Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбат: Оны эхнээс жигд гаргаад явбал ирэх жил 60 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгажээ.

Энэ тоог ямар тооцоололд тулгуурлан гаргасныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй Ж.Ганбатаас тодрууллаа. 

- Ирэх онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгажээ. Энэ хэр бодитой тоо вэ, тулгуурлан гаргасан үндэслэл юу вэ?

- Энэ оны төсвийн тодотголоор 50 сая тонн нүүрс экспортлохоор баталсан. Одоогийн байдлаар Монгол Улс 46.7 сая тонн нүүрсийг хилээрээ гаргаад байна. 3.3 сая тонн нүүрс гаргахад зорилтоо биелүүлнэ.

Мөн 11-12 дугаар сард 10 орчим сая тонн нүүрс гаргах боломжтой. Үүнийг нэмээд тооцвол энэ онд 55 сая тоннд хүрэх боломжтой гэж үзэж байгаа. Энэхүү тоонд үндэслэн ирэх онд 60 сая тонн нүүрс гаргах боломжтой гэж тооцоод байна. Оны эхнээс жигд гаргаад явбал 60 сая тонныг экспортлох бүрэн боломжтой.

Энэ оны эхний хэдэн сард Шивээхүрэн болон бусад боомтод нүүрсний экспорт тийм ч хангалттай байгаагүй. Одоогийн байгаа дэд бүтэц, боомтуудын нэвтрэх чадварын хүрээнд 60 сая тонн гаргах бүрэн боломжтой.

- "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ онд хэдэн тонн нүүрс экспортод гаргаад байна вэ?

- "Эрдэнэс Тавантолгой" ХК 30 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 сая тонн нүүрс гаргасны зургаан сая тонныг нь бирж дээр арилжсан. 30 сая тонн нүүрс гаргах зорилтоо биелүүлнэ. Ирэх онд мөн үүнийгээ хадгалж, 30 сая тонн нүүрс экспортолно гэж зорьж байна.

- Баяжуулах үйлдвэрийн явц ямар байгаа бол?

- Ирэх оны тавдугаар ашиглалтад орно. Ашиглалтад орсноос хойш туршилт, тохируулга хийгдээд хэвийн үйл ажиллагаа нь жигдэртэл жил орчмын хугацаа шаардах юм. Нүүрсээ хүргэх туузан дамжуурга байгуулах сонгон шалгаруулалтаа зарлах гэж байна. 

- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дотоод үйл ажиллагаа хэр жигдэрсэн бэ?

- Онцгой дэглэмийн хугацаа аравдугаар сард дуусна. Дотоод зохион байгуулалтаа аль болох ил тод болголоо, одоо биржийн үйл ажиллагаа тогтворжиж байна. Олон улсын аудит орчихсон. Цаашид одоогийн эрчээ алдагдахгүйгээр явах нь чухал байгаа. 

- Ажилтнуудын цалин, нийгмийн хангамж баталгаанд хэр анхаарсныг тодруулъя?

- Өнгөрсөн жил онцгой дэглэмийн хугацаанд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүргээ биелүүлсэн тул оны сүүлд цалингаа нэмсэн. Энэ онд мөн бүтэн жилийн ажлаа хагас жилд гүйцэтгэсэн гээд хүмүүсээ гурван сарын цалингаар урамшуулсан. Би уурхайчдынхаа эрх ашгийг нэгдүгээрт бодож байгаа.