УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн "Эрүүгийн хуультай холбоотой асуудлыг нарийн нягтлах хэрэгтэй. Айраг уучхаад жолоо баривал ял авчих гээд байна гэх яриа гарч байна. Хоёрдугаарт тээврийн хэрэгсэл гэдэгт моторт унадаг дугуйнууд орох уу. Айраг уучихсан энэ дугуйг унаж яваад хүн мөргөчихвөл яах вэ. Тодруулж өгнө үү" хэмээх асуултыг тавив.
Асуултад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариулт өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол одоогийн Зөрчлийн хуулиар хариуцлага оногдуулж байгаа.
Засгийн газраас өргөн барьсан хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас, эд хөрөнгө хохироох зөрчил буурахгүй байна гэж үзээд чангатгаж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил, гэмт хэрэг гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулахаар өргөн барьсан хуульд орж ирсэн юм.
Байнгын хороо, Ажлын хэсгээр энэ асуудлыг яриад, хэт чангаруулсан байгаа тул эхний удаа зөрчил гаргасан тохиолдолд эрхийг нь 6 сараас нэг жилийн хугацаатай хасах, торгох торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн. Харин хоёр дахь удаагаа зөрчил гаргавал Эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулна.
Түүнчлэн айраг ууж согтсон байна уу, архи ууж согтсон байна уу хамаагүй согтуурсан гэж үзнэ. Үүнийг ялгах боломжгүй. Айраг уучхаад тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил гаргасан болохоор ялын бодлогоос хөнгөлөгдөнө гэсэн зүйл байхгүй.
Промил нь олон улсын стандартаар тогтоосон хэм хэмжээ тул хуульд уг стандартын дагуу оруулж өгсөн” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Хосбаяр “Тээврийн хэрэгсэл гэж хүн, ачаа ачих тоног төхөөрөмж суурилагдсан замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг хэлж байгаа.
Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуульд механикжсан тээврийн хэрэгсэл гэдэгт тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!