Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл тойрсон авлигыг ил болгож, хариуцлага тооцох ёстой"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын намрын чуулган өнөөдөр эхэлж байна.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байна.

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн хуралдаан 52 гишүүн буюу 71.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын отгон намрын чуулган эхэлж байна. Нийгмийн бухимдал өндөр, сонгуулийн идэвхжил ихэссэн, иргэдийн хүлээлт ихсэж, намрын их ажил ундарсан, өвөлжилтийн бэлтгэл хангагдах өндөр хэмнэлтэй цаг үед энэ чуулган эхэлж байна.

Монголын улс төр уламжлал, шинэчлэлтийг зааг үеэ туулж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, улс төрийн намын шинэ хууль, улс төрийн цоо шинэ уур амьсгал, итгэл хүлээлт дор монгол хүн бүр ирээдүйдээ итгэл тавин хүлээж байна. Үндсэн хуулийн нэмэлт бүрэн цогц хэрэгжих учиртай, бүрэн цогцоор нь амилуулах учиртай. Олон хууль цаасан дээр үлдэх төдий байна.

Хуучинсаг, хөшүүн, хаалттай, нууцтай дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтгэн шаардаж байна.

Ардчиллын манлайлагч С.Зоригийн "Монгол хүний саруул ухаанд би итгэдэг" гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд ард түмнийхээ чин хүсэл эрмэлзлийг мэдэрч ажилладаг байх ёстой.

УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулийг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой" хэмээв.

Нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон намын бүлгүүд хуралдана.

ШУУД:
https://fb.watch/npTBQZjcQm/