Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдээд буй.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна.
Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" байсан.
Урьдчилсан байдлаар найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь "Нэг нэгнийхээ нүд рүү хатгаваа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй үзүүртэй эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй"-г хэлсэн, өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн гэх ба ямар нэгэн буруу санаа бодол байхгүй. Тэгээд яваад өгсөн үйлдэл болох нь тогтоогдлоо. Хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.
Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна" хэмээн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!