Пакистаны эрх баригчид тус улсад орогнож буй Афганистаны 1.7 сая хууль бус цагаачийг энэ сард багтаан нутаг дэвсгэрээсээ албадан гаргах болсныг өчигдөр зарлалаа.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хил дагуу зэвсэгт мөргөлдөөн нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.
Исламабадын эрх баригчид Афганистанд үүрлэсэн зэвсэгт бүлгүүдийг нутаг дэвсгэрт нь гарсан халдлагуудад буруутгадаг. Өнгөрсөн долоо хоногт Афганистаны хилийн ойролцоо оршдог Мастун хотын сүмд дэлбэрэлт болоход 50 орчим хүн амь үрэгдсэн юм.
Афганистаны засгийн эрхэнд байгаа Талибаны дэглэм шийдвэрээ дахин нягталж үзэхийг Пакистаны талд уриалсан байна.
Пакистан улс нь олон арван жилийн турш хөрш Афганистаны дүрвэгчдийг хүлээн авч байсан юм. 2021 онд Талибанчууд засгийн эрхийг авснаас хойш дүрвэгчдийн урсгал улам нэмэгдсэн байна.
НҮБ-ын гаргасан тоо баримтаар бол одоо Пакистанд бүртгэлтэй 1.3 сая Афганистаны дүрвэгч байдаг. Үүнээс гадна 880,000 орчим афган хүн хууль ёсны эрхтэйгээр оршин суудаг ажээ.
Тэгвэл эдгээрээс гадна дахиад 1.7 сая хүн ямар ч бүртгэлгүй, хууль бусаар Пакистанд орогнож байгааг Мягмар гарагт тус улсын дотоод хэргийн сайд Сарфраз Бугти мэдээлжээ.
Эдгээр хүмүүсийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө Пакистаны нутаг дэвсгэрээс албадан гаргахаар болсон байна.
“Хэрвээ сайн дураараа явахгүй бол орон нутгийн болон холбооны засгийн газрын бүх хууль сахиулах байгууллагуудыг албадан гаргах ажиллагаанд дайчлах болно” гэж сайд мэдэгджээ.
Энэ оны нэгдүгээр сараас хойш Пакистаны хил дагуу 24 удаа амиа золиослогч бөмбөг дэлбэлсний талаас илүү нь Афганистанд үүрлэсэн зэвсэгт бүлгүүдтэй холбоотой болохыг Бугти сайд мэдэгдэлдээ дурдсан юм.
Ирэх сарын нэгнээс эхлэн Пакистанд ирэх Афганистаны иргэдэд виз, гадаад паспорттой байх шаардлага тавигдах гэнэ.
Одоогоор афганчууд зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ Пакистаны хилээр нэвтрэх боломжтой байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|