ChatGPT хиймэл оюунт чатботын мэдлэгийн сан удахгүй шинэчлэгдэх гэж байгаа ажээ.
Тус платформыг эзэмшигч OpenAI компанийн анхны хөгжүүлэгчдийн чуулган дээр Даваа гарагт гүйцэтгэх захирал Сэм Олтмэн энэ тухай мэдээлсэн байна.
2022 оны арваннэгдүгээр сард зах зээлд нэвтэрсэн ChatGPT-ийн мэдлэгийн сан 2021 оны есдүгээр сарыг хүртэлх мэдээллээр хязгаарлагддаг ажээ.
Өөрөөр хэлбэл тэр сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд болсон үйл явдлын талаар асуултад хариулах чадваргүй байгаа.
Харин удахгүй 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацааны мэдээллээр шинэчлэгдэх болсон байна.
“ChatGPT-ийн хорвоо ертөнцийн талаар мэдлэг 2021 онд дуусаж байсан нь та бүхнийг бухимдуулж байсан. Бид цаашдаа дахин хоцроохгүй байх тал дээр хичээн ажиллах болно” гэж Сэм Олтмэн илтгэлийнхээ үеэр хэлжээ.
Гэхдээ мэдээллийн шинэчлэлт уг чатботын хамгийн сүүлийн хүчирхэг хувилбар болох GPT-4 Turbo хэлний загварын төлбөртэй хэрэглэгчдэд зөвхөн нэвтрэх юм байна.
Үүнээс гадна шинэчлэгдсэн GPT-4 Turbo хувилбар 300 хүртэл хуудас буюу стандарт номын хэмжээтэй агуулгаас хамгийн оновчтой хариулт боловсруулах өндөр хүчин чадалтай болж байгаа ажээ.
Бас зураг таних, тодорхой хэлнүүд дээр код бичих зэрэг ур чадваруудтай болсон байна.
GPT-4 Turbo хэрэглэгчид мөн тодорхой нэг чиглэлээр дагнасан дэд чатбот өөрөө зохиож, үүсгэх боломжтой болжээ.
Туршилтын хувилбар өнөөдрөөс эхлэн бүх төлбөртэй хэрэглэгчдэд нээгдэх бөгөөд ойрын өдрүүдэд эцсийн байдлаар нэвтрэх гэнэ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!