Америкийн поп дуучин Тэйлор Свифт тэрбумтны эгнээнд дэвшсэнийг Блүүмбэрг агентлаг өчигдөр мэдээлжээ.
Тус агентлагаас хөтөлдөг “Bloomberg Billionaires Index” жагсаалтад дуучин бүсгүй $1.1 тэрбумын хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн байна.
Энэ түвшинд хүрэхэд Свифтийн саяхан зохион байгуулсан “Eras Tour” аялан тоглолт нөлөөлжээ.
Уг аялан тоглолт нь эзнээ тэрбумтан болгоод зогсоогүй энэ зун АНУ-ын эдийн засгийг сэргээсэн гэж судлаачид үздэг.
Тэйлор Свифтийг зөвхөн хөгжим, уран бүтээлийн орлогоороо тэрбумтан болсон энтертайнмент салбарын цөөхөн хүмүүсийн нэг гэж Блүүмбэрг онцолжээ.
“Тэйлор Свифтийн Eras аялан тоглолт нь энтертайнмент эдийн засгийн сурах бичгийг шинээр бичсэн үйл явдал байлаа. Тэр зүгээр нэг уран бүтээлч биш, тэр бол эдийн засгийн үзэгдэл юм” гэж SeatGeek зах зээлийн судалгааны компанийн захирал Крис Лэйден ярьж байв.
Свифтийн аялан тоглолт зөвхөн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дүүргээд зогсолгүй кино театруудыг дүүргээд байгаа.
“Taylor Swift: The Eras Tour” нэртэй аялан тоглолтын тухай баримтат кино энэ сарын дундуур нээлтээ хийсэн нь эхний долоо хоногтоо Умард Америкийн зах зээлээс $96 саяыг олоод байна.
Түүний аялан тоглолтын хаалтын зургаан оройн тоглолт Лос-Анжелес хотын эдийн засагт $320 саяын нөлөө үзүүлсэн тооцоо бий.
Сиэтл хотод болсон тоглолтынх нь үеэр үзэгчдийн үсрэлт 2.3 магнитудын хүчтэй чичиргээ үүсгэснийг газар хөдлөлтийг бүртгэх станц мэдээлж байлаа.
Хөгжмийн уран бүтээлчдээс хамгийн сүүлд Рианна 2021 онд тэрбумтан болж байв. Гэхдээ тэр дан ганц уран бүтээлийн орлого бус, гоо сайхан, дотуур хувцасны бизнесээсээ олсон орлогоор тэрбумтан болсон юм. 2017 онд тэрбумтан болсон Jay Z, Beyonce нар ч бас хөгжмөөс гадуур олон төрлийн бизнес эрхэлдэг байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!