Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын хэрэгт сэжиглэгдсэн АНУ-ын Сенатын гишүүн яллагдагчаар татагдлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Роберт Менендез эхнэрийн хамт

Мөрдөгчид гэрээс нь $100,000-ын үнэ бүхий алтан гулдмай, $480,000-тай тэнцэх бэлэн мөнгө илрүүлсний дараа Нью-Жэрси мужийг төлөөлөн Ардчилсан Намаас сонгогдсон АНУ-ын сенатор Роберт Менендезийг эхнэрийнх нь хамт яллагдагчаар татсанаа холбооны прокурорын газар өчигдөр мэдээлжээ.

69 настай сенаторын холбогдсон гэмт хэргийн мөрөөр сүүлийн зургаан жил ажилласан прокурорууд ийнхүү эцэст нь түүнийг яллагдагчаар татаж байна.

Өмнө нь Менендез бас төрийн албан хаагчдын шийдвэрт нөлөөлснийхөө төлөө бусдаас үнэтэй бэлэг сэлт авсан хэрэгт татагдаж байсан юм.

Ингэснээрээ тэр сенатын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа хоорондоо холбоогүй хоёр өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан анхны хүн болж АНУ-ын түүхэнд бичигдэж байна.

Менендез нь ирэх оны сонгуульд дахин өрсөлдөж, 30 орчим жил үргэлжилсэн төрийн албан хаагчийн замналаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

зураг
 

Эхний удаа тэр өөрийнхөө найз, сонгуулийн хандивлагч, Флорида мужийн нүдний эмчийн бизнест дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад нөлөөлсөн хэрэгт яллагдагчаар татагдаж байжээ. Үүнийхээ төлөө тэр бэлэг сэлт авч, эмчийн хувийн нисэх онгоцоор Доминикан аралд аялж, Парист амарч байсан байна. Үүнийг Менендез авлига биш, олон жилийн найз нөхөрлөлийн илэрхийлэл гэж тайлбарлаж байв. Энэ хэргийг шүүх 2017 онд хэрэгсэхгүй болгож байжээ.

Харин энэ удаа тэр эхнэрийнхээ найз Нью-Жерсигийн бизнесмэнд Египетийн засгийн газраас махны импортын онцгой эрх авч өгснийхөө хариуд авлига авсан хэмээн сэжиглэгдсэн байна.

Кубын цагаачийн хүү Менендез 1986 онд Нью-Жерси мужийн Юнион Сити хотын захирагчаар сонгогдсоноор улс төрийн замналаа эхэлж байжээ.

Улмаар 14 жил АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр ажиллаж, 2006 онд сенатын гишүүн болсон байна.

АНУ-ын түүхэнд нийтдээ 13 сенатор гэмт хэргийн яллагдагчаар татагдаж байжээ.

Тэдгээрийн зургаа нь шүүхээс ял сонсож, шийтгэл хүлээснийг Сенатын Архивын Албанаас гаргасан баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Associated Press