“Шинэ сэргэлт: Ахмадын оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Уг чуулган нь шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилготой.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “21 аймгаа тойрч ажиллаад ирлээ. Цар тахлын дараах томоохон хэмжээний уулзалт учраас иргэдийнхээ санал хүсэлтийг бүгдийг нь сонслоо. Зарим аймагт иргэдийн уулзалт 8-9 цаг үргэлжилсэн.
Есдүгээр сарын 2-29 хүртэл 15,000 орчим иргэнтэй уулзсан байна. Аймгийн иргэдээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хаягласан 100 гаруй өргөдөл, хүсэлт, санал ирж баталгаажсан. Нийтдээ 3,800 орчим иргэн саналаа илэрхийлжээ. Ахмадуудтайгаа ч уулзлаа. УИХ-ын намрын чуулганаар ахмад настны эрх зүйн орчинтой холбоотой томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Ахмадын баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан, манай улс 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Ахмадын баяр болгон тэмдэглэж байна.
Монгол Улсад 364,6 мянган ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10.5 хувь юм.
Хүн хөгжлийн төвтэй, үнэт зүйл нэгдмэл байхын тулд иргэдийнхээ, салбар бүрийн төлөөллийн үгийг сонсох шаардлагатай болжээ. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал. Энэ бүхнийг “Алсын хараа–2050” бодлогын баримт бичигт тусгасан.
Манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, цахим засаглал сайжирч байгаа зэргийг Ерөнхий сайд ахмадуудад танилцуулав.
Мөн тэрбээр "Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын өргөн, нарийн царигаа тохирч, олон улсын ачаа тээвэр Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж бүрдсэн. Ирэх онд эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болж, боомтууд сэргэж байна.
Засгийн газраас Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Ахмадуудын ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх болон хувиараа аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд энэ хөтөлбөр чиглэжээ.
Хөтөлбөрт өнгөрсөн онд 2,250 ахмад мэргэжилтэн хамрагдаж, 5.4 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулж, 2,236 ажлын байр бий болжээ. Харин энэ оны эхний найман сарын байдлаар 1,422 ахмад мэргэжилтэн хамрагдаж 4.3 тэрбум төгрөг зарцуулаад байна" гэлээ.
Ерөнхий сайд ахмад настны хөгжлийн эрх зүйн орчны судалгаа хийх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэж өгөхөө “Ахмадын оролцоо” чуулганы үеэр мэдэгдлээ.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!