Эдийн засгийн байнгын хороо "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Удахгүй УИХ-аар төсөв хэлэлцэнэ. Иймд урьдчилан төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэхээр оруулж ирж байна.
Одоогийн байдлаар ажлын байр бараг царцанги байдалтай явна. Тодруулбал ажиллах хүчний түвшин буурсан эсвэл өссөн үзүүлэлтгүй 57.9 хувьтай хэвээр байгаа юм.
Монголбанкны төрөөс баримтлах мөнгөний бодлого төсөвтэй уялдаж, ажлын байрыг илүү дэмжих нь бизнес, өрхийн орлого өсөх үндэс болж өгдөг.
Монголбанкнаас бодлогоо зоригтой хэрэгжүүлж, УИХ-д төсөвтэйгөө уялдуулах нь чухал байна" хэмээв.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний хатуу бодлоготой байгаа. Ийм учраас эдийн засгийг хүчтэй тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж чадах мөнгөний бодлого явуулж чадахгүй байгаа.
Нэгдүгээрт инфляц өндөр байна. Монголбанк инфляцыг зорилтот түвшинд оруулах үндсэн зорилготой байгаа. Инфляцын 10 хувийг эргээд зургаан хувь руу оруулахын тулд цаашдаа мөнгөний хатуу бодлого үргэлжлэх зайлшгүй шаардлагатай байна гэсэн үг.
Шууд мөнгөний бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрт зориулсан зээл гаргах боломжгүй байна" хэмээн хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!