Процессын дахин инженерчлэлийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өгөв.
"Иргэн нэгээс илүү төрийн албан хаагчийг дамжихгүйгээр хүссэн үйлчилгээгээ авдаг болгохоор процессын дахин инженерчлэлийг хийсэн. Процессын дахин инженерчлэлийг хийхдээ иргэн, төрийн албан хаагч хоёр харилцан сэтгэл ханамжтай байх зэрэг зарчмыг баримталсан.
Эдгээр бодит байдлыг бий болгохоор ХНХЯ түүний харьяа НДЕГ, ХХҮЕГ-ын 211 төрлийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийсэн.
Иргэдийг хамгийн их бухимдуулдаг, чирэгдэл гаргадаг тухай 1111 төвд ирсэн гомдлуудын дагуу хийсэн.
НДЕГ, ХХҮЕГ-ын салбарын 211 төрлийн үйлчилгээнд 1,999 эрсдэл байна. Төрийн үйлчилгээ үзүүлэхэд олон шат дамжлагатай, хүнд суртлын улмаас иргэд бухимдаж байна гэсэн үг.
Нийслэлийн есөн дүүрэг дээр иргэн төрийн үйлчилгээ авахад 23,000-34,000 төгрөгийн, орон нутагт 54,000-108,000 төгрөгийн зардал гаргаж байж тэтгэврээ тогтоолгох, ажилгүйдлийн тэтгэмжээ авч байна. Орон нутагт өндөр төлбөртэй байгаа нь харьяалал харгалзах, харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой.
Монгол Улсад төрийн үйлчилгээ үзүүлж буй 42 агентлаг байдгаас НДЕГ, ХХҮЕГ харьяалал харгалзаж үйлчилгээ үзүүлдэг. Энэ байдлыг хална. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн иргэн Улаанбаатарт оршин сууж байгаад харьяаллаараа НДЕГ, ХХҮЕГ-аас үйлчилгээ авч чаддаггүй байдлыг халж байгаа юм.
Иргэд хүссэн цэгээс нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авахаар болж байна.
Халамж, тэтгэмж, дэмжлэгийг хууль эрх зүйн орчинд тодорхой болгох шаардлагатай байгаа. Жишээ нь одоо Алдарт эхийн одон нь халамж биш гэр бүл, хүн амыг дэмжих дэмжлэг боловч халамждаа ордог. Ахмад настны хишиг нь халамж биш дэмжлэг боловч халамжийн жагсаалтад орсон байгаа юм.
46 төрлийн халамжаас 22-ыг нь халамж мөн бишийг тодорхой болгохоор гаргасан.
1111 төвд ирсэн гомдлоос харахад нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ хүнд сурталтай, удаан гэсэн гомдол 73.8 хувийг эзэлж байна.
Харин хөдөлмөр халамжийн байгууллагын хувьд сэтгэл ханамжид хүрсэн үйлчилгээг үзүүлэхгүй байна гэсэн гомдол 68.1 хувь.
Эдгээр гомдлыг байхгүй болгож, процессын дахин инженерчлэлийн судалгаа гарч байна.
Цахимжилт эрчимтэй явагдаж байгаа боловч нийгмийн даатгалын 96 үйлчилгээний 70%, халамжийн 72 үйлчилгээний 68% нь иргэдээс цаасан баримт шаардсаар байна. Жишээлбэл тэтгэвэр тогтоолгох болон тэтгэмж авахад иргэн өргөдөл, оршин байгаа газрын тодорхойлолт, цээж зургаа өгч байна. Эдгээрийг халсан байх атал иргэдээс авсаар л байна. Процессын дахин инженерчлэлээр энэ шаардлагыг байхгүй болгож, зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд эдгээр үйлчилгээг авдаг болно.
Нийгмийн даатгал болон хөдөлмөр халамжийн үйлчилгээнээс эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын хурал иргэдийн хамгийн их бухимдуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд эмчид үзүүлж, групп тогтоох эмчийн шийдвэр гарчхаад байхад эмч бус мэргэжилтэй иргэд комиссын хуралд дуудаж заавал байлцуулдаг. Үүнд өөрчлөлт орж байгаа.
Групп тогтоосон эмч өөрөө л хариуцлагаа хүлээдэг болно. Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын хурал хоёр удаа болдгийг нэг болгож байгаа. Эмч өөрөө уг хуралд оролцоно, иргэн биечлэн оролцох шаардлагагүй. Гэхдээ групп тогтоолгох иргэн заавал эмчдээ үзүүлнэ.
Групп тогтоолгосон иргэн уг хуралд оролцохын тулд 1,180 км туулаад хоёр сая хүртэлх төгрөгийн зардал гаргаад 14 хоног зарцуулж байж хоёрхон минут болох хуралд оролцоод гардаг байна. Групп тогтоох хуралд эмч оролцоод шийдвэр гарч, тухайн иргэний тэтгэмж дансанд нь орно. Иргэн заавал групп тогтоох хуралд оролцох шаардлагагүй болно гэсэн үг.
Богино хугацаандаа нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын үйлчилгээг хоёр газар очихгүйгээр нэг л нийгмийн хамгааллын төвөөс авдаг болгоно" хэмээн тайлбарлалаа.
Товчхондоо "Төрийн системд байгаа мэдээллийг цаасаар дахин иргэдээс шаардахгүй, төрийн үйлчилгээний байгууллагаас баримт бүрдүүлэх 36 шат дамжлага байсныг зургаа болгож байна. Иргэн хоёроос илүү удаа төрийн байгууллагад ирэхгүйгээр үйлчилгээ авдаг болно" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!