггүй байжээ.

“Тэнд ямар ч тийм зүйл хадгалагддаггүй, газар доорх байгууламж байдаггүй. Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчөөс нуудаг асар том хуйвалдаан л биш бол тийм зүйл байхгүй” гэж Обама “51 дүгээр бүс”-ийн талаар ярьсан байна.

Сүүлд Ням гарагийн орой тэр Инстаграм хуудсандаа “Би сэдвээс хазайхгүйг хичээж байсан ч нэгэнт хүмүүсийн анхаарлыг татсан тул нэмж тодруулмаар байна. Статистикийн хувьд орчлон ертөнц маш өргөн уудам тул хаа нэгтээ амьдрал байх магадлал өндөр. Гэхдээ нарны аймгууд хоорондын зай асар хол тул харь гарагийнхан бидэн дээр зочилж ирэх магадлал бага бөгөөд би ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх хугацаандаа харь гарагийнхан бидэнтэй холбоо барьж байсан гэх ямар ч нотолгоо хараагүй. Үнэн шүү!” гэж бичжээ.

Гэхдээ Обамагийн мэдэгдэл харь гарагийнхны тухай домогт итгэгчдийн үзэл бодолд төдийлөн нөлөөлөхгүй байх магадлалтай юм.

2019 онд Калифорни мужийн иргэн Мэтти Робертс “51 дүгээр бүс”-д хүчээр дайран орж, тэнд нууцалж байгаа баримтуудыг үзэх “Storm Area 51” нэртэй хөдөлгөөнийг сошиал орчинд санаачлахад хоёр сая гаруй хүн нэгдэж байв.

Гэхдээ энэ нь наргиа төдий зүйл байсан тул 51 дүгээр бүсийн ойролцоох сууринд дөрвөн өдөр үргэлжилсэн Alienstock нэртэй хөгжмийн наадам болж хувирсан юм.

Энэ үеэр Ipsos байгууллага санал асуулга зохион байгуулахад америкчуудын дөрөвний нэг нь 51 дүгээр бүсэд ямар нэг нууц хадгалагдаж байгаад итгэдэг, талаас арай илүү хувь нь харь гарагийнхан оршин байдагт үнэмшдэг хэмээн хариулж байжээ.

 

Эх сурвалж: BBC