Монголд оруулж ирсэн Daewoo үйлдвэрийн 80 автобустай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөв.
Тэрбээр "Юуны өмнө Монголын ард түмэн болон Улаанбаатар хотын иргэдээс уучлалт хүсэж байна.
Автобусны асуудалд улс төр орж, төслийг унагаах гэсэн мэдээлэл зөндөө явлаа. "Тэнүүн Огоо" компани нийтийн тээврийн салбарт 22 жил ажиллахдаа нэг ширхэг ч улсын тендерт орж үзээгүй.
Монгол Улсын Засгийн газраас оператор компанийн инженерүүдийнхээ үгийг сонсъё гэж үзээд энэ удаагийн тендерт ялсан. Олон улсын стандартыг нийтийн тээвэрт яаж оруулах чиглэлд манай хамт олон зүтгэж яваа.
Бид "Daewoo" автобусыг түүхэн автобус учраас үйлдвэрлэгчээр сонгосон.
Миний хажууд сууж байгаа Ким захирал 2009 онд Монгол Улсын Засгийн газраас худалдан авсан 400 автобусыг оруулж ирэхэд хамтран ажиллаж байсан. Одоо "Zyle Мotors"-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
Манайх захиалагч байгууллага учраас үйлдвэрийн алдаануудыг Солонгосын талаас өөрсдөө ярих байх.
Жишээлбэл ямар нэгэн гэмтэлтэй Benz машин авлаа гэхэд буцаагаад татдаг шүү дээ. Үүний адилаар "Шаардлага хангаагүй автобуснуудыг буцааж тат" гэдэг шаардлагаа тавьсан гэсэн үг.
Энэ талаар Daewoo bus компанийнхан тодорхой ярих байх" хэмээв.
Мөн тэрбээр "Өчигдөр Сүхбаатар талбай дээр автобуснуудыг нийтэд танилцуулсан. Энэ үеэр хувийн хэвшлийн 17 компанийн захирал, жолооч нар бүгд ирсэн.
Урд хөршийн автобусыг сайн мэдэхгүй, дээрээс нь сэлбэг хэрэгсэл олддоггүй учраас манай холбооныхон, ААН-үүд ярилцсан. Улмаар бүх ААН дуу нэгтэй "Hyundai" брэндийн автобус авъя гэсэн ч нэг бүрийн үнэ нь 520 гаруй сая төгрөг болсон.
Харин "Daewoo" автобусыг нийлүүлэгч талаас зах зээлийн үнээс 30 хувиар хямдруулж өгөхөөр болсон юм.
Манайхан 400 сая гэж яриад байна. Автобусны нэг бүрийн үнэ 336 сая төгрөг бөгөөд дахиад тээврийн зардлыг даасан. Тээврийн зардал нь 9,800 ам.доллар болж байсан.
Вьетнамаас Монголын Замын-Үүд хүртэл явуулж өгөх тээврийн зардал зэргийг тооцвол бараг 86-87 мянган ам.доллар. Яг брэндийн автобус мөн гэдэгт эргэлзэж буй нэг ч ААН, иргэн алга" гэв.
Үргэлжлүүлэн "Хэтэрхий улс төрийн тоглолт хийж байна. Миний бодлоор нийтийн тээврийн салбар ингэж улс төржих салбар биш. Оруулж ирсэн автобуснуудын үйлдвэрийн алдааг зуун хувь зөвшөөрч байна. Үүнийг үйлдвэртэйгээ хатуу ярина. Иймээс ч тат гэдэг шаардлагыг тавьсан.
Өчигдөр та бүхэн автобусанд сууж үзсэн байх. Таван паар, албадан халаагч зэрэг 14 төрөл дээр сайжруулалт хийсэн. Яг үнэндээ далдын замаасаа үйлдвэрлэлийн талаас будаг зэргийг үзэж, шалгаагүйдээ санаа зовлоо.
Сүүлийн үед ажил хийж байгаа хүмүүс рүү дайрдаг үзэгдэл гарч.
2015, 2016 онд Ардчилсан Намынхан 134 мянган ам.доллароор “Монголд үйлдвэрлэв” гээд 20 ширхэг автобус үйлдвэрлэж байсан. Өнөөдрийн цэнхэр мааз автобусыг 280 мянган ам.доллароор авч байсан. Гэтэл 14 нь зогссон, үлдсэн тав, зургаахан цэнхэр автобус үйлчилгээнд явж байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэл болгон дээр мэргэжлийн хүн сонгоогүй, дандаа янз янзын өндөр үнэтэй автобус авсан.
Хятад эсвэл хаа нэгтээгээс чанарыг нь мэдэхгүй автобус авч байхаар чанарыг нь мэддэг автобус аваад эргээд төлбөрийг нь төлье гэж бодсон. Бидний гол байр суурь ийм байсан ч үйлдвэрээс хурдалж, яарснаар алдаа гаргалаа.
Үйлдвэрээс ажлаа шахаж, алдаа гаргасан байж магадгүй учраас "Daewoo" хариуцлагаа хүлээнэ биз" хэмээн байр сууриа хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
72 СЭТГЭГДЭЛТЭЙ
|